Биеэ үнэлэх хэцүү юм гэхээр “АЛНА ШҮҮ” хэмээн зоддог байсан

Дэлхий нийт даяаршихтай зэрэгцээд хар тамхи, хүн худалдах, мөнгө угаах зэрэг шинэ төрлийн гэмт хэрэг Монголд гарах болж, манай хуулийн байгууллагынхан цоо шинэ арга барилаар ажиллахаас өөр аргагүйд хүрээд буй билээ. Эдгээр хэргийг Монголын шинэ үеийн шүүхээр шийдэж байгаагүй болохоор эхэндээ шийдвэрлэхэд бэрх байсан гэдэг.

Харин сүүлийн үед хар тамхи, бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаж байсан, мөнгө угаасан гэх цөөнгүй хэргийг шүүхээр шийдвэрлэж, манай хууль хяналтын байгууллагынхан энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэн шалгах туршлагатай болсон. Орчин үеийн боолчлолын нэг хэлбэр болсон хүний наймааны гэмт хэргийн тоо манай улсад жил бүр өссөн үзүүлэлттэй байгаа талаар Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын албаны хүн хэлж байна.

“Хүн худалдах гэмт хэрэг гэдэг нь хэн нэгэн хүн гадаадад буюу дотоодод өндөр цалинтай ажил олж өгнө, гадаадын иргэнтэй гэрлүүлнэ хэмээн өндөр цалин хөлс амлан залилах, хуурч мэхлэх, эмзэг байдлыг нь урвуулан ашиглаж, биеийг нь үнэлүүлэх, албадан хөдөлмөр хийлгэх, ашиг олох зорилгоор хуурч мэхлэх, хүч хэрэглэх, сүрдүүлэх замаар элсүүлэх, тээвэрлэх, дамжуулах, нуух, хүлээж авах үйлдлийг хэлнэ” хэмээн тодорхойлсон байдаг. Энэ төрлийн хэргийн хохирогч болж жилд 1.2 сая хүн хилийн чанадад болон эх орондоо бусдад худалдагдаж, гэмт хэрэгтнүүд жилд 7-12 тэрбум ам.долларын ашиг олдог гэсэн тоон үзүүлэлтийг олон улсын хүний эрхийн байгууллагаас гаргаад байна.

ЭД ЭРХТНИЙ НАЙМААНЫ ЗОЛИОС БОЛСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГОМДЛЫГ ШАЛГАЖ БАЙНА

Хүн худалдах гэмт хэргийн хохирогчид ихэнхдээ амьдралаа сайжруулах, гадаад, дотоодод өндөр цалинтай ажилд орох, богино хугацаанд ахиухан мөнгө хураахыг хүссэн 16-25 насны охид, эмэгтэйч үүд байдаг. Ялангуяа гадаадад гарч ажиллаж сурах сонирхолтой, санхүүгийн хувьд баталгаагүй охид, эмэгтэйчүүд энэ гэмт хэргийн золиос болох нь элбэг. Сүүлийн жилүүдэд хүн худалдах гэмт хэргийн үйлдлийн арга улам нарийсч, гадаадад өндөр цалинтай ажилд зуучилна гэдэг байснаа оюутны тэтгэлэгт хамруулна гэх мэтээр анхаарал татмаар гоё үгээр хуурч, авч явдаг болжээ. Ийм аргаар эмэгтэйчүүдийг хилийн чанадад худалдаж буй бол дотоодод ч бас хүн худалдах гэмт хэрэг гарч, хууль хяналтын байгууллагад шалгуулж, заримыг нь шүүхээр шийдвэрлээд байна. Монгол Улсад 2006 оноос хойш хүн худалдах гэмт хэргийн хохирогч болсон 226 хүн байгаа бөгөөд хохирогчдын тоо жил бүр л нэмэгдэж байгаа аж. Зөвхөн 2013 онд гэхэд хүний наймааны 16 хэрэгт 19 хүн холбогдож, 35 эмэгтэй бие сэтгэлээрээ хохирсон байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд өдгөө ЗБГХТГ-т 11 хохирогчтой, АНУ-ын иргэн холбогдсон хэргийг шалгаж буй.

Хүний наймааны хэрэгт зөвхөн охидын биеийг хүчээр үнэлүүлэх үйлдлийг ойлгож болохгүй нь. Манай улсын иргэд эд, эрхтний наймааны хохирогч болж болзошгүй байгаа талаар хууль хяналтын байгууллагынхан сэрэмжлүүлж байна. Тухайлбал, манай иргэд гадаадад эмчилгээ, оношлогоо хийлгэхээр зорчих болсон. Энэ үед нь ухаан алдуулж, шинжилгээ хийхдээ эрүүл эрхтнийг нь авсан гэх мэдээлэл гарах болсон. Үүнийг хууль хяналтын байгууллагынхан албан ёсоор тогтоогоог үй юм билээ. Гэхдээ ийм гомдол хууль хяналтын байгууллагад ирсэн гэх. Баттай эх сурвалжийн өгсөн мэдээллээр эд эрхтнээ алдсан гэх нэг гомдол ЗБХГТГ-ын Хүн худалдах гэмт хэрэг мөрдөх тасагт ирснийг шалгаж эхлээд буй гэнэ. Тиймээс хүн худалдах гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд иргэд өөрөө өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангах хэрэгтэйг хууль хяналтын байгууллагаас сануулж байна.

Сэрэмжлүүлэг болгох үүднээс бүсгүйчүүдийг худалдсан хэргээс уншигчдад хүргэе. Энэ эмэгтэй харьд бус, эх орондоо бусдад дамлагдаж, хохирогч болсон нь анхаарал татаж буй юм.

ХОТ ҮЗЭХ ГЭСЭН БИШ ХҮНИЙ НАЙМААНЫ ХОХИРОГЧ БОЛОВ

Хөдөөгийн хүүхдүүд хоттой танилцах хүсэл мөрөөдөл дүүрэн. Тэдний нэг М гэх 16 настай охин зуныхаа амралтаар ар гэрийнхнийхээ зөвшөөрөлгүйгээр сэмхэн хотод иржээ. Мэдээж хотод ирснийх Зайсан толгой, Сүхбаатарын талбай, Хүүхдийн паркаар зугаалахгүй бол нийслэлийг үзээгүйтэй адил. М энэ маршрутаар аялж байтал Сүхбаатарын талбайд түүнтэй тааралдсан Мандах гэх залуу “Танилцъя. Чи ямар хөөрхөн охин бэ” хэмээн дагасаар танилцжээ. Орой болсон хойно очих газаргүй, таньж мэдэх хүнгүй тул Мандахыг дагаж, Баянхошуунд байдаг гэрт нь очжээ. Мандах ч гэртээ их л сайхан аашилж, М-д хоол унд хийж өгч, улмаар өвөртөө оруулж чадав. Тэд маргааш нь орой болтол гэрээс гараагүй бөгөөд 20.00 цагийн үед Мандахын ааш хувирч, “Чи надаас зугтах юм бол хаа байгаа газраас чинь олоод ална шүү” хэмээн сүрдүүлж, улмаар богино банзал өмсгөн, нүүр амыг нь будаад дагуулан гарчээ. Ингэж явах замдаа “Чамайг зогсож байхад хүн ирээд явах уу гэж асуувал хоногийн 30, цаг нь 15 гэж хэлээрэй. Тохиролцоод явахаар болбол над руу дагуулаад ир” гэжээ. Ингээд Мандах Сүхбаатарын талбайд очоод М-ээс холгүй байр байдлыг нь харж зогсов. Ингээд эхний оройдоо гурван хүнд охиныг худалдаж, бэлгийн мөлжлөгийн хохирогч болгочихоод мөнгийг нь өөрөө авчихаж. Энэ талаар хохирогч М хавтаст хэрэгт “Намайг сонирхсон хүмүүстэй уулзаж байхад Мандах ирж, мөнгийг нь аваад тэр хүмүүсийн хамт зочид буудалд оруулдаг байсан. Тэгээд нэг цагийн дараа зочид буудлаас намайг авдаг байсан. Энэ мэтээр долдугаар сараас есдүгээр сарыг дуустал өдөр алгасалгүй миний биеийг үнэлүүлж байсан. Мөнгийг нь дандаа Мандах авдаг байсан, надад нэг ч төгрөг өгч байгаагүй. Биеэ үнэлэхгүй, хэцүү юм байна гэхээр “Ална шүү” гээд зоддог байсан болохоор би түүнээс айгаад хэлснийг нь хийдэг байсан. Шөнө нь ингэж биеэ үнэлээд өдөр нь Мандахын гэрт хамт байдаг байсан” хэмээн мэдүүлжээ.

Хүний наймааны нэр төрөл болох бэлгийн мөлжлөгийн золиос болсон М-ыг Мандах Баярмаа гэх эмэгтэйтэй танилцуулсан бөгөөд тэр хүүхэн хохирогчийг дагуулан такси хөлслөн явж, Сүхбаатарын талбай, Саппоро, Модны-2 гэх зэрэг газарт аваачин мөн л бусдад биеийг нь үнэлүүлж байжээ. Ингэхдээ өдөрт 3-4 хүнтэй хавьтуулдаг байсан гэнэ. Хохирогч М тэднээс зугтахыг хэд хэдэн удаа оролдсон ч баригдан, зодуулж байсан аж. Энэ тухайгаа хавтаст хэрэгт “Баярмаа эгч надад бас л мөнгө өгдөггүй байсан. Би энэ байдлаас гарч зугтах гэж оролддог байсан. Гэвч ямар ч боломж гарч байгаагүй. Буудлаас түрүүлж гараад зугтах гэхээр л Баярмаа эгч үүдэнд сахиад сууж байдаг” гэж тайлбарлажээ. Мөн Мандах мэдүүлэгтээ “Би М-ыг бусдад худалдсан юм байхгүй. Тэр миний салсан эхнэр У-гийн хувцсыг өмсөөд оргож, зугтаж байсан” хэмээсэн байх юм. Сураггүй хоёр сар гаруй болсон охиноо хайж ээж нь нутгаараа их явжээ.

Эцэст нь хотод биеэ үнэлж явсан тухай сургийг нь нутгийн хүмүүсээс сонссон байна. Түүний дагуу ээж нь нэг бус удаа хотод ирж хайсан боловч олоогүй гэнэ. Хамгийн сүүлд Хайлаастад айлын хашаанд, Баярмаагийн хамт гэр хөлслөн амьдарч байхад нь олжээ. Хохирогч охины ээж Э “Би охиноо аймаг, сумандаа сар гаруй хайгаад олоогүй. Тэгтэл Хайлаастад айлд байж байсан. Энэ Баярмаа гэдэг хүүхэн миний охинд богино банзал өмсгөөд яг янхан шиг болгочихсон байсан. Түүнээс хойш ийм замд ороод байна” хэмээн мэдүүлжээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн шүүх хэлэлцээд “Насанд хүрээгүй хүнийг ашиг олох буюу мөлжих зорилгоор худалдсан. Ингэхдээ хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эмзэг байдлыг нь далимдуулсан, гэртээ нуун орогнуулсан” гэм буруутайд тооцож, Мандахад долоо, Баярмаад таван жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин