Гэмт хэргийн цуврал 5: Хэлгүй, дүлий эмээг хөнөөсөн хэрэгтнийг хоёр жилийн дараа илрүүлжээ
Цагдаагийн байгууллагад ажил үйлс, ур чадвараараа бусдыгаа хошуучилж, ээдрээтэй, онц ноцтой гэмт хэргийг илрүүлсэн хүн цөөнгүй бий. Тэдний нэг хурандаа Ц.Даваадоржийн илрүүлсэн нэгэн хэргийн талаар сонирхуулъя. Хурандаа Ц.Даваадорж Хөвсгөл аймгийн цагдаагийн хэлтсийн даргаар томилогдон очоод эзэнгүй хүн амины онц ноцтой хэрэгтэй танилцаж. Хэрэгтэй танилцах явцад ганц бие хэлгүй, дүлий Хажид гэгч эмгэний амийг хөнөөсөн хэрэг анхаарлыгнь татсан аж. Ингээд хэлтсийн төлөөлөгч Н.Барнямтай хамтарч хэргийг дахин шалгаж эхэлснээр гэмт хэрэгтнийг илрүүлжээ.
Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд Хажид гэдэг нэгэн эмгэн байж. Хэлгүй, дүлий эмээг харж хандах хүн байхгүй ч нутаг усныхан нь чадах чинээгээрээ тусалдаг байж.Бурхан түүнд амьдралын баяр баясгалан, зовлон гунигийг бусадтай хуваалцах боломж олгоогүй ч эмээ бусадтай дохио зангаагаар сэтгэл санаагаа ойлголцон амьдардаг байсан аж.
Түүний ээж бага байхад нь бөө, удганд охиноо удаа дараа авч очиж, арга чарга олонтоо хийлгэсэн чгазар дээрх ганц охин нь хэлд ороогүй гэдэг. Ингээд аргаа бараад өвөг дээдсийнхээ шүтэж ирсэн сахиусаа хүзүүнд зүүж өгсөн аж.
Сумын төвд ямар нэгэн арга хэмжээ болно эмээ хамгийн түрүүнд очиж арын суудалд байнга л сууж байна. Сумын клубын хамгийн идэвхтэй үзэгч түүнд нутгийнхан их хүндэтгэлтэй хандан суудалд нь өөр хэн ч суудаггүй байж. 1980 оны 12 дугаар сарын 30-нд Улаан-Уул сумынхан клубтээ цугларч “Шийдэх алхам” кино үзэж байхад Хажид эмээ хэзээний байраа эзлээд инээд алдан үзэж суусан аж. Гэтэл маргааш нь сумын шинэ жилийн үдэшлэг болоход эмээ харагдсангүй. Баярлажхөөрсөнсумынханэмээг анзаарсангүй өнгөрчээ.
Тэр өдрөөс хойш эмээг харсан хүн бараг үгүй. Хамар хашаанд нь амьдардаг Ц гэх эмэгтэй хааяа зав гарган эмээтэй аяга цайгаа хувааж уудаг байж. Гарч, орж байгаа нь харагдахгүй байхаар нь эмээгийнд орлоо. Хэдэн өдөр гал түлээгүй хүйт даасан байшиндаа эмээ хэвтэж байх юм гэнэ. Эмэгтэй сэрээх санаатай дөхөхөд толгойн тус газар нь цөмөрч, аль эрт амьсгал хураасан байв. Яаралтай цагдаагийн газарт мэдэгдсэн ч эзэн холбогдогч нь олдохгүй байсаар эзэнгүй хэргийн тоог нэгээр нэмжээ.
Ц.Даваадорж хурандаа ээдрээтэй энэ хэргийн үзлэгийг эхнээс нь хийжээ. Ганц бие эмгэнийг нутаглуулснаас хойш гэрт нь очсон хүн үгүй. Бүх зүйл нь байдаг байрандаа яг хэвээр. Хэргийн газрын үзлэгийг хийхэд түлээний хайрцагны ёроолоос 2000 төгрөг олдож. Эмээгийн байнга өмсдөг малгайг хурандаа сайн ажжээ.
Хиймэл үстэй малгайны бүч нь тас татагдан, бас их илэгдэн хуучирсан байв. Өөрөөс нь өөр эдлэх хүнгүй, хэн нэгэнтэй муудалцдаггүй түүний малгай яагаад урагддаг билээ гэсэн таамаг тавиад, хоёр жилийн өмнө шүүх эмнэлэгт явуулсан эмээгийн тархины зургийг нарийн шалгажээ. Гэтэл малгай толгойдоо дэндүү томдохыг олж тогтоов. Эндээс л мөрдөн шалгах ажил эхэлсэн гэдэг. Тухайн үед суманд хэн хэн энэ малгайг худалдан авсан, хэдэн ширхэг ирсэн гээд л шалгаж гарч.
Дэлгүүрийн худалдагч хоёр жилийн өмнөх явдлыг мартсан учир тодорхой мэдээлэл өгч чадсангүй. Ингээд Н.Барням байцаагчид эмээтэй хамгийн ойр дотно байсан гэх Ц-г олж уулзан мэдүүлэг авах үүргийг хурандаа өгчээ. Ц Дархан хотод шилжин суурьшсан ч араас нь хайсаар олж уулзжээ. Эмэгтэй Хажид эмээгийн талаар ярин нулимс дуслуулж байсан гэдэг. Байцаагч эмээгийн гэрээс олдсон малгайг үзүүлэхэд Ц харангуутаа талийгаачийнх биш байна гэж хэлжээ. Харин сумынхаа Ж гэгчийн малгай мөн болохыг хэлжээ.
Учир нь тэрбээр хэрэг гарахаас хэдхэн хоногийн өмнөбүчийг нь оёж өгч байснаа санажээ. Ингээд хурандаа мөрдөн байцаагч хоёрт Ж-г хайх ажил гарлаа. Ж гэгч хэрэг гарсны дараахан ноос хулгайлсан хэрэгт татагдан Мааньтын хорих ангид ял эдэлж байсан юм. Ажлаар нийслэлд ирсэн Ц.Даваадорж хурандаа Мааньтаас Ж-г авчран Ганцхудагт саатуулан байцааж эхэлжээ. “Мэдэхгүй. Би талийгаач хөгшнийг таних ч тухайн үед уулзаж байгаагүй” гэж мэлзсээр байж. Мөрдөн байцаагчийн ур чадвар, ухаанаа гарган шалгасаар гэмт хэрэгтэнг хэлэх үггүй болгож чадсан хурандаа Ц.Даваадорж онц ноцтой гэмт хэрэгтнийг илрүүллээ.
Ж хүнээс мөнгө зээлээд төлж чадахгүй баахан уджээ. Аргаа барж яах учраа мэдэхгүй явж байгаад сумын дэлгүүрт орж. Гэтэл Хажид эмээ хүзүүнээсээ салгадаггүй сахиуснаасаа мөнгө гарган хүнсний зүйл худалдан авч байгааг хараад хэрхэн мөнгө салгах тухай бодож эхэлсэн аж. Гуйхаар өгөхгүй гэдгийг мэдэж байгаа учир булааж авах уу, хулгайлах уу гэж толгойгоо хашилгасаар нэг орой хоёр шил архи аваад эмээгийнд очжээ. Эмээ хэвтэх гэж байсан ч Ж-ийн хажууд сууж нэг шил архи хамт уужээ.
Өндөр настай болсон тэрбээр согтоод унаад өгөнгүүт Ж сахиусыг тастан авчээ. Гэрээс нь гарах гэж байтал ньэмээ араас татан сахиусаа нэхсэн гэдэг. Өгөхгүйгнь мэдсэн эмээ муухай орилж, зүүгдсээр байж. Хүн мэдчихнэ гэж сандрахдаа Ж зуух түшүүлэн тавьсан сүхээр толгойнд нь цохижээ.
Амьсгал хураасныг мэдээд хөгшнийг оронд нь хучиж орхиод ум хумгүй зугтахдаа эмээгийн малгайг андуурч толгойдоо тавьснаа мэдсэнгүй. Маргааш нь гэрт нь орж солих гэсэн боловч шинэ цас хаялаад орж чадалгүй явсан аж.
Цагдаагийнхан гэмт хэрэгтнийг хайж эхлэх үед Ж ноос хулгайлж шоронд санаатай суужээ. Өрнөөсөө салах гэхдээ хөөрхий эмгэний амийг хөнөөсөн тэрбээр сахиусыг нь нээтэл 10 төгрөгийг нандигнан хадгалсан байжээ. Ээж, ааваас нь үлдсэн сахиусаа бусдад алдчихгүй гэхдээ эмээ орилон, уйлсныг Ж мөнгөө өгөхгүй гэхдээ чаргууцалдаж байна гэж бодон онц ноцтой гэмт хэрэг үйлдсэнээ хүлээсэн гэдэг. Монгол Улсын нэрийн өмнөөс түүнд зохих ялыг оноожээ.
Х.Оюунсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ