Хөдөлгөөний дутагдлаас үүсэх өвчнүүд

Шинжлэх ухааны хөгжил, түүнийг дагасан хэт их техникжилт, компьютер нэвтрэх, хөдөлмөр хөнгөвчилсөн олон тооны багаж техник төхөөрөмж ажил, амьдралд хэдий ихээр нэвтрэх тусам бидний дунд ялангуяа оффисын ажиллагсад, оёдолчин, багш, эрдэм шинжилгээний ажилчин, оюутан, сургуулийн сурагчид интернэт комьютерийн ард удаан хугацаагаар сууж ажиллах болсон. Суугаа ажиллах хугацаа уртсаж байгаатай холбоотой нийт хүмүүсийн дунд хөдөлгөөн хомсдох, түүнээс үүсэх олон төрлийн өвчин эмгэг элбэгшиж байна. Иймд хөдөлгөөн хомсдолоос аль болох ангид байх, боломжтой үед өөрт болон бусдад зааж сургах, амьдрал ахуйдаа хэрэглэж хэвших тэр болзон хүмүүсийн санаанд ордоггүй энгийн аргуудаас товчхон танилцуулъя.
Монголчуудын дунд яригддаг суудлын өвчин гэж хэлэгдээд байгаа уг үндэс нь хөдөлгөөн хомсдолоос үүссэн байдаг.
Үүнд:
-таргалалт – буюу жингийн нэмэгдэл
-Геморрой – буюу ардуудын ярьдгаар цагаан мах гарах
-Чихрийн шижин хоёрдогчоор бий болох
-Артерийн даралт ихсэлт улмаар зүрх судасны эмгэгт хүрэх зэрэг өвчнийг хэлж болох юм.
Таргалалт:
Хөдөлгөөний хомсдол, хоол тэжээлийн замбараагүй дэглэм, ажил амьдралын буруу зуршил, хөдөлмөр хөнгөвчилсөн арга, багаж техник ихээр нэвтрэх нь хүний байгалаас заяасан хөдөлгөөний идэвхт байдлыг багасгаж бие махбодид орж буй хоол тэжээлийн бодисын задрал нийлэгжилтэнд өөрчлөлт орж бие организмд өөх тосны бодисууд ихээр хуримтлагддаг.

Хүний таргалалт нь хэтэрхий их идэх, суумгай хөдөлгөөн багатай байх зэрэг амьдралын гадаад хүчин зүйлс, мэдрэл дотоод шүүрлийн булчирхайн эмгэг зэргээс шалтгаалж болно.

Гадаад шалтгаантай таргалалт нь голдуу хэвлий, аюулхай, нуруу шилэн хүзүү зэргээр таргалж харин гуя, дөрвөн мөчний хэлбэр байдал өөрчлөгддөггүй.

Дотоод шалтгаантай таргалалт нь өнчин тархины үйл ажиллагаа муудсанаас эхэлнэ. Энэ нь хэвлий, өгзөг, гуя, мөр зэргээр өөх байрлах, бэлэг эрхтэний хөгжил хоцрох, бэлгийн ажиллагаа эрс доройтох шинж илэрдэг. Бамбай булчирхайн өөхлөлт нь булчирхайн ажиллагаа буурсан үед тохиолдох бөгөөд өөх нь бүх биеэр тархсан байдаг.

Их таргалалтаас болж амархан ядрах, залхуу болох, өөх их хуралдах тусам хөдөлгөөн хязгаарлагдаж зүрх судасны хэвийн үйл ажиллагаа алдагдаж эхэлнэ. Судас доторх өөх ихээр хуримтлагдсанаас судасны хана хатуурах, нүх нь нарийсан захын эрхтэнүүдэд очих цусны хэмжээ багасан бие махбодид гарах өөрчлөлт удаан хугацаагаар бидэнд мэдэгдэхгүйгээр гарч байдаг. Иймд хэт их таргалахгүй байх, дасгал хөдөлгөөн тогтмол хийж байх, долоо хоногт 1-2 удаа ямар нэгэн спортоор тогтмол хичээллэж байх нь чухал. Хүний санаанд ордоггүй, амьдралд хэрэгжүүлэхэд төвөггүй маш энгийн боловч үр дүнтэй хэдэн аргыг хэлье.

1. Ширээний ард сууж байхад утас дуугарч хүнтэй утсаар ярих бол заавал босож утсаа авч боссон чигээрээ ярьж дуусгах

2. Хаа нэгтээ хүнтэй уулзах, такси унаа автобус хүлээх зуураа, юм үзэж сонирхон зогсож байх зуураа, ширээний ард хуралдан босох завгүй сууж байхдаа ер нь хаана ч хэзээ ч хийж болох энгийн дасгал бол бүх биеийнхээ булчинг нэг чангалж нэг сулруулах дасгалыг суугаа боссон аль ч байдалд нэг удаад 8-10 удаа хийгээд хэвших

3. Боломжтой бол нэг сайхан биеэ барилгүй чөлөөтэйгээр инээж сурах

4. Боломж гарвал 1-2 цаг сууж ажиллаад 5-10 минут босч хөдөлгөөний энгийн дасгалуудыг хийх ба аль болох сууж босох тонгойх гэдийх зэрэг том мөчдийн хөдөлгөөнийг хийж хэвших

5. Өрөө тасалгаандаа цэвэр агаар тогтмол оруулж байх хэрэгтэй.
Таргалалтаас сэргийлэх гол аргын нэг бол зөв хооллолт, зөв дэглэм байдаг. Та хоолондоо өөх тос ялангуяа, амьтны гаралтай өөх тосыг бага хэрэглэх, нэг дор хэт их хооллох, хэт хоол сойгдон өлөн явах, хайрсан хуурсан, хоносон, удаан хугацаагаар хадгалсан, муудсан хоол хүнсийг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Элсэн чихэр болон архи тамхины хэрэглээг багасгах. Тамхи судасны ханыг хатууруулж хөгшрөлтийг хурдасгадаг Хэрэв та таргалахгүй байхыг хүсвэл “Өглөөний цайг хатан хаан шиг, өдрийн зоогийг гүнж аятай, оройн гүнцэгийг гуйлгачин мэт хүрт ” гэсэн үг байдгыг санаж яваарай.
- Хоногт хэрэглэх, авч байх ёстой мах, өөх тос, уураг, нүүрс ус, аминдэм, витамин, микро элементийн норм хэмжээг мэргэжлийн хоолны эмчээс зөвлөгөө авч хэрэглэж сурах хэрэгтэй. Зун халууны улиралд аль болох цагаан идээ хэрэглэж байх нь чухал.

Цагаан мах гарах буву геморрой
Манайхан яриад сурчихсан энэ өвчин нь удаан хугацаагаар суугаа ажилтай хүмүүс, мөн хол замд удаан явдаг тээврийн жолооч нарын дунд элбэг тохиолддог өвчин бөгөөд анагаах ухаанд бол геморрой буюу шулуун гэдэсний гарах хэсгийн судасны багцын цусны эргэлтийн зогшингийн улмаас хошного анусны амсар болон дотор хэсэгт судасны цүлхэн үүсч үрэвсэхийг хэлдэг.
Үүнээс сэргийлэхийн тулд хөдөлгөөн дасгал тогтмол хийх, сууж буй сандал зөөлөн буйдан шиг биш аль болох хатуу гадаргуутай байх, янз бүрийн массаж болохоор товруутай суудлын олбогтой байх хэрэгтэй.
Нэг энгийн арга бол цаг тутам30-60 секундын турш анус буюу хошногны амсраа умайлгаж хавчих дасгалыг хийж сурах хэрэгтэй, Ингэхэд тэр орчмын цусны эргэлт сайжирж ирдэг байна.
Дээр үед манай ард түмэн эрэгтэй нь замилж суух, эмэгтэй нь нэг хөлийн өсгийг анусандаа тааруулан суудаг байсан нь энэ геморрой өвчнөөс сэргийлэх арга болж байсан байх юм.

Чихрийн шижин
Хөдөлгөөний хомсдол, таргалалт нь чихрийн шижин өвчин үүсгэх гол хүчин зүйлүүдийн нэгд ордог. Нойр булчирхайн эсээс ялгарах инсулин дааврын дутагдлаас чихрийн шижин үүсдэг. Энэ өвчин нь хүний биеийн чухал эрхтэн болох зүрх, бөөр, нүд, мэдрэлийн системийг гэмтээдэг. Хэрэв энэ өвчнөөр өвдсөн бол ам ихээр цангах, арьс загатнах, хараа муудах, амархан ядарч сульдах, зүрх өвдөх зэрэг олон шинж тэмдэг илэрдэг. Ихэвчлэн суугаа ажил эрхэлдэг, хөдөлгөөн багатай ажил хийдэг, таргалах хандлагатай 50-аас дээш насны дийлэнхдээ эрэгтэйчүүд илүү ихээр өвчлөх магадлалтай байна. Энэ нь эрчүүдийн хоолны дэглэм, ажлын ачаалал, архи тамхи гэх мэт хорт зуршил, хэт их удаан хугацаагаар сууж ажиллах, амралт ажлын зохицуулалт муу зэргээс их шалтгаалдаг. Иймд хоолны дэглэм сайн барих зөв зохистой хооллох, биеийн тамир спортоор тогтмол хичээллэх, ажил амралтаа сайн зохицуулж байх нь таргалалт хөдөлгөөний хомсдолоос гарах цаашлаад чихрийн шижин болон судас хатуурах даралт ихсэх зүрх судасны архаг хууч өвчнөөр өвдөхгүй байхад тустай.

Хэрэв таны цусан дахь сахарын хэмжээ хэвийнхээс / норм 5,5 -6,6 ммоль / их гараад байвал даруйхан нарийн мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авч хяналтанд байх хэрэгтэй.
Даяарчлалын эрин үед, улс орон нийгэм, шинжлэх ухаан, техник технологи хурдацтай хөгжихийн хэрээр таны байгалаас заяагдсан хөдөлгөөн өөрийн эрхгүй хомсдох боловч та өөрийн хөдөлгөөний дутагдлаа цаг алдалгүй гаргаж амьдралын идэвхтэй байдлаа цаг ямагт дээшлүүлж хөдөлгөөний хомсдолоос сэргийлж амьдрах нь таны эрүүл энх, урт удаан жаргалтай амьдралын эх үндэс нь юм шүү.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин