Анандынхаа дээлний захыг мушгиж сууя
Энэ сарын башёд манай озэки Какүрюү Анандад аварга цолны болзол сонсгосон. Өнгөрсөн тэмцээнд цагийг эзэлсэн их аваргатай түрүү байрын төлөө барилдсан түүнд ийн итгэл хүлээлгэсэн нь сайхан хэрэг. Гэхдээ том цолны болзол сонссон бөхчүүд сэтгэл санаа тогтворгүй болж нэг л үлбэгэр барилдаад байдаг гэмтэй. Харин М.Ананд хэзээний аварга хүн шиг барилдаан бүрдээ хянамгай гарч ирж байгаа нь аргагүй л аваргын энтэй болсон нь харагдаж байна. Хару башёгийн гурав дахь өдөр унасныг эс тооцвол ямар ч хий гаргаагүй есөн даваа авлаа. 69, 70 дахь ёкозүна ид үе дээрээ байгаа өнөө цагт тэдний дундуур эзэн хааны цом авна гэдэг хэн хүний чадах зүйл биш аж. Какүрюү аргагүй л аваргын зиндааны бөх гэдгээр нь Монголчууд бахархаж сууна.
Мангалжалавын Ананд 1985 оны наймдугаар сарын 10-нд Улаанбаатар хотод төржээ. Мэргэжлийн сумод 2001 оны Кюүшюү башёд анхныхаа барилдааныг хийсэн тэрээр 2002 оны нэгдүгээр сарын тэмцээнд Жонокүчи зиндааны 32-оос босч 5-2 гэсэн амжилт үзүүлэв. Ганцхан башё барилдаад зэрэглэл дэвшсэн Ананд Жониданд 3, Санданмэд 10 башё барилджээ. Энэ хооронд хоёр ч удаа Жонидан руу унасан байна. Ингээд 2004 оны Нагоягийн тэмцээнд 7 даваатай, нэг ч уналгүй түрүүлж Макүшитагийн 14 дээр бичигдэв. Барилдааны арга туршлага нэмэгдсээр 2006 оны Кюүшюүгийн дэвжээн дээр анхныхаа дээд зиндааны барилдааныг хийсэн аж.
Маэгаширигийн наймаас босч барилдсан тэрээр 8-7 гэсэн амжилт үзүүлж Макүүчи зиндааны байнгын гишүүн болжээ. 2012 оны Нацү башёд озэки болтлоо уран барилдааны шагналыг 7 удаа, гарамгай барилдааны шагналын эзнээр 2 удаа тодров. Ялангуяа 2012 оны Хару башёд 13 даваа 2 унаатай түрүүхийн бөхийн төлөө өрсөлдсөн. Мөн гарамгай болон дайчин бөхийн шагналыг авч өөрийгөө ирээдүйн аварга гэдгийг зарласан билээ. Какүрюү Ананд дээд зиндаанд 10 башё арав буюу түүнээс дээш даваа авч, хоёр удаа түрүү бөхийн төлөө барилдаж хоёуланд нь Хакухо Даваажаргалд унаж байв.
Харин энэ сарын башёд түүний хоёр их аваргатай хийх барилдаан бүхнийг шийднэ. Өдгөө есөн даваатай явж байгаа Ананд тэмцээний сүүлийн өдрүүдэд озэки Кисеносато, Котошигикү, ёкозүна Хакухо, Харумафүжи нартай барилдана. Гэхдээ сумогийн холбоо, аваргуудын зөвлөл тухайн бөхийг аварга цолтой бөхтэй хэрхэн барилдаж байгааг нь илүү үнэлгээ болгодог аж. Иймд хэдхэн хоногийн дараа сумогийн 71 дэх, Монголын дөрөв дэх ёкозүна болох гэж буй Анандынхаа дээлний захыг мушгиж суух л үлдлээ.
М. Золбаатар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ