Долоо хоногийн дараа Украины арми "шууд устгана"

Украины ерөнхийлгч Петр Порошенко Донбасст анхны ажлын аялал хийх явцдаа тус орны зүүн нутгийн байдлыг зохицуулах энхийг төлөвлөгөөг танилцуулсан тухай Украины төрийн тэргүүний хэвлэлийн албанаас баасан гаригтмэдээлэв.

Энэ төлөвлөгөө нь 15 зүйлтэй ажээ. Тухайлбал, зэвсэгт дайчдыг гаргах, Оросын болон Украины хөлсний этгээдүүдийн гарч явах баталгаатай зурвас бий болгох, тэдний зэвсгийг хураахаар заасан байна. Үүнээс гадна, Орос-Украины хилд арван километрийн завсрын бүс байгуулахаар төлөвлөж байна.

“Донецк, Луганск мужид хууль бусаар эзэлсэн захиргааны байшин барилга бүх обьектыг чөлөөлөх ёстой” гэж мэдээнд дурджээ.

Энэ төлөвлөгөөний хүрээнд Украины зүүн нутагт цэргийн ажиллагааг зургаадугаар сарын 27 хүртэл долоо хоног зогсоож байна. Долоо хоногийн хугацаанд Украины арми хүлээх бөгөөд зэвсгээ хураалгахыг санал болгож, харин ингэхээс татгалзсан хүмүүсийг ямар ч өршөөлгүй устгахаар сүрдүүлж байна.

Аюулгүй байдлын баталгааг хангах, зэвсгээ хураалгаж, хүнд ноцтой гэмт хэрэг үйлдээгүй хүмүүсийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, барьцаалагдсан хүмүүсийг суллахаар төлөвлөгөөнд бас заасан байна. Хамтарсан эргүүл хийх салбарыг ДХЯ-ны бүтцэд байгуулахаар төлөвлөжээ.

Мужийн захиргааны удирдагчдыг нэр дэвшүүлэх асуудлыг Донбассын төлөөлөгчидтэй зөвшилцөх ажээ.Үүнээс гадна, орон нутгийн болон парламентын завсрын сонгууль явуулах гэнэ.

Үүний зэрэгцээаж үйлдвэрийн объектууд болон нийгмийн дэд бүтэц, түүнчлэн Донецк, Луганск мужийн орон нутгийн төрийн байгууллага, төвийн телевиз-радиогийн үйл ажиллагааг сэргээхээр төлөвлөж байна.

Харин Оросын талаас Украины ерөнхийлөгчийн энхийн төлөвлөгөөг “зэвсэгт дайчдад тавьсан тулган шаардалт” гэж тодорхойлжээ. Гол нь төлөвлөгөөнд юу байхгүй байна гэвэл, хэлэлцээ хийж эхлэх санал алга гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдэгдсэн байна.

“Ийм нөхцөлд Оросын тал Украины ерөнхийлөгчийн зохих төлөвлөгөөний эх болон түүнийг хэрэгжүүлэх журамд нарийн дүн шинжилгээ хийх ёстой. Энэ нь амгалан тайван байдал тогтоож, хэлэлцээ хийх урилга биш, харинзэвсгээ хураалгахыг Украины зүүн өмнөд нутгийнханд тулгасан тулган шаардалт болохыгхарамсалтай нь эхний дүн шинжилгээ харуулж байна” гэж Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн алба тайлбарласныг хэвлэлд дурджээ.

НҮБ-д суугаа Оросын байнгын төлөөлөгч Виталий Чуркин хэлэхдээ, Порошенкогийн төлөвлөгөөг Орос улс дэмжиж байна хэмээн хэлэх нь эртдэнэ гэж мэдэгдсэнийг Интерфакс агентлаг уламжилжээ. Харин тусгаар тогтнолоо зарласан БН Донецк Ард Улс Украины удирдагчийн амлалтад итгэхгүй, тэр ч бүү хэл тийм ч амар зэвсгээ хураалгаад татан буугдахгүй гэнэ. Мөн адил тусгаар тогтнолоо зарлаад байгаа Луганскийн удирдагч Валерий Болотов ч бас иймэрхүү зүйл хэлж Порошенкогийн төлөвлөгөөг няцаасан байна.

“Манай нутгаас Украины цэрэг эхлээд бүрэн гараагүй цагт бид зэвсгээ хураалгахгүй” гэж түүний хэлснийг Франс пресс агентлаг дурдсан байна.

Франц, АНУ-ын ерөнхийлөгч Франсуа Олланд, Барак Обама нар Украины мөргөлдөөнийг шатлан өргөжүүлэхгүйн тул бүхнийг хийхийгОросын талд уриалаад, эс бөгөөс тус улсын эсрэг дахин хориг арга хэмжээ авч болох юм гэдгийг анхааруулжээ.Елисейн ордны төлөөлөгчийн ингэж мэдэгдсэнийг иш татан Франс пресс агентлаг баасан гаригт уламжилсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин