СТА Г.Бадамрагчаа: Намайг хилс хэрэгт шалгагдаж байх зуур тендерт төсөвлөгдсөн 220 сая төгрөг алга болсон
Өнөөдөр кино найруулагч, СТА Г.Бадамрагчаа сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Түүнийг “Төрийн эсрэг хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт сэжигтнээр татагдан хуулийн байгууллагын хаалга татаж, тодорхой хугацаанд цагдан хоригдсон нэгэн. Гэвч гэм буруугүй гэдэг нь шүүхээр тогтоогдсон учраас тэрбээр өөрт тохиолдсон дарамт шахалтынхаа талаар нийтэд мэдээлэхээр сэтгүүлчдийг урьсан нь энэ аж. Түүнийг цагдан хоригдож байх хугацаанд ТЕГ-ын мөрдөн байцаагч нар дарамтлаж, сэтгэл зүйн гүн шоконд оруулж байсныг дурдаад өөрийг нь шалгаж байсан байцаагчдыг холбогдох хууль хүчний байгууллагаар шалгуулах болсноо мэдэгдсэн юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Танд холбогдох хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагаатгасан шүү дээ. Хэрэг явдал нэгэнт дууссан байхад яагаад сэтгүүлчдэд хандах болов?
-Одоогоос хоёр жилийн өмнө намайг төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн гэж үзэж ТЕГ-аас баривчилж, мөрдөж шалгаад “Ганц худаг”-т гурван сар хорьсон. Хоёр жилийн хугацаанд нэлээд зовоосон. Энэ оны хоёрдугаар сарын 28-нд болсон шүүх хурлаар уг хэргийг хэрэгсэхгүй болгож намайг цагаатгасан. Энэ бол эхнээсээ зохиомол, гүжир гүтгэлгийн чанартай хэрэг байсан. Тиймээс би Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Монгол улсын Ерөнхий прокурорын газарт өргөдөл гаргаж байна. Өргөдлийн утга нь, энэ зохиомол хэргийг надад тулгаж байх явцдаа мөрдөн байцаагч Энхтөр, Цогтбаатар нарын хүмүүс Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Үндсэн хууль гэх мэтчилэн хууль тогтоомж зөрчиж, дарамталж, зовоож янз бүрийн аргаар мэдүүлэг авч байсан асуудлыг шалгуулах юм. Энэ өргөдлөө чимээгүй аваачаад өгчихгүй хэвлэлийнхэнд хандаж байгаа маань дээрх хүмүүс яахаас ч буцахгүй хүмүүс учраас сэрэмжилж байгаа хэрэг. Энэ өргөдлийг өгснөөр миний амь нас, гэр орны аюулгүй байдалд заналхийлэх магадлал өндөр байгаа юм. Тиймээс ийм өргөдөл өгч байгаагаа албан ёсоор ард иргэдийнхээ сонорт хүргэх гэж хурал зарлалаа.
-Та яагаад тэр хүмүүсийн зүгээс дарамт иржмагадгүй гэж үзээд байгаа юм?
-Яагаад гэвэл хоёр жилийн хугацаанд тэднийг ямар хүмүүс вэ гэдгийг би мэдсэн. Намайг яаж дарамталж, ямар байдлаар ажлаа хийдэг болохыг мэддэг болсон учраас. Би хэннэг хүний мууг үзэх гэсэндээ биш, иймэрхүү арга ажиллагаатай нөхдүүд хууль, тагнуулын байгууллагад байх ёсгүй юм. Ийм хүмүүс байгаа нөхцөлд цаашид олон хүнийг хэлмэгдүүлэх магадлал өндөр гэдгийг онцлон хэлмээрбайна.
-Хэргийг хэрэгсэхгүй болгосны дараа танд ямар нэг байдлаар дарамт шахалт ирсэн үү?
-Нууц дугаараас залгах, чагнах гэх мэтчилэн асуудлууд байдаг. Энэ болгоныг шалгуулах хүсэлт өгсөн газрууд шалгаад эхлэхээр дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэсэн бодолтой байна.
-Таныг бас киноны тендерийн асуудлаар хөөцөлдөөд яваа гэж сонссон?
-2012 онд тухайн үеийн БСШУЯ-наас түүхэн киноны тендер шалгаруулах уралдаан зарласан. Би тавдугаар сарын 7-ны өдөр “Модун Шаньюй” киноныхоо материалыг тэнд өгчихөөд явж байгаад баригдаж, “Ганц худаг”-т гурван сар хоригдсон. Энэ хугацаанд нөгөө уралдаанд манай кино шалгараад, 220 сая төгрөгийн тэтгэлэг улсаас авах болсон юм билээ. Ингээд тухайн үед сайд байсан Ё.Отгонбаярын тушаал гарсан байдаг. Би наймдугаар сарын 6-нд батлан даалтад гарч ирээд, энэ уралдаанд шалгарснаа мэдээд, хөөцөлдөөд явахад БСШУЯ байхгүй болоод ССАЖЯ байгуулагдаж, хөл толгой нь мэдэгдэхгүй байсан. Тэгэхэд надад “Хариуцсан газрын дарга чинь томилогдоогүй байна. Томилогдохоор наад асуудлаа ярь” гэсэн. Ингээд Н.Оргил гэж хүн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Гэтэл тэр хүн “Чи гэмт хэрэгт холбогдсон юм байгаа биз дээ. Юу солиороод байгаа юм. Энэ тендер хүчингүй” гэсэн хариулт өгсөн. Шүүхээс намайг гэм буруутайг тогтоогоогүй байхад гэм буруутайд тооцох ёсгүй байдаг.
-Тендерийн мөнгөө олж авахаар хөөцөлдөж байгаа гэсэн үг үү?
-Энэ тендерийн асуудлыг хэн, хэзээ хүчингүй болгочихов. Тэр төсөвлөгдсөн 220 сая төгрөг хаачив гэдэг асуудлаар мөн АТГ, ШӨХТГ, ССАЖ-ын сайд, Төрийн нарийн бичгийн дарга, шинээр томилогдсон газрын дарга нарт албан ёсоор хариу өгнө үү гэсэн хүсэлт явуулж байгаа юм. -Цаашдаа ямар уран бүтээл дээр ажиллах төлөвлөгөөтэй байна? -Би уран бүтээлч хүн. Гэвч хууль хүчнийхэний гүтгэлэгийн шинжтэй зохиомол хэргээс болоод бүтэн 3 жилээ алдлаа. Гэвч би залуу хүн. Өөрт тохилдсон зарим асуудлыг шийдчихээд уран бүтээлийн ажилдаа орно доо. Uls.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ