Сэтгүүлзүйн ”дагавар хүүхэд” буюу пивоны үнэтэй пресс фото

Улиран одсон цаг хугацаа, урсан өнгөрсөн он жилүүдийг хэнбэгуай ч нэхэн очиж нэг хором ч болтугай аргамжин авч үлдэж чадахгүй. Гэтэл гэрэл зураг л гагцхүү энэ эгнэшгүй эрхэм үүргийг үүрч энэ бидний үед өнгө нэмж, өнгөрөн одсон он жилүүдийг өнөө хүртэл аргамжсаар. Тэр тусмаа баримтат гэрэл зураг та бидний оршин байсныг биечлэн төлөөлөх нэрийн хуудас юм. Хүн төрөлхтөн хөгжил дэвшлийн шатаар мацаж явахдаа гэрэл зураг гэгч гайхамшигт урлагийг нээн илрүүлсэн нь нэг бус нэлээн хэдэн шат алгассан хэрэг байв. Соёл иргэншил, шинжлэх ухаан, сэтгүүлзүй, танин мэдэхүй гээд нийгмийн бүхий л салбарт нэжгээд гэрэл зургийн гүйцэтгэх үүрэг тун ч их. Тэр тусмаа мэдээллийн эрин зуун хэмээн өргөмжлөгдсөн өнөө үед сэтгүүлзүй, гэрэл зураг хоёрыг салгаж ойлгохын аргагүй. Сэтгүүлзүйг нэгэн өрх айл хэмээвээс гэрэл зураг гэрт нь гэгээ татуулан мэндэлсэн “үр” нь юм.

Энэ онд түүхт 100 жилийн ойтойгоо учран золгож буй Монголын сэтгүүлзүй гал голомтоо тогтмол хэвлэлээр бадраасан. Гэвч өдгөө сэтгүүлзүйн хөгжил дэвшил хөл толгой нь олдохгүй болжээ. Иргэдийн дуу хоолойн индэр байх атал хэт ашиг хөөж хэлбэр төдий болсон радио телевиз, сонин сэтгүүл, цахим мэдээллийн хэрэгслэлүүд борооны дараах мөөг шиг л олширч. Тоо олонч чанартай байх нь ховор. Тооны олон, техник технологийн хөгжил дэвшилд мөнөөх сонины сэтгүүлзүй шахагдсаар л. Өдгөө цөөн хэдэн өдөр тутмын сонин тогтмол үйл ажиллагаа явуулж сэтгүүлзүйн гал голомтыг манаж байна. Гэвч, гал манах нэрээр гэрэл зургийн сэтгүүлзүйг үнэгүйдүүлж, өнөө маргаашийг аргацаасан, сонины нүүр тахлах төдий хэрэглүүр болгосоор удлаа.

Сэтгүүлзүй өндөр хөгжсөн өрнөдийн орнуудын нууцаас задалвал ердөө л гэрэл зурагтай холбоотой. Энд баримтат гэрэл зураг хэмээн онцлох нь зүйтэй болов уу. Баримтат гэрэл зураг гэдэг нь нийгэм цаг үеийн бодит үйл явдлыг тусгасан, аливаад асуудал дэвшүүлж, нийгмийн сэтгэлзүйд шууд нөлөөлөх “хүч чадал” бүхий гэрэл зурагчнаас багагүй бүтээлч чанар, ур ухаан, цаг хугацаа, мэдрэмж шаардсан гэрэл зургийн төрөл юм. Барууны орнуудад түүхийн бүхий л цаг үед гэрэл зургийн гүйцэтгэсэн үүрэг маш их. Сайн гэрэл зураг төр эргүүлж байсан ч удаатай. Тэр ч бүү хэл гэрэл зургийн ачаар Африкийн өлсгөлөн, ядуу ард түмэнд тусламжийн гараа сунгах нь их. Стив МакКарригийн “Афган охин” хэмээх хөрөг зургийг хэн бүхэн андахгүй. Жирийн л нэг афган охины том ногоон нүд өр зүрх рүү өнгийх мэт. Бид зургийг биш тэр биднийг цоо ширтэх шиг тийм л хүчирхэг зураг учраас дэлхий дахины анхаарлыг татсан юм.

Гэрэл зурагтай холбоотой өөр нэгэн жишээ. Гэрэл зургийн сэтгүүлзүйн хөгжлийг тодорхойлогч “National Geographic” сэтгүүлийн үйл ажиллагаа доголдон дампуурлын ирмэгт тулж очоод байсан үе. Сэтгүүлийн сүүлийн дугаараа гаргачихаад редакцынхаа үүд хаалгыг барихад хүрээд байж. Сэтгүүл хэвлэгдэн гарах хугацаа дөхсөн ч цөөнгүй нүүрэнд материал дутаж байж л дээ. Цаг давчуу болсон үед хэрхэх тухайгаа мэдэхгүй байсан сэтгүүлийн удирдлагууд тухайн үед “Хаалттай хот” гэгддэг байсан Лхаст нэвтэрч судалгаа хийсэн Оросын эрдэмтний гэрэл зургуудаар хоосон хуудсуудаа чимэн гаргаж гэнэ. Тэгтэл, сэтгүүлийн дугаар нэг ширхэг ч үлдэлгүй борлогдсон гэдэг. Энэ үеэс л “National Geographic” сэтгүүл гэрэл зургийг гол “зэвсэг”-ээ болгон нийтлэлийн бодлогоо ч өөрчилжээ. Эл сэтгүүл дэлхий дахины сэтгүүлзүйд томоос том байр суурь эзэлсэн нь мөн л гэрэл зургийн ач тус.

Дахин нэг жишээ дурдахгүй орхиж болохгүй нь. Нэг хэсэг байнгын дайн дажин, мөргөлдөөнтэй байсан Израйль, Палистин хоёрын ээлжит мөргөлдөөний үеэр 11 настай жаал Израйль цэргийн суманд өртөн амиа алдсаныг “Франц пресс”-ын гэрэл зургийн сурвалжлагч баримтжуулан үлдээжээ. Үүний ачаар дайны хөлд энгийн номхон иргэд тэр дундаа өсвөр насныхан өртөх нь их байгааг дэлхий нийт анзаарч харсан гэдэг. Улмаар хүний эрх, эрх чөлөө, хүүхдийн эрхийн асуудал хурцаар хөндөгдөн дэлхий даяарын анхаарлыг татсан юм. Сайн зураг галт зэвсэгнээс ч хүчтэй зэвсэг гэдгийг энэ жишээгээр нотолж болно.

Энэ мэтчилэн гэрэл зургийн хүч чадлыг ганц хоёр өгүүлбэрээр тодорхойлох хэцүү. Тэр тусмаа баримтат, сонины гэрэл зургийг. Монголд гэрэл зургийн эл төрөл өдөр тутмын сониноор дамжин үзэгчид, олон нийтэд хүрч байна. Гэвч, зургийн аппарат мөрөвчилж халуунд халж, хүйтэнд хөрж явдаг зурагчдын хөдөлмөрийн үнэлэмж маш муу. Энэ нь тухайн сонин хэвлэлийн газар, редакцын бодлоготой шууд хамааралтай. Манай хэвлэлүүд рекламыг сая саяар үнэлэн байршуулавч ганц зурагт гаргаад өгчих зай талбай олддоггүй. Реклам байршуулж буй сонины нүүрэнд зурагт ногдох талбай тун бага. Редакцийн зүгээс ч энэ тал дээр их харам. Харам учир сайн зураг, сайн фото сурвалжлага нийтлэгдэх боломжгүй. Боломжгүй учраас гэрэл зураг бие даан хөгждөггүй, эрэмдэглэгдэж, хавсрага “чимэглэл” болж хувирсан.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин