Энэ цагийн "Эдийн засгийн алуурчид"-ыг С.Баярцогт тэргүүлж байна

Эдийн засагт "Улаан гэрэл" аслаа хэмээн сөрөг хүчнийхэн хашгирч байна. УИХ дахь цөөнхийн бүлгийн дарга С.Бямбацогт "Найман шарга" валют арилжааны төвд ажиллаж иргэдтэй уржигдар уулзлаа. Эрх баригчид цөөнхийн бүлгийн энэ үйлдлийг тийм ч таатай хүлээж авахгүй байгаа.

Тиймдээ ч "Бодит байдлыг хэт дэвэргэж байна" гэж удаа дараа тайлбарласан. Хэрэв тийм бол МАН-ынхан ам.долларын ханш тэнгэрт хадаж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ханш өдрөөс өдөрт нэмэгдэж байгаад баярлаж суугаа болж таарах нь. Үнэндээ улстөрчдийн хэн нь иргэдээ чин сэтгэлээсээ өрөвдөөд байгааг ялгахад тун бэрх юм.

Ерөнхий сайд лав Долоо хоног бүр хийдэг уулзалтаараа монголчуудад юу идэхийг нь зааж даапаалдаг болсоор удаж байна. "Улстөрчдийг ухаантай юм уу гэсэн хоосон толгойтнууд байж" гэж халаглах хүн ч цөөнгүй байна. Уг нь Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагынхан маниасаа дээр баймаарсан.

Гэтэл УИХ-ын 76 гишүүн маань эдийн засаг муудсан, муудаагүй гээд л талцаж хэрэлдээд суух юм. Ядах юу байна. Хариултыг нь иргэд бэлхнээ хэлээд өгнө. Бүр ямар ч зардал чирэгдэлгүйгээр шүү. Жаахан бухимдаж л мэдэх юм. Өдрөөс өдөрт үл хөдлөхийн үнэ нэмэгдэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш өсч байна шүү дээ.

Үүнд хэн буруутай юм бэ. Улстөрчид бодит дүгнэлт гаргахад ухаан дутсан учраас иргэд өөрсдөө буруутныг олохоор шийджээ. Учир нь цахим ертөнцийн хамгийн олон гишүүнтэй "Монгол коммент" группийнхэн Монголын "Эдийн засгийн алуурчид"-ыг нэрлэхээр нээлттэй санал асуулга явуулж эхэлжээ.

Санал асуулгад цахим ертөнцийнхөн идэвхитэй хамрагдаж, олон эдийн засгийн буруутнуудыг нэг, нэгээр нь нэрлэж байна. Эдийн засгийг доройтуулахад чухал үурэг гүйцэтгэсэн улстөрчөөр нэгэнтээ Оюутолгойн гэрээг үзэглэж, танхимын нөхөр С.Ганбаатарыгаа олон нийтийн телевизээр хувьсагч мэддэггүй толгой муутайгаар нь цоллож байсан С.Баярцогт тодорчээ.

Толгой сайтай С.Баярцогт Швейцарийн банкинд хадгалуулсан нэг сая ам.доллараа таг мартчихсан байсныг нь Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооныхан дэлгэж, хэрэг мандаж байв. Ийм том хэрэг тарьчихаад С.Баярцогт тухайн үед УИХ-ын дэд даргын албан тушаалаа өгөөд чимээгүй сугараад үлдчихсэн.

Уг нь олон нийт түүнийг "УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзана" гэж итгэж байсан юм. Түүний нэг сэтрийг нь аваад л гишүүн хэвээр үлдээсэн нь шинэчлэлийн Засгийн газарт сөрөг үнэлгээ өгөх хамгийн том шалтгаан байлаа. Одоо С.Баярцогт гишүүн Улс төрийн намуудын тухай хуулийн төслийн боловсруулах ажлын хэсгийг ахалж их л завгүй яваа сурагтай.

"Өөрөө улс төрийн хариуцлага хүлээж чадахгүй албан тушаалтайгаа үлдчихээд өрөөлд зааж, хууль боловсруулж явна гэхээр нэг л сүжиг төрөхгүй" байгааг парламентад суудалгүй намын төлөөлөл хэлж байсан юм. Энэ нь ч үнэний ортой л байх.

Харин дараагийнх нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр. Н.Алтанхуягийн Засгийн газрын хамгийн өөдрөг сайд. Түүнийхээр бол бид сайхан амьдарч яваа. Харин сөрөг хүчнийхэн л болж, бүтэхгүй юм ярьж иргэдийн сэтгэлийг үймүүлээд байгаа юм байх. Эдийн засгийн хөгжлийн сайд "Чингис" бондыг өр биш гэж айлддаг.

"Самурай" бонд манай эдийн засгийн өсөлтийг улам л хурдасгах шидтэй. Гаднаас авсан бонд болгон үр шимээ өгч, манай улс цэцэглэн хөгжинө гэх урамтай үгийг Н.Батбаяр сайд байнга хэлдэг. Засгийн газрын 11-11 тевд өчигдөр ажиллаж иргэдийн асуултад хариулахдаа үргэлж сайн сайхныг бодох нууц аргаасаа иш татсан байна лээ.

Тэгэхээр сайдынхаа зөвлөснөөр "Шатахуун хямдхан байна", "Махны үнэ шалдаа буулаа", "Би байртай болно" гээд л дандаа гэгээтэй юм бодъё. Энэ чинь Монголын мөнгөний бодлогыг барьж байгаа том хүний үг шүү.

"Хаана ч явсан цуг гэж мэдээрэй" гэдэг дуу байдаг билүү. Үүнийг сануулсны учир нь Сангийн сайд Ч.Улаан "Эдийн засгийн алуурчид"-ын дөрөвдүгээрт жагссаныг хэлэх гэсэн хэрэг. Эдийн засгийн хөгжлийн сайдтайгаа дөрөө харшуулаад санал асуулгад тун ч дээгүүр гараад ирлээ.

Ч.Улаан гишүүн 2000-2004 онд Сангийн сайд, 2006-2007 онд Төсвийн байнгын хорооны дарга, 2007-2008 онд Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын албан тушаалыг хашиж явсан. Түүнийг энэ салбарын удирдах ажилд туршлагатай гэдэгтэй нь маргахгүй байх.

Ийм арвин туршлагатай асуудлыг бодитоор харах чадвартай мөртлөө заримдаа Ч.Улаан сайд Сангийн сайдтайгаа нийлээд улайхгүй худлаа ярьдагт нь иргэд дургүй байдаг. Тиймээс хэвлэлийнхэн түүнийг "Улайдаггүй Ч.Улаан" хэмээн нэг бус удаа нэрлэж байв.

Эдийн засгийн хоёр гол яамыг толгойлж байгаа Н.Батбаяр, Ч.Улаан нарыг огцруулах шаардлагыг МАН-ын бүлгийнхэн өнгөрсөн онд тавьсан. Гэвч АН-ынхан олонхиороо түрий бариад хоёр сайдаа түвэггүйхэн аваад үлдчихсэн.

Огцруулах асуудал хэлэлцэх үед чуулганы хуралдаан дээр Н.Батбаяр, Ч.Улаан нар манай улсын эдийн засгийн байдал муудаагүй, бондын мөнгө өр биш гэж өөрсдийгөө хамгаалж байлаа. Харин тэдний ажилд ард түмэн тааруухан үнэлгээ өгч байгаа нь энэ удаагийн судалгаанаас харагдлаа.

Ц.Оюунтунгалаг

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин