“Баатарлаг гялгар уут”-ыг форумдацгаая!
“Монголын эдийн засгийн форум” хэмээх хэн хэзээ ямар үр дүнд хүрсэн нь мэдэгдэхгүй, мэдэгдэж байгаа ч үгүй нэгэн хурал өнөөдөр нээлтээ хийж байгаа бололтой. Юутай ч миний мэдэхийн хэдэн аймгийн Засаг дарга нар ирж өглөө нээлтэд нь оролцоод “хот орж ирснийх” гээд үд дунд нь тойргийнхоо гишүүдийн өрөө ширээгээр эргэлдэнэ. Олдохгүй бол ордноор сэлгүүцээд зарим нэг нь яамны үүд сахиж бичиг цаас хөвөрдөөд, гадаадаас ирсэн төлөөлөгчид нь цагийн зөрүүндээ ядарч унтсан, хэвлэлүүдээр сурталчилгаа цацаж сүрийг үзүүлсэн “хэлбэрдэлт” энэ жил дахиад л болж байх шиг байна.
Өмнөх хуралдаануудаар юу шийдсэн юм бэ? Ямар шийдэл, шийдвэрт хүрээд аль үеийн Засгийн газар гаргасан заавар зөвлөмжөөр нь явсан юм бэ? Эдийн засгийн форумд оролцож чадахгүй ч гэсэн хэдэн санаагаа “Монголын үнэн” сониноороо дамжуулан эрхэм форумчид та бүхэндээ өргөн барья.
1. Сценари
Дэлхийн татах хүчнээс тасарчихсан дарга, саад нар, хиймэл дагуул шиг хэдэн нөхдийг өглөө эртхэн ирвэл харах боломжтой. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч нээж үг хэлэх мөчид нүүрэн талын эгнээнд суух гэж бараг л зодоон болох тул мээстээ булаацалдаж “цөм цохилцдог” Нарантуулынхнаас дутахгүй хөөрхөн дажин болдог юм. Мэдээж “ухаалаг төр”, “давхар дээл” гэх мэтийн холбоо үг бүхий бүтэн жил “зажлаад явчихаар” яс шидэх бөгөөд эднээс аль нь ч бүтэхгүй, бүтээгүйг нь та бид бэлхнээ мэднэ.
Өдрийн талд нь том том саад нар шалнаас тааз хүрсэн том дэлгэц дээр слайд яриад “Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана, битгий давар” хэмээх дууг бараг яриад өгнө. Өдрийн талд нь салбарын саадууд нь их бага танхимуудад ирсэн форумчдаа хуваан авч ороод “Хамаг юм сайхан байна, харин та нар минь хичээ” хэмээн “тархины угаал үйлдэнэ”. Маргаашаас нь ёстой жинхэнэ хэлэлцүүлэгтээ арай гэж нэг юм орно. Форумчдын ихэнх нь эрх баригчдын “долоогч”, “сайн долоогч”, “онц сайн долоогч”, “төгс долоогч” хэмээх шалгуур үзүүлэлтүүдээр шалгарсан нөхдүүдээр асуулт тавиулаад мөн хариулж хамаг цаг баран дарга нар эвшээх бөгөөд энэ олон төрлийн долоогч нарын араас үнэн бодит юм ярих, асуух, хариултаа авах гэхээр “Хоол цай болохоо байлаа, дараагийн хурлын цаг боллоо, бичгээр саналаа өгчих” гэсээр байгаад хурал дуусдаг номтой. Хараарай, энэ сценарийн дагуу явах нь баталгаатай.
2. Битгий өр тавиад байгаачээ!
Манай хотын дарга баатар гуай мэргэн сайхан санаа олж БОНД гаргана гэнэ ээ. Яг л Портуун хэмээх бөө зайран саадын заасан замаар урагшаа тууж яваа бололтой. 400 тэрбум төгрөг гэдэг чинь энэ хот байтугай Монгол Улс дааж ядан чардайх их өр юм. Авах мөнгөө, зээлэх багцаагаа мэдэж байгаа баатар дарга ямар төсөл, хөтөлбөрт зарцуулахаа огт бодоогүй яваа.
"Чингис" бондыг анх авч байхад юунд зарцуулахаа мэдэхгүй л тууж явсан шүү дээ. Түүнтэй яг адилхан. Бүтэн жил өнгөрч байж сая нэг юм Портуун саад “888 төсөл шалгарлаа” хэмээн ятга, морин хуурын цоглог аянд золгож байхдаа зарлаж харагдана билээ.
Улаанбаатар хотын даргын ухаан санааг нь хэн ингээд угаагаад хаячихдаг юм, бүү мэд. Өөрийн гэсэн толгойтой, мэдлэгтэй, ядаж бонд гэж юу болох, хэрхэн юунд зарцуулах, зарцуулсан мөнгөө хэзээ яаж олох, хүү болон зээлээ хэзээ яаж төлөх талаар санаа зовж бодсон бичил бөө зайран саад нийслэлийн хэмжээнд нэгээхэн ч алга.
Улаанбаатар хот өр тавьж болоод байхад аймаг дүүргүүд яадын, аймаг дүүргүүд өр тавьж болоод байхад сумдууд яадын, сум өр тавьж болоод байхад баг, хороод яадын гээд төрийн байгууллагын шат нэгж бүр бонд гаргаж өр тавих өвчин тусаад эхэллээ. Болиулж өгөөч ээ.
3. Баатарлаг гялгар уут
Гялгар уут хийгээд хогтой тэмцэж байгаа гэнэ ээ. Хуучин засгийн үед мод чулуухан хөдөлгөөд “Ийм ч бүтээн байгуулалт, тийм ч бүтээн байгуулалт” хэмээн даналзаж байдаг Засаг дарга нарын өөдөөс хиймэл зүлэг хийлээ гэж нүүр нүд рүү нь микрофоноо чихэх дөхдөг байсан сэтгүүлчид гялгар уутан дээр ёстой таг чиг байна. Баатарлаг хотын даргын “хаалтын гэрээ”-ний ач тус бас энэ бөлгөө.
Өнгөрсөн 2013 онд 2.7 тэрбум төгрөгөөр “баатарлаг ногоон гялгар уут” хийгээд ч ёстой дээр доороо орж дээл хувцсаа уралцан байж талыг там болтол нь хогтой тулалдаад бараагүй тул энэ жил 4.5 тэрбум төгрөгөөр “Баатарлаг ногоон гялгар уут” ахиухан хийлгэж II вээрс буюу бүүр бариултай болгож байгаад “Азийн цагаан дагина” нэрээ буцааж авах гэтэл Twitter-чид “Юу яриад байгаа юм бэ! Эмнэлэг, сургууль цэцэрлэг бариач! Ядаж коридорт хэвтэж байгаа хүүхдүүдэд зориулж өргөтгөл бариач! Дунд оврын нисдэг тэрэг аваач!” гэх мэт хамаагүй дээр бүтээлч санаанууд санал болгосон нь олон нийтийн дэмжлэг авч хөдөлгөөн ч өрнөв.
Гэтэл баатарлаг даргын хувьд хогтой тэмцэх ганц арга зам нь “Баатарлаг ногоон гялгар уут”-ыг яаж ийгээд хийх нь туйлын зорилго тул хогны мөнгө гээд тушааж байгаа төлбөрийн талыг нь цавчаад ногоон уутаа хийх шийдвэр гаргачихдаг байна.
Ёстой хэлэх ч үг олдохоо болилоо. Хүүхэд уйлахаараа айлгана, хөгшин хүн үхэхээрээ айлгана, баатар дарга татаж унадгаараа айлгасаар байгаад тас гүрийх нь энэ. Болимоор юм!
Шигтгээ: Уржнан жилийн форумаар “Хунтайж” залран ирж монгол хүний үнэ цэнэдээ нэгдэж Чингис хааны суу алдар, гүн ухааныг олж нээж тогтоосныг Византын төлөөлөгч нар ирээд хүн төрөлхтний нээлт болсон тухайгаа хэлж "Ийгл" телевизийн зочин болоод форумын онигоо болгов уу гэтэл форум өөрөө онигоо болсон байлаа.
Форумын үр дүн: Зүгээр л “дүр эсгэнэ”. Амжилт олоод эсвэл олох гээд байгаа юм шиг дараагийн баахан “төлөвлөгөө” ярина. Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг байгууллагын гаргасан дүгнэлтүүдийг цаг гаргаад сонсчих зориг зүрх бүүр ч байхгүй. Монгол Улсын эдийн засаг өвчин туссан байгаа гэдэг нь нэгэнт тодорхой байхад ямар өвчнөөр өвдсөн тухай нь гадаадын “доктор” гуай хэлээд өгье гэсэн ч хэлүүлэхгүй байх нь мэдээж юм.
Монголбанкны бөөрөнхийлөгч ер нь гадаадын шинжээчдэд дургүй. Тэдний гаргасан дүгнэлттэй огт санал нийлдэггүй бөгөөд арилжааны банкуудын гадаад захирлуудад бүүр ч дургүй нь Монголд ажиллаж байсан зарим захирлуудын Bloomberg-т өгсөн ярилцлагуудаас харагддаг.
Зарим нэгийг нь дарамтална, хөөж тууна. Форумаас үр дүн гарахгүй гэдэг нь баталгаатай. Худлаа үнэн, нэг зөвлөмж ёс болгоод гаргах боловч хэн ч түүгээр нь 00 цаас хийхгүй гэдэг нь бас л баталгаатай.
Хоёр жилийн дараа эмчилнэ ээ!
Давхар дээлтэй засаг төрөөс ямар ч үр дүн гарахгүй нь нэгэнт тодорхой болсон. Дарга даамал хэт олширсон. Хөрөнгө оруулагчид нэг сайдтай ярилцдаг байсан бол нөгөөх нь гурав болоод үржчихсэн. Бүгдтэй нь ярилцана. Дээрээс нь авлига нэхдэг болчихсон. Энэ бол одоо Монголын Засгийн газрын туссан өвчин-хорт хавдар юм.
Гэвч энэ хорт хавдрыг энэ жил биш, ирэх жил ч биш, 2016 оны дундуур эмчилж эхлэх бөгөөд тэр хүртэл хорт хавдраараа хадан гэртээ очно уу, модон гэртээ хэвтэж байна уу, ёстой мөнх хөх тэнгэрийн тааллаар эзэн Чингис хааны ивээл л мэдэх хэрэг болжээ.
Б.Цогтгэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ