Хамраараа шивж дээд амжилт тогтоов
Энэтхэгийн оршин суугч Мохаммед Хуршид Хуссейн компьютер дээр хамраараа шивэх дээд амжилтыг тогтоосон байна. 23 настай энэ залуу 103 тэмдэгт бүхий текстийг 47 секундэд бичжээ. Хуссейн англи хэлээр ийнхүү бичсэн аж. “Гиннесийн амжилтын номынхон надад маш богино хугацаанд энэ өгүүлбэрийг бичих даалгаврыг өглөө” гэсэн текст байв.
Ийнхүү одоо Гиннесийн амжилтын номынхон Хуссейны тогтоосон дээд амжилтыг албан ёсоор бүртгэж авах ёстой болов.
Өмнөх дээд амжилтыг 2008 онд Арабын Нэгдсэн Эмират Улсад тогтоосон билээ. Тэндхийн нэг иргэн яг энэ текстийг нэг минут, 33 секундэд тоншсон юм. Хуссейн хамраараа шивэх дасгалыг өдөрт зургаан цагийн туршид хийж байсан гэнэ. Өмнө нь ч тэрбээр Гиннесийн дээд амжилтыг тогтоон англи хэлний цагаан толгойн үсэгнүүдийг ердөө 3.43 секундэд шивж байсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ