Хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тустай 14 төрлийн хүнс

Эрдэмтдийн судалгаагаар хавдрын өвчин үүсгэгч шалтгаануудын 5-10 хувь нь дотоод хүчин зүйлээс буюу удамшил, даавар, дархлааны өөрчлөлтөөс шалтгаалж, үлдсэн 90-95 хувь нь гадаад хүчин зүйл буюу хүмүүсийн өөрсдийн дадал, амьдралын буруу хэвшлээс шалтгаалдаг нь тогтоогджээ. Зохисгүй хооллолт, архи, тамхи хэрэглэдэг эсэх, газар зүйн аль бүсэд амьдарч, хэр хортой, бухимдалтай нөхцөлд ажиллаж байгаа эсэх, халдварт өртөмтгий байдал гэх мэт гадаад хүчин зүйлүүдийн дотроос зохисгүй хооллолт хамгийн өндөр хувьтай байгаа нь анхаарууштай.

Хоол хүнсээ зөв зохицуулж, зөв бэлтгэж шинэлэг байдлаар идэж хэрэглэхэд бүх төрлийн хорт хавдраас 30- 40 хувь сэргийлэх боломжтойг эрдэмтэд тогтоожээ. Ялангуяа ургамлын гаралтай хүнсэнд бусад малын гаралтай мах, сүүнд байдаггүй фито шимт бодисууд агуулагддаг. Эдгээр бүлэг бодисууд нь хорт хавдрын эсрэг, үжлийн эсрэг, халдварын эсрэг, үрэвслийн эсрэг гэх мэт үйлчилгээг биед үзүүлдэг. Эрдэмтэд одоогийн байдлаар дэлхий дээр 10000 түүнээс илүү олон төрлийн фито шимт бодисууд байгаа гэж үзэж байна. Дараахь мэдээллээс та сүүлийн жилүүдэд хийсэн судалгааны үр дүнгээр батлагдсан хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлэх болон бууруулах шинж чанартай хүнсний шимт бодисуудын талаар тодорхой ойлголт авах болно.

Хорт хавдраас сэргийлэх үйлчилгээтэй хүнс

1. Эслэг агуулсан хоол хүнс Үүнд бүх төрлийн хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, бүхэл үр тариа (бүхэл үрийн гурил, улаанбуудай, хивэг, овъёос, хөх тариа), буурцагтан (шош, вандуй, шар буурцаг), амтлагч ногоонууд орно. Эдгээр хүнсний зүйлүүд бүдүүн болон шулуун гэдэсний хорт хавдраас сэргийлдэг. Эслэг нь дотроо уусдаг, уусдаггүй гэсэн хоёр үндсэн хэлбэртэй байдаг. Уусдаггүй эслэг нь идсэн хоол хүнс ходоод гэдсээр дамжин өнгөрөх хугацааг удаашрахаас сэргийлэх, ходоод гэдэсний замд үүссэн хорт бодис, хорт хавдар үүсгэгч хүчин зүйлүүдээс хамгаалах үйлчилгээ үзүүлнэ. Уусдаг эслэг нь бүдүүн гэдэсний бичил биетний нөлөөгөөр задарч бүдүүн гэдэсний ханын эсүүдэд ашигтай богино гинжит тосны хүчлийн үүсэлтэд оролцдог байна.

2. Хүнсний ногоо, жимс жимсгэнэ

Хүнсний ногоо, жимс жимсгэнэ нь амны хөндий, залгиур, төвөнх, улаан хоолой, ходоодны хорт хавдраас сэргийлдэг (жимс жимсгэнэ сайн хэрэглэх нь уушгины хорт хавдраас мөн сэргийлдэг). Учир нь хүнсний ногоо, жимс жимсгэнэд маш олон төрлийн биологийн үнэт нэгдлүүд агуулагддаг. Исэлдэлтийн эсрэг нэгдэл буюу С аминдэм, бета каротин нь эсийн удамшлын мэдээллийг гэмтээгч хортой атомуудаас хамгаалах үйлчлэл үзүүлдэг. Эсийн удамшлын мэдээлэл гэмтсэнээр эрүүл эд эсээс хэвийн бус хуваагдалтай хорт хавдрын эс болж хувирдаг. Хүнсний ногоо жимсэнд фито шимт бодисууд агуулагддаг. Эдгээр нь дархлалын тогтолцоог хүчирхэгжүүлж, хэвийн ажиллагааг хангаснаар хорт хавдар үүсэх үйл явцыг саатуулдаг. Мөн гэмтсэн эсийн удамшлын мэдээллийг сэргээх үйлчилгээ үзүүлдэг. Жимс хүнсний ногоо нь хүнсний уусдаг болон уусдаггүй эслэгээр баялаг байдаг. Жимс жимсгэнэ, хүнсний ногоо нь илчлэг багатай учраас жин нэмэхээс (жингийн илүүдэл, таргалалт нь олон өвчний суурь болдог) хамгаалснаар хорт хавдрын урьдчилан сэргийлэлтэд онцгой ач холбогдолтой байдаг.

3. Бета-каротин агуулсан хүнсний ногоо жимс жимсгэнэ

Шар лууван, шар хулуу, амтат төмс, манго, тоор, чангаанз, канталоп, амтат гуа гэх мэт ногоо жимс нь бета каротин ихээр агуулдаг. Улаан хоолойн хорт хавдраас сэргийлдэг. Бета каротин нь хорт хавдраас сэргийлэх эсийг хамгаалах (антиоксидант) үйлчилгээ үзүүлдэг. А аминдэмийн урьтал нэгдэл учраас биед орсны дараа А аминдэмд хувирч дархлаа тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангах, хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй ферментүүдийг идэвхжүүлдэг байна.

4. Байцааны төрлийн ногоо

Брокколи, бөөрөнхий байцаа, цэцэгт байцаа, брюссель байцаа, бууцай гэх мэт ногоон өнгөтэй ногоонууд. Эдгээр нь бүх төрлийн хорт хавдраас сэргийлдэг ба хорт хавдар үүсгэх хүчин зүйл, хорт нэгдлүүдээс бие махбодыг хамгаалах нэгдэл агуулж байдаг.

5. Сонгины овгийн ногоо

Ногоон сонгино, бөөрөнхий сонгино, бүдүүн ногоон сонгино, мангир, жууцай гэх мэт ногоо ялангуяа ходоод, уушгины хорт хавдраас сэргийлэх үйлчилгээтэй. Эдгээрт агуулагдах хүхэрт нэгдэл (хурц үнэрийг үүсгэдэг) нь хорт хавдар үүсгэгч хүчин зүйлүүдийг саармагжуулах, хамгаалах ферментүүдийг үүсэлтийг эрчимжүүлснээр ходоодны хорт хавдраас сэргийлдэг. Сонгины төрлийн ургамалд ялангуяа уушгины хорт хавдраас сэргийлэх нөлөөтэй кверцетин хэмээх бодис агуулагддаг.

6. Сармис

Сармис нь бүдүүн шулуун гэдэсний хорт хавдраас сэргийлдэг. Сармисанд аллицин хэмээх хүхэрт нэгдэл агуулагддаг. Энэхүү бодис бүдүүн гэдэсний ханын эсийг хорт хавдар үүсгэгч бодисуудын хорт нөлөөнөөс хамгаалж, хавдрын эсийн ургалтыг зогсоодог байна. Мөн үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүснээр дам хорт хавдрын үйл явцыг саатуулж байдаг.

7. Ликопин

Улаан лооль (помидор), тарвас, амтат гуа, гуава жимс, ягаан усан үзэм, улаан амтат жүрж (кровавый апельсин). Эдгээр жимс ногоо нь түрүү булчирхайн хорт хавдраас сэргийлэх үйлчилгээтэй. Учир нь эдгээрт агуулагдах ликопин эсийг хамгаалах үйлчилгээ өндөртэй (маш хүчтэй антиоксидант) байдаг. Мөн хорт хавдрын эс олширч хуваагдахаас сэргийлэх, сармисны нэгэн адил үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлснээр дархлааг сайжруулдаг байна.

8. С аминдэмээр баялаг жимс хүнсний ногоо

Халуун чинжүү, байцаа, цэцэгт байцаа, брюссель байцаа, бууцай, цоо байцаа, цитрусын төрлийн жимс, киви, гуава, гүзээлзгэнэ С аминдэмээр баялаг байдаг. Эдгээр нь улаан хоолойн хорт хавдраас сэргийлэх үйлчилгээтэй. С аминдэм буюу аскорбины хүчил нь усан уусамтгай шинж чанартай антиоксидант бөгөөд биеийн ус ихээр агуулсан эд эрхтэнд илүүтэй чөлөөт радикалыг устгаж, эд эсийн бүрэн бүтэн байдлыг хангаж байдаг.

9. Селен эрдсээр баялаг хүнс

Туна загас, өндөгний шар, үхэр, хонь, тахианы элэг, бразил самар селенээр баялаг байдаг. Селен агуулсан эдгээр хүнс түрүү булчирхайн хорт хавдраас сэргийлдэг. Учир нь селен бие махбодод антиоксидант ферментийн үүсэлтэд оролцдог. Антиоксидант фермент нь эсийн удамшлын мэдээлэл гэмтээгч чөлөөт радикалуудаас хамгаалдаг байна.

10. Фолийн хүчлээр баялаг хүнс

Бүхэл үр тариа, ногоон навчит ногоо (бууцай, байцаа, брокколи, гоньд, яншуй), хүрэн манжин фолийн хүчлийг (В9 аминдэм ч гэж нэрлэдэг) ихээр агуулдаг. Эдгээр хүнсний зүйлүүд нойр булчирхайн хорт хавдраас сэргийлэх үйлчилгээтэй байдаг. Фолийн хүчлийн энэ үйлчилгээний механизмыг хорт хавдар үүсгэгч генийг дарангуйлах үйлдлээр тайлбарладаг. Мөн фолийн хүчил нь удамшлын мэдээлэл хуулбарлагдах явцад чухал үүрэгтэй оролцож, эсэд хэвийн биш хувирал гарахаас сэргийлдэг байна.

11. Кальци эрдсээр баялаг хүнс

Сүү, сүүн бүтээгдэхүүнээс гадна бөөрөнхий байцаа, брокколи, гүйлс самар, гүнжидийн үр, тахини (гүнжидийн үрээр хийсэн нухаш бөгөөд газар дундын тэнгис орчмоор амьдардаг хүмүүс хоолондоо өргөн хэрэглэдэг) гэх мэт хүнс кальциар баялаг. Эдгээр бүтээгдэхүүн бүдүүн болон шулуун гэдэсний хорт хавдраас сэргийлэх нөлөөтэй. Сүү сүүн бүтээгдэхүүн нь кальциас гадна Д аминдэмийг агуулдаг. Энэ хоёр шимт бодис нь эсийн хэвийн хуваагдлыг нөхцөлд үүлж, хорт хавдрын эсийн идэвхжлийг саатуулах, бүдүүн гэдэсний хорт хавдрын эсийн эвдрэлийг хурдасгадаг. Кальци нь гэдэсний цочролоос сэргийлж, гэдэсний эсийн хуваагдлын хурдыг зохицуулснаар мөн хорт хавдар үүсэх эрсдэлийг бууруулдаг.

12. Буурцагтан ургамал, шар буурцаг

Шош, вандуй, галт шил (мэшил ч гэж нэрлэдэг) нь буурцагтан ургамлууд юм. Шар буурцаг болон буурцагт ургамлуудыг өргөнөөр хэрэглэдэг Хятад, Япон зэрэг Азийн орнуудад хөх, давсаг, түрүү булчирхай, бүдүүн гэдэсний хорт хавдрын өвчлөл бага байдаг байна. Мөн маш олон судалгааны дүнгээр буурцгийн төрлийн ногоо,түүгээр хийсэн бүтээгдэхүүний хэрэглээ өндөр байх нь ходоод, бүдүүн шулуун гэдэс, түрүү булчирхай, уушгины хорт хавдарт өртөх эрсдэлийг бууруулдаг нь тогтоогджээ. Буурцгийн төрлийн ургамалд хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй усанд уусдаг эслэг гэх мэт олон ашигтай нэгдэл агуулагддаг. Мөн улаан шош, вандуй, галт шил, шар буурцагт хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй фито шимт бодисууд ихээр агуулагддаг байна.

13. Оливын тос (Чидун жимсний тос)

Газар дундын тэнгис орчмоор амьдардаг хүмүүс өдөр тутам оливын тосыг хэрэглэдэг онцлогтой бөгөөд эдгээр хүмүүс хорт хавдар түүн дотроо бүдүүн шулуун гэдэсний хорт хавдраар бусад орны хүмүүстэй харьцуулахад харьцангуй бага өвддөг нь ажиглагдсан байна.

14. Цагаан гаа, гүргэм (куркума)

Гүргэм болон түүний нунтаг нь арьс, ходоод, нарийн гэдэсний, хэлний, бүдүүн гэдэсний, хөх, түрүү булчирхайн хорт хавдар үүсч хөгжих үйл явцыг саатуулах үйлчилгээтэйг маш олон судалгааны дүн баталсан байдаг. Мөн цагаан гаанд агуулагдах гингерол хэмээх бодис нь цагаан гааны өвөрмөц амтыг үүсгэх ба бүдүүн гэдэсний хорт хавдрын эсийн ургалтыг саатуулдаг нь судалгаагаар тогтоогджээ. Цагаан гааг хоолондоо хэрэглэж байх нь бүдүүн гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлэхээс гадна эмчилгээний ач холбогдолтой байдаг.

Зөвхөн зохистой хооллоод зогсохгүй:

Хорт хавдрын эрсдэлийг бууруулах дадал зуршлууд:

1. Идэвхтэй хөдөлгөөн: идэвхтэй хөдөлгөөн нь бүдүүн болон шулуун гэдэс, хөх, үтрээний хорт хавдарт өртөх эрсдлийг бууруулдаг нь батлагдсан зүйл юм.

2. Эхийн сүүгээр хооллох: хүүхдээ хөхөөр хооллосон эмэгтэйчүүд хөхний хорт хавдарт өртөх эрсдэл бага байдаг.

3. Биеийн жин ба өөхний хувь: илүүдэл жин, өөхний эзлэх хувь өндөр байх нь улаан хоолой, нойр булчирхай, бүдүүн, шулуун гэдэс, хөх, үтрээ, бөөрний хорт хавдар тусах эрсдэлийг ихэсгэдэг байна.

Хорт хавдрын үүсэхэд нөлөөлдөг хоол хүнс

Улаан мах, боловсруулсан мах махан бүтээгдэхүүн.

1. Үүнд бүх төрлийн хиам, зайдас, хөлдөөсөн махан бүтээгдэхүүн орно. Эдгээр хүнс ялангуяа бүдүүн болон шулуун гэдэсний хорт хавдар үүсгэх эрсдэлтэй байдаг. Улаан мах буюу бидний өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг малын мах нь хорт хавдар үүсгэгч хүчин зүйлсийг агуулж байдаг. Улаан махыг өндөр температурт шарах, хайрах үед хортой нэгдлүүдийн хэмжээ нэмэгддэг. Мөн хиам, хөлдөөсөн махан бүтээгдэх үүнд эдгээр бодис маш их хэмжээгээр агуулагддаг. Эдгээр бодис аятайхан улаан ягаан өнгө үүсгэж, махан бүтээгдэхүүнд бактер үржихээс сэргийлж, удаан хадгалалт даах шинж чанартай болгодог ч эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна.

2. 2. Архи Амны хөндий, залгиур, төвөнх, улаан хоолой, элэг, бүдүүн, шулуун гэдэс, хөхний хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Архи биед орсны дараа шартуулах шинж өгдөг ацетальдегидад хувирдаг ба энэ нь эсийн удамшлын мэдээлэлд засаршгүй гэмтэл үүсгэсээр байдаг. Мөн архи уух үед бусад хорт бодис, тухайлбал тамхины утааны хор биед шингэх үйл явцыг нэмэгдүүлдэг байна. Мөн архи уух үед эстрогены хэмжээ нэмэгддэг учраас хөхний хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Архи байнга хэрэглэдэг хүмүүст хөх хувь нэмэгддэг байна. 3. Давс, нунтаг шөл, жан, кетчуп, боловсруулсан хүнс Эдгээр нь ходоодны хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Давс их агуулсан хүнс ходоодны хорт хавдрын эрсдэлийг 10 хувь нэмэгдүүлдэг болох нь судалгаагаар тогтоогдсон байдаг.

Эрүүл, зохистой хооллож хорт хавдраас сэргийлье хавдар судлалын үндэсний төв

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин