Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг барьцаалж 10 сая доллар авчээ

“Жаст” группын захирал асан Ш.Батхүү Монголыг дахин их хэмжээний өрөнд оруулах хууль бус ажил хийснийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна.

Түүнийг хуурамч бичиг баримтаар уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний буюу 104 сая ам.доллар залилсан хэрэгт буруутган шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын явцад Ш.Батхүү нь бичиг баримт хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон юм. Тиймээс өнгөрсөн оны наймдугаар сараас хойш ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа.

Тэгвэл тэрбээр ганц "Эрдэнэт үйлдвэрээс гадна "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг гадны банкинд барьцаалсан байжээ. Ингэхдээ ТӨХ-ны дарга асан Д.Сугартай хамтран хуурамч бичиг баримт үйлдсэн байна.

Тодруулбал, 2009 онд Ш.Батхүү, Д.Сугар нар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг барьцаанд тавьж Америкийн “HSBC” банкнаас 10 сая доллар авчээ. Ингэхдээ Ш.Батхүү нь “Дархан төмөрлөгийн үйлдвэр”-ээс их хэмжээний цувимал бүтээгдэхүүн худалдан авах хуурамч гэрээг тус үйлдвэрийн дэд захирал Р.Уламбадрахтай байгуулсан байна.

Харин тухайн үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар хуурамч гэрээг нь баталгаажуулан гарын үсэг зурж өгч байжээ.
Тус гэрээнд зааснаар 40.000 /дөчин мянга/ тонн ган бөмбөлгийг 1 тонныг нь 795.000 төгрөгөөр нийт 31.800.000.000 /гучин нэгэн тэрбум найман зуун сая/ төгрөгөөр худалдан авах үнийн дүнтэйгээр байгуулжээ.

Ингээд 2009 оны 7 сарын 10-ны өдөр “Дархан төмөрлөгийн үйлдвэр”-ийн дансанд Америкийн “HSBC” банкнаас 10 сая доллар гэрээний урьдчилгаа төлбөр гэж орж ирсэн байна. Харин тус мөнгө шилжиж орж ирсэн даруйд 10 сая долларыг “Жаст” группын данс руу буцаан шилжүүлж, гаргаж авсан байдаг аж.

Шалгалтын явцад тэдний хууль бус үйл ажиллагаа нь хэд, хэдэн баримтаар нотлогдсон байна.

Үүнд:

1. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”, "Жаст" группын хооронд байгуулсан гэрээ нь Төмөрлөгийн үйлдвэрийн архивт байдаггүй.

2. “Дархан Төмөрлөгийн үйлдвэр”-ийн гэрээний бүртгэлийн дэвтэрт“ЖАСТ” групп нэрээр биш Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр гэсэн нэрээр бүртгэгдсэн.

3. Тус гэрээний дагуу цувимал бүтээгдэхүүн худалдан авах нийлүүлэлт хийгдээгүй.

4. 10 сая доллар шилжиж орж ирсэн өдөр нь “Жаст” групп руу буцааж шилжүүлсэн.

5. “Жаст групп”, “Дархан төмөрлөг” компанийн байгуулсан гэрээнээс өөр ТӨХ-ны дарга Д.Сугараар батлуулсан гэрээ байдаггүй.

6. Гэрээнд заагдсан цувимал бүтээгдэхүүний хэмжээ нь Төмөрлөгийн үйлдвэрийн нэг жил ажиллаж хийх бүтээгдэхүүн аж. Гэтэл 2009 онд хаягдал төмөр байхгүй гэдэг шалтгаанаар үйлдвэр ажиллагаагүй байсан зэрэг баримтууд тогтоогдоод байгаа юм байна.

Уг хэргийг цаашид цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгах өгөөд Америкийн “HSBC” банкнаас авсан 10 сая долларыг юунд зарцуулсан болох, Д.Сугар болон бусад нь хэрхэн хувааж авсан ямар үүрэгтэй оролцсон зэргийг тогтоох юм байна. Уг хэрэгт Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал Т.Ганболд ч холбогдсон гэнэ.

Мөн Монгол улс Америкийн “HSBC” банкинд 10 сая долларын өрөнд дуудагдаж магадгүй байдалтай байгаа гэж эх сурвалж мэдээллээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин