Оросын мэдээний сайт уншигчдын Монголын талаарх сэтгэгдэл
“Военное обозрение” сайт “Монгол цэрэг-техникийн тусламжийг Оросоос авна” нэртэй мэдээ гарсан бөгөөд уншигчид нь их сонирхолтой сэтгэгдэл үлдээжээ. Сайтад гарсан мэдээний сэтгэгдэл гэдэг хэдийгээр баримт материал биш ч олны анхаарлыг татдаг нь нууц биш. Тиймээс дээрх мэдээний дор орсон зарим нэгэн уншигчийн сэтгэгдлийг та бүхэнд хүргэе.
Баракуда гэгч Украины иргэн “Монголыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд авчихгүй дээ. Хичнээн их хөрөнгө орууллаа. Одоо тэгээд бүхнийг шинээр эхлэх гэж үү?”
Мөн Украины иргэн Андрей “Бид монголчуудтай цэрэг цуглуулан Киев руу дайрна. Монголчууд тэгэх тусмаа анх удаа ямар Киев руу дайрч байгаа биш” гэжээ. Үүний хариуд нь Баракуда “Монголчууд одоо тэр талаар юу ч мэдэхгүй” гэв.
Тус сайтын өөр нэгэн зочин Саша “Монгол дэлхийн хоёрдугаар дайнд бидэнд маш их тус болсон. Морь тутмын нэг нь л гэхэд Монголоос ирж байсан. Би энэ талаар мэдэхгүй л дээ, гэхдээ Монголоос бас мах ирдэг байсан, бүр сүргээрээ шүү. Тэр хараал идсэн хоёрдугаар фронтоос илүү чухал тусламж байсан. Монгол дайны эхний өдрөөс л бидэнд тусалж эхэлсэн. Үүнийг бид хэзээч мартаж болохгүй” хэмээлээ.
Хар хурандаа гэж өөрийгөө нэрийдсэн нэгэн зочин "Монголд их хэмжээний ураны орд газар байдаг. Энэ чинь ирээдүйд эрчим хүч шүү" гэв. Өөр нэгэн зочин “Америкчууд сүүлийн үед Монголыг байнга сонирхож байгаа. Бидэнд түймэрт автсан хил лав хэрэггүй. Ийм замыг бид туулсан, тиймээс зохих дүгнэлтийг хийсэн бололтой” гэж бичжээ.
“Империал Колорад” гэгч зочин “Манай бага ахан дүүс шиг лав бидний нуруунд хутга дүрээгүй ард түмэн дээ. Тусламж үзүүлэх гэж байгаа нь зөв шийдвэр. Манай ар тал найдвартай байх ёстой”. Харин Миг гэж өөрийгөө нэрлэсэн зочин “Монголд ямар нэгэн өнгөт хувьсгал гарах вий дээ” гэж ихэд эмээв. Тэгвэл “ДМБ” гэгч “Монголчуудын харуулын цэрэг гэрэл зураг дээр үнэхээр сайхан гарчээ, дэгжин байна” гэж магтлаа. Үүний хариуд Алекс “Түүхэн уламжлалаа дагаж байна” гэж мэдэмхийрэв.
Игорь гэгч эр “Би Монголд цэргийн алба хашиж байсан. 70-80-аад онд ЗХУ тэнд бүхэл бүтэн арми байлгаж байсан юм шүү” хэмээв.
А.S.ZZZ “Монгол мах ямар сайхан гэж бодно оо. Үхрийн, адууны мах гээд – хамгийн шилдэг бэлчээрт таргалдаг. Бас сүү, ангийн үс... Бидний ширээнд зориулан хүнс нийлүүлэхээр бас нэг улсыг татан оролцуулж байх шив. Тэгэх тусмаа бидний эртний стратегийн түнш шүү дээ” гэж бичсэн байна.
Аргын гэгч “Монгол ч үнэхээр малаар баян шүү. Тэгээд тэдний бүсгүйчүүл надад их таалагддаг юм” гэсэн коммент үлдээжээ.
Адыр гэгч Казахстаны иргэн “Та нар өнөөгийн нөхцөл байдлаас их хол байгаа бололтой. АНУ Монголтой цэргийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж байгаа. Монголын цэргийнхэн АНУ-тай хээрийн сургууль зохион байгуулдаг. АНУ болон НАТО-гийн цэргийн бааз Монголын нутаг дэвсгэрт бий болох нь Орост лав таалагдахгүй”.
Үүний хариуд Сергей “Монгол далайд гарцгүй. Орос, Хятад хоёр нийлээд Монголд бааз байгуулахыг лав зөвшөөрөхгүй” гэлээ.
Харин Роман нэлээд том хэмжээний коммент үлдээснийг та бүхэнд одоо хүргэе. “1991 онд бид Монголыг орхиход тэд өөр нөлөө бүхийг улсыг хайж эхэлсэн. Тэгээд ч Хятадад Өвөр Монгол гэж бий, тиймээс л хятадууд Гадаад Монголоос татгалзахгүй гэдгээ нуудаггүй. Ийм учраас монголчууд Ирак болон Афганистан дахь америкчуудын түрэмгийлэлд оролцсон. Гэсэн хэдий ч сүүлийн үед батлан хамгаалах салбарт Монголтой хамтын ажиллагаагаа сэргээж байна. 2012 онд гэрээ хэлцлийн дагуу зарим нэгэн төрлийн зэр зэвсэг нийлүүлсэн. Тэдгээрийн дотор “Т-72А” загварын 50 танк, 40 “БТР-70М” машин байгаа. “Т-72”болон “БТР-70”Монголын зэвсэглэлд байгаагүй. Энэ бүх зэвсгийг Өвөр Байгалийн Атамановка суурин газар засаж сэлгэсний дараа шилжүүлэн өгсөн гэж боддог” хэмээжээ.
Эх сурвалж:http://topwar.ru/57456-mongoliya-poluchit-ot-rossii-voenno-tehnicheskuyu-pomosch.html
СЭТГЭГДЭЛ БИЧИХ