Шүүх шударга байснаас ухаалаг байсан нь дээр

Дорой улсын шүүх өөрийн иргэддээ хатуу, гадаадын иргэдийн өмнө хүчгүйддэг. Монгол Улсын нутаг дэвсгэрт хүний амь хөнөөсөн гадаадын иргэд шүүхээр шийтгүүлж ялаа эдэлсэн гэхийг сонсож байсан уу, бараг үгүй л болов уу. Тээр жил Хөвсгөлд амьдарч байсан АНУын нэгэн иргэн монгол иргэн рүү буудсан хэрэг гарч байсан. Эл хэрэг бөөн шуугиан дэгдээх үеэр Монгол Улсын шүүхээр шийтгүүлэх нь бүү хэл, эх орон руу нь зүгээр нэг явуулчихсан түүх бий. Малайзад манай улсын хоёр ч бүсгүй алтан амиа харамсалтайгаар алдлаа. Малайзын тал яав. Бараг л хохино гэж хэлсэн. Гадаадын иргэн нутаг дэвсгэрт нь амиа алдахад гэмт хэрэгтэн нь тодорхой байхад өөрийн иргэнээ буруутган шүүхгүй байна. Хорихгүй байна. Гэтэл хэрэг үйлдсэн хүмүүсийг монголчууд, малайзчууд захаасаа аваад ярьдаг, мэддэг. Тэгэхэд манай монголчууд яаж байна вэ.

АНУын иргэн Жон Мартин Киний амийг хөнөөсөн хэрэгт 25 настай бүсгүйг буруутгалаа. Гадаадын иргэний амийг хөнөөсөн гэж Ч.Баттуулд хуулийнхан хатуу ширүүн дээрэнгүй хандаж байна. Түүнийг энэ хэрэгт буруутган чанга дэглэмтэй хорих ангид 23 жил ял эдлүүлэх шүүхийн шийдвэр анхан болон давж заалдах шүүх гаргалаа.

Нэг их шударга царайлж гэнэ. Энэ хэргийг илрүүлэхээр ажилласан мөрдөн байцаагч нь ч тэр, түүнийг хоригдож байхад дарамталсан шүүхийн шийдвэрийн ажилтан, шударга шүүх нь ч шударга болох гэж их ч зүтгэлээ. Ч.Баттуулыг их ч зовоолоо.

Яг үнэндээ Жон Мартин Киний амийг Ч.Баттуул хөнөөснийг тогтоож чадаагүй. Ч.Баттуул айж сандрахдаа "Би амийг нь хөнөөсөн" гэж мэдүүлсэн байдаг. Цочирдож, айсан бүгсгүйн анхны мэдүүлгээр энэ хэргийг шийдчихсэн бололтой. Хэрэгтэн худлаа үнэн, зөв мэдүүлснийг баримтаар, криминалистик шинжилгээ өөр юу байдаг юм, түүгээр нь тогтоох ёстой. Гэтэл монгол иргэнээ замаа алдсан хар тамхичныг яасан ч яадаг юм гэсэн аястай хатуурхаж хандаад байдаг. Монголчууд дээхнэ үед гадныхныг харахаараа хөл алддаг байв. Гайхаж сонирхсон, долигонож саамганадаг үе аль хэдийнэ өнгөрсөн шүү дээ.

Монголд баяжих хүсэл тээн ээжээсээ 10.000 ам.доллар авч хар тамхи зарахаар ирсэн Жон хар тамхины наймаачин л байсан гэдэг. Ч.Баттуул тэр хоёр хээр очоод бодвол хар тамхи татсан байх. "Чи баян гээд байсан. Юу ч үгүй хоосон байна" гэж маргасан байхыг үгүйсгэхгүй. Мансуурлаасаа гараад нэг хартал Жон нь амиа алдчихаж. Бүсгүй хүн балмагдаад надаас өөр хэн байхав. Түүний үхэлд би буруутай гэж өөрийгөө зүхээд эхэлсэн биз. Сэжиглэж шалгахаар нь "Би түүний амийг хөнөөсөн, буруутай" гэж хэлснээс цаашгүй. Одооны залууст багаас нь ийм зүйл буруу, тэр зөв гэж хэлж өгч байсан биш. Хар тамхи гэдэг сүүлийн жилүүдэд орж ирж, гэнэн зангаасаа болж татаж үзсэн залуусын л нэг, Ч.Баттуул. Гэтэл түүнийг яллах гэж жигтэйхэн шударга ажиллах гээд байхын оронд шүүх ухаалаг байж болоогүй гэж үү. Шүүх шударга байснаас ухаалаг байсан нь дээр. Шударга байна гэдэг харгис байна гэсэн үг.

Коммунизм, социализмын жишгээр явдаг улс лалын оронд л шударга гэж ярьдаг. Дорой муйхар байхыг хэлдэг биш үү. Саяхан мусульман шашинтай оронд нэг бяцхан охин твиттерт орлоо гээд түүнийг шүүхээр шийтгэсэн. Иргэд нь чулуугаар шидэж түүний амийг хөнөөж буй юм. Охины цус нь тунарсан зураг интернэтээр нэг хөвөрч байсан. Үүнийг ард түмэн нь шударга шийдлээ гэж байгаа юм. Тэр жил Эрээн хотод явж байхдаа хүн цаазалж байхыг харж байв. Тэрийг харахаар ирсэн иргэд нь байдгаараа гангалчихсан, найр наадамд явж байгаа мэт. Цаазын ялыг гүйцэтгэсний дараа шүүх шударга байна, зөв ажиллаж байна гэж ярих сонсогдсон. Буруу хэрэг хийсэн хүнийг нохойд хаяж өгч байж шийтгэлээ шударга гэж боддог. Шударга гэдэг чинь ийм л байдаг юм байна.

Ч. Баттуулыг сулладаггүй юмаа гэхэд ядаж таван жилийн хорих ял өгчихгүй дээ гэж халагламаар. Үнэндээ таван жил ч ахадмаар байхад манайхан "шударга" шийдэх гэж зүтгэсээр 23 жилийн ял өглөө. Шүүгчид нь шударга ажиллавал нийгмийг цэвэрлэнэ гэж бодоод байх юм. Үнэндээ шударга шүүнэ гэдгээс айж байна. Шударга байснаас ухаалаг байж чадвал шүүх алдахаасаа илүү онох биз.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин