Л.Баттогтох: 23 настай охин 180 см өндөртэй, том эрийг ганцаараа хөнөөж чадах уу
АНУ-ын иргэний аминд хүрсэн хэрэгт буруутгагдан хоёр шатны шүүхээс 23 жилийн хорих ял сонсоод буй Ч.Баттуулын өмгөөлөгч Л.Баттогтохтой ярилцлаа. Тэрээр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандахаар бэлдэж байгаа аж.
-Хоёр шатны шүүхийн шийдвэр Ч.Баттуулд 23 жилийн ял оноолоо. Цаашид ямар арга хэмжээ авах гэж байна?
-Мэдээж хандана. Би анхнаасаа УМБГ, Нийслэлийн прокурорын байгууллагаас шалгасан мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу дулимаг хийгдсэн гэх гомдлыг гаргаад яваад байгаа. Хэдийгээр анхан шатны шүүхээс 23 жилийн хорих ялыг оногдуулан ч давж заалдах шатны шүүхээс онц хэрцгий аргаар гэдэг хэсгийг нь хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ ял нь хэвээрээ байна. Онц харгис хэрцгий аргаар гэдэгмаань хэргийг хүндрүүлэн үзүүлэх нөхцөл байдлыг үүсгэдэг. Харин хүндрүүлэх нөхцөл байдлыг авчихаад байхад ялын хэмжээг хэвээрээ байгаад сэтгэл дундуур байна. Тиймээс хүмүүнлэг хууль энэ хэрэгт үйлчлэх ёстой гэж бодож байгаа юм.
-Мөрдөн байцаалт дутуу дулимаг хийгдсэн гэдгээ тайлбарлавал?
-Хэд хэдэн зүйлийг нэмж шалгамаар байгаа юм. Тухайлбал, Ч.Баттуул буудаж чаддаг уу үгүй юу гэдэгт туршилт хийх, “Найрамдал” явах замд хар тамхины дээж өгсөн эсэх, ямар хүмүүс тэнд байсан зэргийг шалгах шаардлагатай байгаа юм. Хэргийн газар болсон процесс ч сонин. Тэр хүний цогцосыг булахад тийм хэмжээний шороогоор булах боломж Ч.Баттуулд байсан уу, үгүй юу. Мөн хэргийн газарт буугаар буудсан ул мөр, сумны хонгио зэрэг байх ёстой. Энэ ерөөсөө ул мөргүй байгаа шүү дээ. Энэ хэргийг маш нарийн шалгах хэрэгтэй.
-Хар тамхины асуудал яригдаад байгаа. Тэгэхээр энэ хар тамхины хэргийг нарийвчлан шалгасан юм уу?
-Хар тамхины хэргийг ер нь шалгаагүй. Угаасаа болсон процесс хэргийн талаар Ч.Баттуулын мэдүүлэгт л хөтлөгдөөд явчихсан байгаа. Тэгэхээр энэ хэрэгт тайлагдашгүй оньсого үүсчихээд байна. Гагцхүүүүнийг хуулийн байгууллага, бид нар л тайлах үүрэгтэй. Би бол энэ хэргийн “оньсого” тайлагдаагүй гэж үздэг. Хохирогч Жон Мартин гэгч нөхрийг хар тамхи хэрэглэдэг байсан, урьд нь ч хэрэглэдэг байсан гэдэг мэдээллийг Ч.Баттуул өөрөө мэдүүлсэн байдаг. Тэгэхээр энэ мэдээллийг шалгах шаардлага зайлшгүй байгаа. Жон Мартин гэдэг хүн маань өөрөө ямар төрлийн хар тамхи хэрэглэдэг хйигээд Монголд ямар төрлийн хар тамхийг оруулж ирсэн гэдгийг нягтлан шалгах шаардлагатай байгаа. Ч.Баттуулын мэдүүлгээр хохирогч урьд нь өвс татдаг байсан гэсэн. Мөн тугалган цаасанд ороож татдаг байсан ч гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл энэ бүгдийг шалгаагүй.
-Адаглаад Жон Мартин Кийн хар тамхи хэрэглэдэг байсан эсэх талаар Тайвань улсын хуулийн байгууллагаас тодруулсан болов уу?
-Үгүй. Тэгэхээр манай хуулийн байгууллага Жон Мартин Кийний хар тамхи хэрэглэдэг байсан талаар Тайвань улс руу албан тоот явуулж шалгуулж болно. Энд бас хар тамхи авчирж, тээвэрлэсэн үү гэдгийг ч шалгаж болно шүү дээ. Мөн хар тамхины дээжийг Ч.Баттуулд өгсөн, харин Ч.Баттуул “Найрамдал” явах замд өөр хүмүүст тухайн хар тамхийг өгсөн үү, үгүй юу гээд шалгах маш их зүйл байгаа.
-Жон Мартин Кийнийг манай улсын хилээр хар тамхи оруулж ирсэн гээд байгаа. Тэгэхээр манай улсын гаалийнхан хайхрамжгүй ажиллаж байна гэсэн хардлага төрж байна?
-Нисэхийн гаалийн байцаагч нараас ганц, хоёр удаа мэдүүлэг авсан байдаг. Гэвч Жон Мартин Кийнийг хар тамхи оруулж ирсэн нь батлаагүй байгаа. Яагаад гэхээр ямар нэг сэжигтэй санагдсан, баттай мэдээлэл байгаа тохиолдолд л хар тамхи байна уу эсэхэд гаалийнхан шалгалт хийдэг. Өөр тохиолдолд шалгадаггүй шүү дээ.
-Тэгэхээр тухайн хар тамхишалгагдаагүй орж ирсэн гэсэн үг үү?
-Ер нь шалгагдаагүй орж ирсэн гэхэд болно. Мөрдөн байцаалтад гаалийнхныг гэрчээр нэг, хоёр л удаа дуудаж энэ талаар асуусан. Энэ бол гэрчийн мэдүүлэг болохоос хэргийг шалгаагүй.
-Таны зүгээс 25 настай охин ганцаараа тийм хэрэг үйлдсэн байх боломжгүй гэж үзээд байдаг?
-Ч.Баттуул хоёр жил цагдан хоригдсон гэхээр одоо 25 нас хүрээд байгаа. Тэгэхээр 23 настай хүн 180 см өндөртэй, том биетэй хүнийг ганцаараа хөнөөж чадах эсэх эргэлзээтэй. Шөнийн 02.00 цагт, өвлийн хүйтэнд ес эхэлчихсэн байхад хохирогчийг буудаж хөнөөгөөд, газарт булаад, шатаагаад зогсож байна гэдэг сонин. Газар хөлдсөн үед, шөнийн 02.00 цагт ганц бие, 23 настай охин газар ухаж цогцсыг шороогоор булж байна гэдэг хэний ч санаанд багтамгүй. Ер нь Ч.Баттуулын машинд хүрз байсан эсэх ч шалгагдаагүй шүү дээ.
-Ч.Баттуулын мэдүүлэг, хэргийн газраас олдсон буу хоёр зөрөөд байгаа гэсэн?
-Ч.Баттуул анхны мэдүүлгээр арван сумтай автомат бууны найман сумаар нь би шүршчихсэн гэж мэдүүлсэн байдаг. Бүр 60 метрийн зайнаас гэж байгаа шүү. Гэтэл шөнийн 02.00 цагт 60 метрийн зайнд тэр хүнийг автоматаар шүршинэ гэдэг санаанд багтамгүй. Адаглаад үзэгдэх орчин ямар байх уу гэдэг сонин. Мөн уг буу маань ангийн зориулалттай буу байсан. Ангийн зориулалттай буу, байлдааны буу хоёр ялгаатай. Байлдааны буу шүршиж бууддаг. Ангийн буу нэгийн галаар бууддаг. Тэгэхээр Ч.Баттуул анх өгсөн мэдүүлэгтээ шүрчихсэн гээд байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байгаа юм.
-Мөрдөн байцаалтын явцад Ч.Баттуул сэтгэл санааны хүнд нөхцөлд байцаалт өгсөн байгаа. Тэгэхээр байцаалт өгч байх явцад сэтгэлзүйч Ч.Баттуултай тулж ажиллаж байсан уу?
-Сэтгэлзүйч ажиллах үүрэг байхгүй. Харин сэтгэлзүйч энэ хүн хэрэг хариуцаж чадах эсэхэд л хяналт тавьж, дүгнэлт гаргах ёстой. Ер нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар ямар нэг хэргийн холбогдогчид яллах талын баримт байхад цагаатгах талын баримтыг заавал биелүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, энэ байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн цагаатгах талын баримтыг хуулийн байгууллага хангаагүй гэж би үздэг. Тийм баримт ч ховорхон байгаа гэж бодож байна.
-Сүүлийн өгч байгаа хэд хэдэн мэдүүлэгт хэргийг өөр дээрээ тохсон нь гэр бүлээ аврах гэсэн оролдлого гэж мэдүүлсэн гэсэн. Үнэн үү?
-Угаасаа Ч.Баттуул хүний дарамт, сүрдүүлгэнд автаж хэргийг өөр дээрээ тохсон нь одоо энэ байдалд хүргээд байгаа. Одоо бол бүгдийг ойлгож манай гэр бүлийн сүйтгэнэ гэсэн учир би хэргийг өөр дээрээ тохсон. Энэ бүхнийг гэр бүлээ аврахын тулд л хийсэн гэж мэдүүлээд байгаа.
-Хэрвээ Дээд шүүхээс ялыг хэвээр үлдээвэл цаашид яах вэ?
-Ер нь бол би цаашаа явахгүй байх. Ардчилсан энэ нийгэмд шударга шүүхээр шийдүүлж байгаа. Тиймээс Дээд шүүхэд маш их итгэж байна.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ