Бээжингийн Монгол биеэ үнэлэгчид буюу Салянтуны үдэш
Нутаг нэгтнүүд маань Зүүн Өмнөд Ази дахь хар тамхины мафийн гар хөл болж, “Цагаан тахал” хэмээх аюулт барааг нь тээвэрлэдэг болсоор удав. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн ухвар мөчид бодолтой зарим маань хүний нутагт цаазаар авахуулах, насаараа хоригдох ял шийтгүүлэн амьдын тамд унаж байна. Бид өмнөх дугаартаа хар тамхи тээвэрлэж яваад баригдсан монгол иргэдийг шүүсэн шүүхийн үйл ажиллагааг сурвалжилж нийтэлсэн. Энэ удаад хар тамхи тээвэрлэгчдийн нэг сүлжээ болох биеэ үнэлэгчдийн талаар сурвалжилснаа хүргэж байна.
Биеэ үнэлэгчид хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдийн гар хөл, дамжуулагч болдог гэдэг юм билээ. Бээжинд биеэ үнэлдэг монгол бүсгүйчүүд хар тамхины мафийн ханд тээвэрлэгч олоход нь тусалдаг гэсэн мэ дээллийн мөрөөр сурвалжлав. Томоохон хотууд нэг дүүргээ, эсвэл хотын нэг хэсгээ зугаа цэнгээний гол төв бол госон байдаг.
Бээжингийн шөнийн цэнгээний гудамж хотын төвөөс нь холгүй байх Салянтун аж. Түм түжигнэж, бум бужигнасан энэ гудамжинд хятад залуусаас гадна гадаадын жуулчин олноороо ирдэг. Үндэсний хувцсаараа гоёсон гудамжны театрынхан дуулж, бүжиж байхад тэднээс таван алхмын цаана Майкл Жексоныг дуурайж хувцасласан залуу уйгагүй бүжихийг харсан гадаадын жуулчид мөнгө харамгүй өгөх аж.
Хуучир хөгжмөөр Хятадын ардын аялгууг чадварлаг тоглох өвгөн өрөөсөн хөлгүй харагдав. Дугуйндаа чиргүүл нэмж, суудал засаж, улаан даавуугаар гоёсон хятадууд “welcome, welcome” гэж жуулчдыг урина. Тэрхүү гудамжинд “The Den” гэх нэгэн баар байдаг.
Тэр бааранд монгол бүсгүйчүүд биеэ үнэлж, гаднынхны халаасыг нимгэлдэг юм байна. Үүдэндээ харуул хамгаалалттай тэрхүү бааранд 30 юань төлж ордог. Ихэвчлэн Европын жуулчид байх тэрхүү бааранд хятад, монгол, солонгос нь мэдэгдэхгүй олон бүсгүй урт янжуур зуун, ус уунгаа эрчүүдийн харааг булаахыг хичээх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ