Мартаар гэрээ шатааж танхайрсан бөө залууг эрэн сурвалжилж байна
Жилдээ ганц болдог Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар баярлах нь битгий хэл нөхөртөө дарамтлуулж, доромжлуулж буй эмэгтэйчүүд цөөнгүй байжээ. Үүний нэг жишээ нь бөө залуу гэрээ шатааж, эхнэр хоёр хүүхдээ орох оронгүй болгосон явдал юм.
Тодруулбал Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь Эхийн 1-ийн 1984-ийн А тоотод оршин суугч Б нь эхнэртэйгээ муудалцан хорь гаруй хоног гэрээсээ явсны эцэст Мартаар эзгүй хойгуур нь ирж өөрийнхөө эд зүйлсийг аваад гэрээ шатаан зугтаасан байна. Эхнэрээ эзгүй байхыг мэдсэн Б нь найзынхаа хамт согтуу ирээд гэрээ шатаагаад уулын уруу эд зүйлсээ тэврээд гүйж байхыг хөрш айлууд нь харжээ. Одоогоор сэжигтэн Б-г эрэн сурвалжилж байгаа аж.
Тухайн үед хашаанд хоёр гэр, бензинтэй элентра машин байсан бөгөөд аз болоход хөрш айлд нь олон хүн байсан тулдаа хажуу гэр, бензинтэй машиныг холдуулж, тэсэрч дэлбэрэх, бүр их хор уршгаас хамгаалж чаджээ.
Ер нь сүүлийн үед бөөгийн хүчиндээ хэт бардсан хүмүүс их болжээ. Бөөгөөс болж хүмүүс эд хөрөнгөө барж, зүгээр явсан хүнээ ч алдах тохиолдол ихээхэн гарах болсон. Харин гэрээ шатаагаад зугтсан энэхүү Б гэгч залуу нь өөрийн үзэж, хардаг хүүхнүүдтэйгээ гадуур зугаацаж, 20 гаруй хоног гэртээ ирээгүй атлаа эцэст нь ийнхүү өөрийн өрх гэрээ шатаасан бусармаг хэрэг гарлаа гэж хөрш айлууд нь бидэнд дуулгасан юм.
Өдгөө 2 настай, 5 настай хоёр хүүхэдтэйгээ эхнэр нь орох оронгүй болоод хоцорлоо. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ