М.Ананд Хакухог унагаснаар башёг хошуучилж эхэллээ

Мэргэжлийн сүмогийн Хару башёд хэн түрүүлэх вэ гэдэг асуултын хариуд нөлөөлөх маш чухал барилдаанууд болж өнгөрлөө.

14 дэх өдрийн барилдаанд тэмцээнийг 1 унаатай хошуучилж явсан хоёр сүмоч хоорондоо таарсан нь ёкозүна Хакухо, озэки Какүрюү нар байлаа.

Өчигдөр Хакухог өвдөг шороодуулж нэг унаатай болгосон озэки Котошогикү өнөөдөр Харумафүжи ёкозүнатай таарч барилдан ёрикири мэхээр давснаар дараалан хоёр аваргыг унагаж шуугиан дэгдээлээ.

Ингэснээр озэки Котошогикү тавин хувийн амжилтаа үзүүлж 8 даваа 6 унаатай болсон бол башёгийн эхний 11 өдөр дараалан давж унаагүй хошуучилж байсан ёкозүна Харумафүжи сүүлийн гурван өдөр дараалан өрсөлдөгчдөдөө өвдөг шороодож 11 даваа 3 унаатай болж түрүүлэх боломжоо алдаад байна.

Харин дээр дурдсан ёкозүна Хакухо, озэки Какүрюү нарын барилдаан зүй ёсоор олны анхаарлыг ихэд татаж байсан бөгөөд энэ башёд аварга цолны болзол сонсоод буй озэки гайхалтай барилдаан үзүүлж ёрикири мэхээр ёкозүнаг давсан юм. Энэхүү маш чухал давааг авснаар Какүрюү М.Ананд түрүүлэх замаа заслаа гэж хэлж болно.

Ингэснээр окэки Какүрюү 13 даваа 1 унаатай ганцаараа тэргүүлж эхэлсэн бол, Хакухо 12 даваа 2 унаа, Харумафүжи 11 даваа 3 унаатай болж удаалж байна.

Маргааш хоёр ёкозүна хоорондоо таарч барилдах ба Какүрюү М.Ананд хоёр аваргыг дараалан өвдөглүүлсэн озэки Котошогикүтэй барилдах юм.

М.Анандын барилдаанаас бүх зүйл шалтгаалах бөгөөд тэрээр өрсөлдөгчөө ялж чадвал хоёр аваргын барилдаанаас үл шалтгаалан Хару башёд түрүүлэх боломжтой.

Харин Какүрюү М.Ананд өрсөлдөгчдөө ялагдвал Хакухо аварга Харумафүжиг давсан тохиолдолд нэмэлт барилдаан хийж ялагчийг тодруулах болно.

Бусад монгол сүмочдын хувьд Кёкүтенхо Н.Цэвэгням египетийн сүмоч Осунаарашиг ялж 9 даваа 5 унаатай, Азамарюү С.Тодбилэг 6 даваа 8 унаатай, Таканоива А.Баасандорж 9 даваа 5 унаатай,Кагамио Б.Нанжид 5 даваа 9 унаатай, Тамаваши Б.Мөнх-Оргил 4 даваа 10 унаатай, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 7 даваа 7 унаатай тус тус башёг үргэлжлүүлэн барилдаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ