Далдын хар хүч шүглэсэн газарт дандаа хүмүүс эрсддэг

Фашистын Германы Рейхийн арми Орос орон руу халдаж довтлох ёсгүй байсан агаад гагцхүү муу ёрын сүнснээс болсон гэж үзэх хүмүүс байдаг. Энэ нь явсаар Монголтой холбогддог нь сонин. 1941 оны зун буюу зургаадугаар сард Зөвлөлтийн эрдэмтдийн экспедиц Узбекийн Самаркандын нутгаас эртний баатрын булш олсон нь Тамерлан хэмээгдсэн Төмөр хааных байжээ.

Монгол гаралтай “доголон” Төмөр хааныг асар харгис, догшин хүн байсан гэх яриа бий. 1941 оны зургаадугаар сарын 19- ний шөнө Төмөр хааны булшийг задлахад Самарканд хотын өвгөд хөгшид ихэд цээрлэн сэжиглэж, “Төмөрийн булшийг битгий хөндөөч, аймаар юм болно” хэмээн гуйсан байна.

Гэвч тэдний гуйлтыг хэн ч сонсоогүй бөгөөд яг хоёр шөнийн дараа Германы цэрэг Зөвлөлтийг нутаг руу халдан дайрч дөрвөн жил үргэлжилсэн аймшигт их дайн дэгдсэн аж. Үүнийг узбекууд Төмөр хааны хараал хүрч дайн гарсан хэмээн үздэг бөгөөд энэ нь цаг хугацааны тохиолдол гэсэн дүгнэлтийг хүлээн авдаггүй гэнэ.

Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутагт Чингис хааны хэрмэн зам бий. Бас Японы эсрэг дайтахад ухаж зэхсэн цэргийн окопууд зөндөө байдаг. Тийм нэгэн окопноос эмэгтэй хүний цогцос олдсон бөгөөд хүчиндээд амийг нь хөнөөсөн гэж ярьцгаадаг ч тэр хэн байсан нь мэдэгдээгүй гэдэг юм. Яг тэр үхдэл олдсон окопны хавьд Сүхбаатар аймгийн хоёр эр тарвагачилсан байдаг. Тээврийн тэрэгтэй тэдгээр эрс зөвхөн тарвагчлах гэж тэнд очоогүй нь лав. Бэр гуйх гэж ирээгүй гэлцдэг.

Ямартаа ч жанжны нутгийн залуус байсан аж. Машины ноймор нь Сү гэхээр тодорхой. Тэд тааруухан анчид байсан уу мөнөөх окопны хажууд тарваганы нүх ухсан байдаг юм. Ус цутгалгүй зүгээр л хүрздээд, хагалаад окоп хүртэл төнхсөн байна. Гайхалтай нь, тэндээс тарвага гарсан эсэх нь мэдэгддэггүй. Ямартаа ч тэднүүс тарвага идээгүй нь тодорхой байлаа.

Хамгийн хачирхалтай нь мөнөөх хоёр гийчин хоёулаа ухсан нүхэн дээрээ дамналдаад нас барсан байхад нь хүн олжээ. Ямар шалтгаанаар үхсэн нь ч мэдэгдээгүй. Хэн нэгэнд хорлогдов уу гэхээр биен дээр нь ямар ч ил шарх, сорви байсангүй.

Хүмүүсийн ярилцсанаар тэднийг лус савдгийн хорлолд өртөв үү гэсэн байна. Яагаад гэхээр болохгүй өдөр, цагт газар хөндсөнөөс юм уу эсвэл тэр нутгийн савдгийн элч болсон тарвагачны нүхийг ухаж төнхөж, саад тээр болсноос хорлогдсон гэсэн яриа гарсан юм. Түүнээс хэдэн жилийн дараа яг тэр окопны нүхэнд малчин өвгөн мориноосоо унаад өнгөрсөн үү, гэнэт бие нь өвдөж нас барсан уу, тийм нэгэн явдал болжээ.

Гэхдээ хамгийн аймшигтай зүйл нь эдний аль нь ч биш байжээ. Хөвсгөл нутгаас дорнын тал нутагт малчин болохоор нүүж ирсэн таван ам бүлтэй айл яг мөнөөх окоп, ухсан нүхний дэргэд буудаллан хоноглоод газар дээрээ цөм өнгөрчихсөн гэх яриа бий. Тэр шөнө ямар нэг салхи шуурга бүү хэл бороо цас ороогүй, маш нам гүм сайхан тогтуун өдөр байжээ.

Харин энд нэг сонин яриа түгсэн нь сайхь шөнө галт тэргээр явсан ганцхан хүний нойр хулжсан тул цонхоор харанхуй талыг ажаад явж байтал эзгүй харанхуйн буйдаас жигтэйхэн тод ногоон гэрэл туяарч улмаар тэрхүү гэгээн дотроос амаа арзайж, соёо шүдээ ярзайлгасан үлгэрийн бирд шиг амьтан тамхины утаа шиг суунаглаж байснаа гэв гэнэт замхран ууссан гэнэ. Энэ ярианд үнэмшиж итгэсэн хүмүүс олон бус боловч нээрэн тийм байсан бол яахав гэж эргэлзэгсэд нь илүү элбэг байсан юм.

Хамгаас хачирхмаар нь бүсгүй хүний цогцос олдсон байлдааны окоп нүх нэг л өдөр шороогоор битүүлэгдсэн байсан гэх бөгөөд ойр хавиар нь машин тэрэгний дугуйны мөр гараагүй байсан гэдэг юм.

Харин түүнээс хотын тэр хавиар явсан хэнд ч ахин аюул эрсдэл тохиолдохгүй болсон байдаг. Сүүлд нэгэн бөөгийн хэлснээр бол бусдын хүчирхийлэлд өртсөн бүсгүй хараасан учраас тэр жатга зүхлийн хар хүч зөвхөн энүүхэн орчингоороо тэнүүчлэн оршоод өөртөө ойртож дөхсөн бүхний аминд хүрчээ гэж өгүүлсэн байна. Тэгэхдээ окопны нүх яагаад өвлийн улиралд гэнэт хар шороогоор битүүлэгдсэний учрыг мөнөөх бөө “далдын хүч” хэмээсэн гэх юм билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин