Э.Бат-Үүл: Улс төржүүлэхгүй байх цорын ганц асуудал бол хог...
Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хог хаягдлын шинэ менежментийн дагуу айл өрхүүдэд тарааж байгаа хогны уутны талаар мэдээллийг сонслоо. “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах 2013-2016 хөтөлбөр”-ийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийг батлахдаа нийслэлийн иргэний танхимаар хэлэлцүүлэн иргэд, төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөллийн саналыг аван тусгаснаас гадна хөтөлбөрийн дагуу хог хаягдлын зориулалтын уутыг айл өрхөд тараахаар болсон. Энэ ажлын хүрээнд хогны хураамжийн төлбөрөөс нийслэлийн айл бүрт сар болгон 15 ширхэг хогны ногоон уут олгосон. Харин энэ асуудал дээр янз бүрийн сөрөг, ташаа мэдээлэл гарч байгаа учраас Нийслэлийн Засаг даргаас хог хаягдлын шинэ менежментийн ажлыг цаашид үргэлжлүүлэх эсэх талаар иргэдээс санал авах тухай саналыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд орууллаа.
Хотын дарга “Улс төржүүлэхгүй байх цорын ганц асуудал бол хог. Ямар ч хотын тулгамдсан асуудал хог байдаг учраас хогонд хэмнэлт гаргана гэдэг нь утгагүй зүйл. УИХ-аас батласан хог хаягдлын тухай хуульд хогны хураамжаас төвлөрч байгаа хөрөнгийг хэрхэн зарцуулахыг маш тодорхой зааж өгсөн байдаг. Хуулиараа энэ мөнгийг эмнэлэг, сургууль, цэцэрлэг барихад зарцуулах учиргүй юм. Тэгвэл бид хууль зөрчсөн болно. ЖАЙКА-аас 2010-2011 онд явуулсан судалгаагаар анхан шатны эх үүсвэрээс нь хогоо ил задгай хаяхгүй байх нөхцөлийг бүрдүүлж чадвал хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх боломжтой гэсэн дүн гарсан.
Тиймээс нийслэлээс хогны уутыг айл өрхүүдэд тарааж, зориулалтын дагуу хэрэглэж хэвшүүлэх ажлыг эхлүүлсэн. Урьд нь иргэд хогны хураамж гэж 2000-2500 төгрөг төлчихөөд тэр нь юунд зарцуулагдаж, хаашаа ордог нь тодорхойгүй, гудамж, гуу жалга нь ил задгай хогондоо дарагдсан байдаг байсан. Харин одоо иргэд хогны хураамж төлснийхөө хариу болгож хог хаягдлаа хийх зориулалтын уут авч байна. Азийн сангийн хийсэн судалгаагаар иргэдийн 80 гаруй хувь нь хогны уутыг зориулалтын дагуу хэрэглэж хэвшсэн гэсэн дүн гарсан” гэж онцлолоо.
НИТХ-ын төлөөлөгчид хогны уутны хэрэглээг цаашид үргэлжүүлэх эсэх талаар нийслэлийн иргэдээс санал авах ажлыг зохион байгуулахыг дэмжлээ. Санал авах хугацаанд хог хаягдлын менежментийн ажлыг сааруулахгүй байх үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон дүүргүүдэд өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ