Э.Энхбатыг машинтайгаа явж байхад нь тусгайгийнхан баривчилжээ
-ХАР ТАМХИ ХАДГАЛСАН, ХЭРЭГЛЭСЭН ГЭЖ БУРУУТГАЖ БАЙГАА ГЭНЭ-
"Шар" хочит Энхээ буюу Э.Энхбатыг хар тамхины хэргээр баривчилсан гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан билээ. Албаны эх сурвалжийн мэдээллээр түүнд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тэрбээр саяхан БНХАУ-д байж байгаад ирсэн аж. Түүнийг хэсэг залуусын хамт машинтайгаа явж байхад нь Улсын мөрдөн байцаах газрын Хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн цагдаагийн тусгайгийнхантай хамт очиж баривчилжээ. Түүний гэрт нь нэгжлэг хийх үеэр хар тамхины төрлийн ургамал гарч ирсэн аж. Иймд түүнийг хар тамхины төрлийн бодис хадгалсан, хэрэглэсэн хэмээн буруутгаж буй аж. Зарим эх сурвалж "Түүнийг хар тамхины хэргээр бус бусдын өмч шамшигдуулсан байж болзошгүй" гэж үзэж буй тухай хэлсэн юм. Гэрт нь нэгжлэг хийх үеэр цагдаагийнхан ямар үндэслэлээр Э.Энхбатыг баривчилж буйгаа ар гэрийнхэнд хэлээгүй бөгөөд нэгжлэг хийх шаардлагатай "мэдүүлэг өгөх үү" хэмээн эхнэрээс нь асууж байсан тухай түүний ойрын эх сурвалж хэлсэн юм.
Эрүүгийн 192 дугаар зүйл анги нь тус хуулийн хорин хоёрдугаар бүлэгт багтах Хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт хамаарч буй юм. Тэгэхээр түүнийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэж оролдсон гэж үзэж буй бололтой юм.
Э.Энхбатын гэрээс олдсон хар тамхины төрлийн бодисыг "Э.Энхбат өөрөө хэрэглэдэг байсан" гэж мэдүүлжээ. Учир нь тэрбээр олон жилийн өмнө “Ганц худаг”-т хоригдож байхдаа гурван давхраас үсэрч байгаад хөлөө гэмтээж байсан аж. Энэ явдлаас хойш хөл нь өвдөж, өвчин нь сэдрэх бүрт хар тамхины төрлийн дээрх ургамлыг татаж тайвширдаг тухайгаа ч хуулийнханд хэлсэн аж. Баривчлагдахдаа машиндаа тэрбээр 4-5 залуутай хамт явж байсан гэнэ. Тэдгээр залуус түүний удирдлагад, зарим нь хамгаалагчаар нь ажилладаг залуус гэнэ. Э.Энхбатын ойрын эх сурвалжаас энэ талаар тодрууллаа.
-Э.Энхбатыг баривчлагдсаныг хэзээ мэдсэн бэ?
-Ийм мэдээлэл гарсныг би олон нийтийн мэдээллийн хэрэгслээр харсан. Ар гэрийнхэн рүү нь ярьтал "Ямар учраас түүнийг баривчилж байгааг хуулийнхан хэлээгүй. Нэгжлэг хийгээд явсан" гэж хэлсэн.
-Дэд бүтцийн сайд асан Б.Жигжид гуайн хүргэн гэсэн. СӨХ-ны дээд зөвлөлтэй Э.Энхбат ямар холбоотой юм бэ?
-Э.Энхбат Дэд бүтцийн сайд асан Б.Жигжидийн хүргэн. Түүнийг хадам аавынхаа байгуулсан СӨХ-ны Дээд зөвлөлийн нэрээр СӨХ-доос 11 жилийн турш татвар авч байсан гэх мэдээлэл бас гарсан байна лээ. Б. Жигжид Дээд зөвлөлд ажиллаж байсан. Хадам аавынх нь ажилтай түүнийг холбож бичээд байгааг гайхаж байна. Э.Энхбат чинь тэр дээд зөвлөлтэй ямар ч холбоогүй хүн шүү дээ. СӨХ гэдэг чинь нийтийн эзэмшлийнх. Э.Энхбат болохоор хувийн хаустай хүн түүнд тэр ямар хамаа байх вэ.
-Тэдний гэрээс хар тамхины төрлийн бодис олдсон гэнэ?
-Хар тамхи хэрэглэсэн гэдэгт би итгэхгүй байгаа. Тэр хүнийг би сайн мэднэ. Хар тамхинаас болж баривчлаагүй байх.
-Хар тамхи, зохион байгуулалтай тэмцэх хэлтсийнхэн баривчилсан гэхээр энэ төрлийн хэргээр орсон нь тодорхой юм биш үү?
-Хар тамхи ч биш байх. Хэн нэгнээсээ хариу авах гэсэн зорилготой хэрэгт гүтгэчихлээ л гэж бодож байна гэсэн юм.
Харин албаны эх сурвалж "Э.Энхбатыг мансууруулах төрлийн бодис хадгалсан, бусдад борлуулсан гэх хэргээр шалгаж байгаа. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Түүнд холбогдох хэрэг гэж асуугаад явахын оронд та нар хар тамхины хэргийн талаар сэрэмжлүүлэг гаргах хэрэгтэй шүү дээ" гэв.
Юутай ч түүнийг хар тамхины хэргээр шалгаж ийн эхэлжээ. Мөн зарим нэг хэвлэлд Э.Энхбатыг БНХАУ-д амьдарч байхдаа хар тамхины бүлэглэлтэй холбогдсон. БНХАУ-аас мансууруулах бодис авчирч, өөрийнхөө доор ажилладаг залуусаар заруулдаг гэх мэдээлэл гарчээ.
"Шар" Энхээг баривчлагдахаас сарын өмнө түүний жолооч, туслах гэгддэг Жошуа хэмээх залуу "Люмино" хамтлагийн дуучин, АПУ компанийн дэд захирлын хүү Б.Батхишигийг дарамталж байсан удаатай. Учир мэдэх хүмүүсийн яриагаар бол Э.Энхбатыг хар тамхины хэрэгт холбогдуулан байцааж байгаа боловч үнэн чанартаа өс хонзонгийн өөр бус сэдэлтэй холбоотой гэх таамаг байна.
Г.ЯЛГУУН
СЭТГЭГДЭЛ БИЧИХ