БНН-ын дарга Б.Жаргалсайхан: Сүүлийн гурван сонгууль луйвар болчихлоо
- Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэнэ
Сонгууль ойртож байгаа нь улс төрийн жижиг намууд хөдөлгөөнд орж байгаагаас тодхон харагдаж байна гэлтэй. Хоёр жилийн дараа болох УИХ-ын сонгуулийн ажлууд үндсэндээ энэ жилийн сүүлчээс эхэлнэ гээд ойлгочиход болно. Харин энэ сонгуулиас өмнө хуулиар хийх ёстой зохицуулалт олон байгааг улс төрийнхөн хэлдэг. Монголын ногоон намаас парламентад суудалгүй жижиг намуудын дундах цуврал хэлэлцүүлгийг 10 дахь удаагаа зохион байгууллаа.
Энэ удаагийн уулзалтад Монголын ногоон нам, Монголын уламжлалын нэгдсэн нам, Бүгд найрамдах нам, Эх орончдын нэгдсэн нам, Социал демократ нам, Либерал нам, Монголын консерватив намуудын дарга нар болон төлөөлөл оролцож, сонгуулийн үеэр тулгамддаг асуудлууд, хуулиар хийх ёстой зохицуулалтуудын талаар Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Р.Бурмаад санал бодлоо илэрхийлж, зарим эргэлзээтэй асуудлаар хариулт авсан юм.
Парламентад суудалгүй жижиг намуудын хувьд сонгуулийн сурталчилгаа, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэл хүргэх байдал, сурталчилгааны хугацаа, санхүүжилт зэрэг асуудлууд хамгийн хүндрэлтэй байдгийг илэрхийлээд энэ талаар хуулинд нарийн зохицуулалт хийж өгөх хэрэгтэй байгааг уламжилсан. Сонгуулийн нэгдсэн хуулинд Германы загварыг авч байгааг ажлын хэсгийнхэн танилцуулсан бол санал тоолох машины хувьд учир дутагдалтай, иргэдийн болон хөндлөнгийн аудит байдаггүй гэдэгтэй улс төрийн жижиг намуудын төлөөлөл санал нэгдэж байсан юм. Бид зарим намуудын Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах саналыг тодруулав.
БНН-ын дарга Б.Жаргалсайхан: - Үндсэндээ сүүлийн гурван сонгууль луйвар болчихлоо. Хэнийг гаргах, хэнийг унагах вэ гэдгээ эрх баригч намууд шийддэг. 17 мянган төрийн албан хаагчийг нам дагавал ажилгүй болгоно гэж хоолойг нь боомилоод өөрсдийнхөө үйл ажиллагаанд 21 хоног гүйлгэчихдэг. Ингэж болохгүй. Сонгуулийн сурталчилгааны хугацаа гурван сар баймаар байна. Гэхдээ хувийн телевизүүдийн мөнгө нэхдэг байдлыг цэгцлэхийн тулд бүх улс төрийн хүчин өдөрт төлбөргүй хоёр цаг гаргаж өгөх, эргээд тэр цагийнх нь оронд татвар ч юм уу бусад төлбөрөөс нь чөлөөлөх хэрэгтэй. Нөгөө талаар, хар машинаар санал тоолно гэдэг бол аудитгүй нөхцөлд хэцүү. Хяналтыг нь ард олон, бусад хөндлөнгийн хүмүүс хийх хэрэгтэй. Санал тоолох хар машин бол ажил хөнгөвчлөх бүртгэлийн систем. Тэрийг хүн л ажиллуулж байгаа. Тийм болохоор саналыг нь давхар гараар тоолдог байх хэрэгтэй. Би сүүлийн 20 жил сонгуульд оролцож байна. Юу болоод байгааг мэднэ. Сонгогдчихоод байхад нэрийг нь сольж зарлаад л болоо. Хэн ч араас нь хөөцөлдөж, үнэн худлыг нь ялгадаггүй. Үндсэндээ сонгуульд аудит байхгүй болохоор луйвар болоод байгаа юм.
Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч : - Германы хуулийг хуулбарлахыг дэмжиж байгаа боловч Германд сонгуулиа маш шударга явуулдаг. Эд нар шударга явуулдаг арга барилыг нь аваагүй байна л даа. Өөрөөр хэлбэл, санал тоолох хар машин. Хамгийн гол нь сонгууль шударга л болох ёстой. Бас саналаа тоолж чаддаг байх ёстой. Харин 38/38 гэсэн харьцааг бол жижиг намууд бүгд дэмжиж байгаа юм. Жалга довны үзэл багасахаас эхлээд олон давуу тал харагдана. Харин сонгуулийн зардлыг танана гэж байна. Энэ бол буруу. Шударга л сонгууль болж байвал зардал хамаагүй гэдэг дээр олон нийт санал нийлэх байх. Харин Германд улс төрийн жижиг сангууд байдаг. Ийм сан байгуулж, бүх намуудыг ижил тэгш санхүүжүүлэх хэрэгтэй.
Дээрх саналуудтай Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат, Монголын консерватив намын дарга Н.Дашдаваа нар адил бодолтой байгаагаа хэлсэн юм. Нөгөө талд нь, Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд сурталчилгааны самбар, анонсуудыг хориглох тухай зүйл заалт орж байгаа бөгөөд үүнийг мөн намуудын саналаар өөрчлөх эсэхийг шийдэх гэнэ. Мөн намуудын санхүүжилт, хандивын асуудлыг хуулиар зохицуулахаар тусгаж өгч байгаа бол хяналтын тооллогын асуудал хамгийн чухал нь байгааг хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс хүлээн зөвшөөрч байсан юм. Улс төрийн намуудын гаргаж буй Сонгуулийн тухай хуулинд оруулах саналуудыг бичгээр хүлээж авах бөгөөд хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар өргөн барих юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ