"Рио Тинто"-той яг яаж тохирсныг мэдэж байж баясах гунихаа шийдэее
Оюутолгойн ордын далд уурхайн хөрөнгө оруулалт нааштай шийдэгдэж, хэлэлцээр гацаанаас гарсан тухай ид шуугиж байна. Энэ бол Монгол хүн бүхний баярлах сайн мэдээ мөн.
Тэгсэн хэдий ч үүний цаана Оюутолгойн ордын гэрээг гацаанд оруулж түүнээс шалтгаалан Монгол улсад орж ирэх хөрөнгө оруулалт зогсож, эдийн засаг хямарсан том асуудлаар хэнд хариуцлага тооцох вэ гэдэг асуудал тавигдаж байна.
Уул уурхайн яамныхан Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтыг гацаанаас гаргалаа хэмээн мэдээлж эхэллээ. Тэд ингэхдээ татварын байгууллагаас тогтоосон 130 сая ам.долларын торгуулийг 30 сая болгож өгөөд оронд нь хөрөнгө оруулалтын гэрээг шуурхайлуулахаар болголоо гэж байна. Энэ 100 сая ам.доллар бол олон тэрбумын дэргэд өчүүхэн мөнгө.
Гэхдээ манайх татвартаа 100-г авалгүй, 4 тэрбумыг Монголын банкаар оруулж ирэх боллоо хэмээн хөөрцөглөх. Одоо л валютын ханш бууна даа ч гэх шиг. Хөрөнгө оруулалт орж ирвэл буурч л таарах байх. Гэвч нэгэнт нэмэгдсэн бараа бүтээгдэхүүн, барилга орон сууцны үнэ буцаад буурч сайхан болох уу. Монголын эдийн засгийг хямраасан гэм буруутнууд хариуцлага хүлээх үү.
Үнэн хэрэг дээрээ анх 4.1 тэрбумын хөрөнгө оруулалтаар Оюутолгойг бүрэн ашиглана гэчихээд зөвхөн ил уурхайд 4 тэрбумыг зарчихсан. Одоо далд уурхайд дахиад 4 тэрбум. Хөрөнгө оруулалт хоёр дахин өсөж, Монгол улс өрөнд орж байгаад баярлаад бахдаад байх шаардлага байна уу.
Оюутолгойтой холбоотой үүссэн асуудал юунаас эхтэйг аваад үзэхээр манай Уул уурхайн сайд яах аргагүй холбоотой. Тэр Оюутолгойн гэрээг өмнөх Засгийн газар /2008-2012 он/ хийснээс хойш сайд болтлоо хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх ёстой гэдэг байр суурийг баримталсан.
Тэгээд сайд болмогц нь Рио Тинто болон бусад хөрөнгө оруулагчид түүнтэй болон түүний нөхөдтэй хамтран ажиллаж чадахгүй гэсэн үү хөрөнгө оруулалтаа зогсоож орхисон. Хөрөнгө оруулагчдыг ийм алхам хийхэд Д.Ганхуягийн 2012 оны 10 дугаар сарын 25-нд хийсэн мэдээлэл нэлээд үүрэг гүйцэтгэсэн. Өдөр тутмын бүх сонин сайтад уг мэдээлэл, ярилцлагууд бий.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ