Бермудын гурвалжин Хятадын тэнгист нүүдэллэн иржээ
Урьд өмнө үзэгдээгүй дуулиантай хэрэг явдал өмнөд Хятадын тэнгисийн орон зайд болоод байх шиг. Малайзаас Бээжин орох гэж явсан нисэх онгоц агаарт оргүй уусан алга болоод гурав хоноход Малайзийн мөрдөгчид энэ хэрэг явдлын учрыг ерөөсөө олохоо байгаад“skepticism” буюу хүний ухаан санаанд орохооргүй явдал гэж гайхширч сууна. Энэ орон зайд Бермудын гурвалжин нүүдэллээд ирсэн бололтой. Нисэх онгоц сураггүй болсоны дараа Америкийн батлан хамгаалах яам бүр хоёр дахь цэргийн тусгай хөлөг онгоцоогаргаж, мөн арван улс орны 40 хөлөг онгоц, 34 нисэх онгоц хамтран шуурхай эрэл явуулж байгаа боловч тосны толбоноос өөр зүйл олж чадаагүй. Дараа нь Хонконгийн агаарын тээврийн “Cathay Pacific” компанийн нэгэн онгоц сураггүй болсон Boeing-777 онгоцны сэг байж болох томоохон хэмжээний биет далайн усанд байхыг агаараас олж харсан гэх мэдээллийн дагуу хайгуулынхан очоод Малайзийн гайтай онгоц биш болохыг тогтоолоо. Ер нь хаашаа юм болоод байгааг ойлгохооргүй арга мухардаад байна. Тун хачирхалтай алга болсон нисэх онгоцны хувь тавилан юу байх бол. Террорист халдлага гарч онгоц сөнөсөн үү гэхээр, үгүй гээд байгаа. Тэгвэл өөр ямар учиртай байхав?
Тайландын аялал жуулчлалын нэгэн компани хулгайд алдсан паспортоор гуравдугаар сарын 1-ны өдөр хоёр хүний тийз бичсэн баримт бий. Паттая дахь амралт жуулчлалын төвд нэгэн Иран эр очиж гуравдугаар сарын 6-нд Бээжин нисэх тийз захиалсан хэрнээ ажил нь амжихгүй болсон тул хоёр өдрөөр сунгаж өгөхийг хүссэн байна.Энэ хүсэлтийг ёсоор болгосон уриалгахан Тайчууд сүүлд зөвхөн “Ноён Али” гэдэг нэрийг нь мэддэг, олон удаа үйлчлүүлж байсан болохоор ноён Алийг террорист халдлага хийхээр хүн биш гэж бодож байна гэсэн байцаалт өгсөн тухай “Financial Times” сонин мэдээлжээ. Энд л барьж авах нэгэн учиг байж болох юм. Хулгайн паспортоор 19 настай Иран залуу болон өөр нэг Орос залуу ниссэн болохыг одоо тогтоож мөрдлөгө шалгалт явуулж байгаа хэдий ч тэр хоёрыг онгоц барьцаалах, террор хийх нөхдүүд биш гэж үзэж байгаа аж. Нисэх онгоц барьцаалж хаа нэгтэй буулгана гэдэг бэрх асуудал,"Боинг-777-200" онгоц зуун хувь радиолокацийн хяналттай. Харин газрын хяналтын төв болон цэргийнхэн онгоц унасан газрыг шууд бүртгэж авч чадаагүй нь сонирхолтой. Мөн хөлгийн баг түгшүүрийн ямар ч дохио өгч чадаагүй учраас гэнэтийн халдлагад өртсөн байхаар.
Гэтэл нисэх онгоц хяналтын дэлгэцнээс алга болохын өмнө Куала- Лумпурийн чиглэл барьж эргэсэн байсан. Нэг бол онгоц 35 мянган фут (10,6 км) өндөрт гараад бүхээгийн доторхи битүүмжлэл алдагдаж (герметаци) дэлбэрсэн байх магадлалтай. Ийм өндөрт онгоцны бүхээг доторх агаарын даралт унасны улмаас хүчтэй тэсрэлт үүсэх аюултай байдаг учраас багийн гишүүд тухайн агшинд декомпресс (битүүмжлэлээ хадгалах) хийх шуурхай арга хэмжээ авч амжаагүй байж болно. Гэсэн ч дэлбэрэлт боллоо гэхэд онгоцны үлдэгдэл олон мянган километр талбайд тарсан байх ёстой аж.
Энэ мэтийн учир битүүлэг таавар үргэлжилсээр. Хамгийн сонирхолтой нь нисэх онгоцонд явсан нэг хятад төрөл садангийнхаа нэг хүний утсаар хийсэн дуудлагыг хүлээн авсан боловч утас нь тасарсан аж. Малайзийн засгийн газрын комисс энэ баримтыг шалгаж байгаа бөгөөд нисэх онгоц тэнгисийн аль хэсэгт явахад нь утасны дуудлага хүлээн авсаныг тогтоох гэнэ. Малайзийн тээврийн аюулгүй байдлын Үндэсний зөвлөл болон "Боинг" компанийн шинжээчид, АНУ-ын Холбооны мөрдөх товчооны ажилтнууд одоогоор осол болсон байх магадлалтай бүсэд ажиллаж байгаа аж.
Сүүлд авсан мэдээллээр нисэх онгоцоор зорчиж явсан 227 иргэдээс 154 нь Хятад, 38 нь Малайзи, 5 нь Энэтхэг , 7 - Индонези, 7 - Австрали, 4 - АНУ, 3 - Франц, Шинэ Зеланд, Канадын тус бүр хоёр , Орос, Нидерландын тус бүр нэг иргэн байсан байна. Үүн дээр хулгайн паспортоор зорчсон нэг орос нэмэгдэж болох юм. Оросын өөр нэг нөхөр Пукет дахь амралтын газар усны гүнд шумбах дасгалжуулагчаар ажиллаж байсан Эрхүү хотын иргэн юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ