Го.Бадарч: Хорвоод хамгийн амархан зүйл бол хүүхэд хийх, хүний хийсэн зүйлийг шүүмжлэх хоёр л байдаг

Хятад эцэгтэйгээ хэнээс ч нуулгүйгээр 70 шахам насыг зооглож яваа нэгэн бол Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Го-Пин-Мин овогт Бадарч. Түүнийг монголчууд “Хар цагаан”, “Нэг л биш ээ...” зэрэг асуудал хөндсөн нэвтрүүлгүүдээр нь анх хүлээн авч, танилцаж байсан билээ.

Монголын телевизийн салбарт өөрийн гэсэн түүхийг бичилцсэн тэрбээр энэ хавар дэгдсэн төмөр замын царигийн асуудал, олны анхаарлыг татсан “100 чухал сэдэв” нэвтрүүлгийг хөтөлж, хамтран бүтээлцсэнээс хойш хүмүүс түүнийг илүүтэй сонирхох болсон биз ээ. Гэвч дуулиан дэгдээсэн энэ нэвтрүүлгийн дараахнаас Го.Бадарч гуай нам гүмхэн гэртээ суух болсон. Түүний дотор юу бодогдож, ямар замналаар өдий хүрсэн зэргийг сэтгүүлч би уншигч танд хүргэхийг зорьж энэ дугаарынхаа зочноор урьсан юм.

Анх 2009 онд ТМ теле­визэд МҮОНТВ-ээс гарч, ерөнхий продюссерээр ажил­лахаар ирэх үедээ сэтгүүлч надад “Нэг л биш ээ” зохиогчийн хөтөлбөрөө хийх томоохон үүргийг өгсөн түүнтэй үнэндээ ярилц­лага хийнэ гэж бо­дож байсангүй.

Ааштай, хатуу шаард­лага­тай өв­гөний нэвт­рүүлэг, заасан зүйлүүд надад булган сүүлтэй байснаас гадна олон өөрч­лөлтийг бий бол­гож, олон амжилтад хү­рэ­хэд нөлөөлсөн. Харин тэр “өвгөн”-тэй ярилц­лага хийнэ гэдэг нь ааш­луулж, загнуулахаас арай өөр асуудал байв. Ялан­гуяа хоёр хөршийн тэргүүнүүдийн айлчлал, төмөр замын царигийн та­лаар асууна гэж бод­сон бодолд маань “өвгөн” цэг тавьж, энэ талаар ярьж, хоёр улсыг эвдрэл­цүүлэхгүй байхыг, энэ талаар асуухгүй байхыг надаас хүссэнээр энгийн нэгэн ажил, амьдралын ту­хай яриа болж хувирсан юм.

- Сайн байна уу? Сай­хан зуссан уу? “100 чухал сэдэв” нэвтрүүлгийн да­раа­хан дахиад даралт хагас харвасан гэсэн. Бие тань гайгүй байна уу?

- Харин тийм ээ. Ах нь дахиад харвасан. Гэхдээ бас арай гайгүй ээ. Түмний буянд амьд явж л байна. Хэн ч намайг зэмлэхгүй, заг­нахгүй, ухаантайгаар надад хэлээд бай­хад би ганцаараа хэлтэй амтай юм шиг хаш­ги­чаад байх нь юу нь сайхан байхав дээ. Одоо ч улаан гэрлээр явж байгаад машинд дай­руулчихгүйгээр зүүн хөлөө чирээд явж л байна. Тэгээд л явж байя.

- Одоо тэгээд дахиж телевизийн сал­барт ажил­лахгүй юм уу?

- Миний хамгийн гутарч, гуньж яваа юм гэвэл Мон­голын телевизийн урлаг унаж байгаад л ха­рам­саж байна. Хамгийн гол нь бүх телевизүүдийн за­хир­лыг хараад л гутраад байх юм. Энэ бол телевиз наймаалцаж байгаа, босгож байгаа улсуудын буруу биш шүү дээ. Хамгийн гол нь Харилцаа холбооны зохи­цуулах газар өөрөө дунд нь ороод заваар­чихаар ямар хэрэг байгаа юм. Нийтлэл, нэвт­рүүлгийн бодлого, программ, мэргэжлийн бо­лов­сон хүчин хэд байна, яаж байна гэдгийг нь биш камер, кабелийн утас, өрөө шалгаад байхаар телевиз хөгжихгүй ш дээ. Одоо телевизүүдийг хар л даа. Бүгдээрээ л ижил байгаа биз дээ. Би бол одоо Ийглийн мэдээ, ETV-ийн “Fact and Expert” хөтөлбөрийг л үздэг. Монгол HD телевизээс түүж хэдэн нэвтрүүлэг, 2-р сувгаас “Цензургүй яриа”, “Ярилцах тан­хим” бил үү даарчихсан болжмор шиг жоохон охин сууж байдаг, “Баримт тайлбар” ийм л хэдэн юм үзэж байна даа. 2-р суваг уриа нь ч гэсэн “Өөрөөр сэтгэе” гээд их дажгүй санагд­сан.

- Сэтгүүлч Л.Мөнх­баясгалан чинь со­нин­гоор дагнасан сэт­гүүлч. Телевизийн тал дээр тэ­гээд таныг хамтраад ажиллая гэсэн санал тавихгүй байна уу?

- Би чинь одоо нас хэдтэй билээ, ард түмний өгсөн шагнал юу билээ, амьдрал, ажил хоёроос хуримтлуулсан туршлага нь юу билээ. Би тэгээд нэг газар ажилд оръё гээд явж байхгүй. Сүүлдээ бүр улсууд хоёр сар ажиллаад үзье гэж байна. Би ямар дөнгөж сургууль төгсөж очоод туршилтаар ажиллах гэж байгаа хүүхэд биш дээ. Инээд ч хүрэх шиг. Тэгээд тэвчихгүй телевиз үзээд, уур хүрээд л суугаад байна.

- Өнгөрсөн хугацаанд та өөрийн гэсэн хэв­лэл мэдээллийн байгуул­лагатай болчих боломж, нөхцөл байсан юм биш үү? Энэ талаар бодож үзээгүй юм уу?

- Санаа байгаад сачий хүрэхгүй шүү дээ. Тэр мөнгө нь хаана байна? Халаас суй­лаад ч би мөнгө олохгүй ш дээ. Харин би өөрийнхтэйгээ нийлээд дөрвөн өрөө байшинд очиж нэг телевиз босгосон. Тэрийг бол нүүр бардам хэлнэ. “Одон” телевиз. На­майг хэн ч хөөж туугаагүй байхад би өргөдлөө өгөөд гарсан юм. Тэрнээс хойш буюу 03 сарын 24-нээс хойш тэр телевиз зогсоод, сая 8 сарын 11-нд нэр нь өөрчлөгдөөд гарахад контент байхгүй л байгаа байхгүй юу. Тэгэхээр би тэнэг биш, Монголын үндэс­ний телевиз намайг юманд сургасан нь хараг­даж байгаа юм. Өнөөдөр телевизийнхэн контент гээд аймаар юм яриад байгаа юм. Би тэрэнд нь ичээд байгаа. Контент гэ­дэг чинь бидний толгойд л байгаа ш дээ. Тэрнийг гаднаас худалдаж авах шаардлагагүй. Уран бүтээлчид хурал дээрээ шинэ санаа оноо­гоо ярилцаж, тэрийг нэвтрүү­лэг, уран бүтээл болгож хийхийг л контент гэж нэрлээд байгаа юм. Яасан ч гадаад үгэнд дуртай юм? Махчилбал, бүтээгдэхүүн.

Гаднаас 40 мянган дол­лараар худалдаж авлаа гэж бодоход мэргэжилтнүүд нь ирээд тайз дэлгэцийг нь хийж өгнө, дахиад мөнгө. Дараа нь ажиллах хүмүүсээ дахиад мөнгөөр цалинжуулна. Юу гэсэн үг юм бэ? Мөнгөтэй нь ху­далдаж авч болно оо. Гэхдээ монголчууд яагаад өөрсдөө сэтгэж бо­­лохгүй гэж? Яагаад монголчуудын тархи нь ажиллахаа байчихсан юм бэ? Монголын үндэсний теле­виз удахгүй 47 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Хэзээ тэд нар гаднаас кон­тент худалдаж авч бай­сан юм бэ? Өөрсдөө л хийдэг ш дээ. Би Монголын залуучуудыг ямар авьяас­тайг мэднэ. Өвөр­мон­голын залуучуудтай харьцуу­лахад өдөр, шөнө шиг ял­гаатай. Ийм авьяастай за­луу­чуудыг ажиллуулж чадах­гүй байж л гаднаас юм авна гээд л. Одоо удах­гүй яахын, 50 сая малаа гадаадынхнаар хариу­луулах юм уу, яахын? Гадаадынхан гэхээр л унаж үхчих гээд байх юм. За, яахав. Өр ширээ гаднаа тавьж, хөрөнгө оруулалтаа гаднаас авч болно. 47 жилийн телевизийн ур­лагийн түүхтэй улс байж гад­наас контент авна гэ­хээр л миний “шээс” гоожиж байгаа байхгүй юу. Нулимах бол юу ч биш.

- Үндэсний телевиз ч ялгаагүй үзэх олигтой нэвтрүүлэг алга гээд үзэгчид шүүмж­лээд л бай­даг ш дээ.

- Үндэсний олон нийтийн телевизээс С.Эрдэнийн нэвтрүүлгүүдийг л хү­мүүс үзэж байна. Ганц най­руулагч нь С.Эрдэнэ л байна ш дээ. Араас нь миний гараар орсон Эрдэнэчулуун байна. Тэрнээс биш сургууль соёл ч төгсөөгүй, ФМ-ийн хөтлөгч хийж байсан хүн дарга хийхээр наана нь байгаа архагууд нь удир­дуулах сонирхолгүй байна ш дээ. Юм болгонд шалтаг, шалтгаан байна ш дээ. Яагаад үндэсний телевизийг хүмүүс голж байна вэ гэхээр тэнд байгаа уран бүтээлч нарын буруу биш. Тэд нар хийж, бүтээж чаддаг. Хэсэг хүн байна л даа. Юу ч чадахгүй байж бүгдээрээ дарга болчихсон. Болохгүй бол “Би чамайг матна” гээд л айлгадаг нэг охин байна. Тэгэхээр нь нөгөө охиноос чинь айгаад дарга болгочихдог, тэгээд мэргэжлийн биш хүн. Өөрөө нэг нэвтрүүлэг монтажилж үзсэн бол өөр. Гэхдээ би нэг л юм хэлье. В.И.Ленин “Сур сур бас дахин сур” гэж хэлсэн байдаг. Тэгвэл миний байнга хэлдэг нэг үг бий. “Хорвоо дээр хамгийн амархан юм бол хүүхэд хийх, хүний хийсэн юмыг шүүмжлэх хоёр л байдаг юм” гэж. Аав ээж, ах эгчийн хэн нь ч зааж өгөөгүй байхад байгалийн жамаараа хүн хүүхэд хийгээд л гаргадаг. Гэтэл чам шиг гурван цагийн хар материалыг 30 минутын нэвтрүүлэг болгоод тавьчихсан байхад арчаагүй нэг найруулагчаас болоод эфир тасарч байна гэдэг асуудал хэний буруу вэ? Тэрийг харсан үзэгч, дарга хэн бэ? Би яагаад ингэж оршил ярив гэвэл чам шиг нэвтрүүлгийн ард ажиллаж үзээгүй хэрнээ үзэж суугаад шүүмжлэх маш амархан шүү дээ. Тийм учраас л хүний хий­сэн юмыг шүүмжлэх, хүүхэд хийх хоёр хамгийн амархан байдаг байхгүй юу? Бусад юм бүгд хэцүү. Өнөөдөр Монголд хариуцлага гэж юм байхгүй учраас л телевизийн урлаг ийм бай­гаа юм.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин