Гурван жилийнхээ цалинг моринд өгч явсан эр

Төв аймгийн Батсүмбэр сум, хуучнаар Түшээт хан аймгийн Баатар вангийн хошуу бөгөөд Төв аймгийн ууган сумдын нэг. Энэ жил сум байгуулагдсаны 90 жилийн түүхт ойтойгоо золгож байна. Богдод мандал өргөх долоон хошуу даншиг наадам болдог байсан Хүй мандалын дэнж Батсүмбэр сумын зүүхэн талд бий. Батсүмбэрчүүдийн шүтээн болсон Мандал толгой дээр дээхнэ үедээ Баатар вангийн хошуу, Элдэн гүний хошууныхан найр наадмаа хийдэг байсан түүхтэй гэлцэнэ. Мөнх цаст Асралт хайрхан, шугуйдаа урсгалтай Сөгнөрөгийн гол гээд байгалын үзэсгэлэн тольдсон энэ нутаг түүх домгийн арвин их шастиртайгаас гадна эрдэм төгс уяачид, хурдан хурц хүлэг морьдоороо алдартай. Ардын хувьсгал ялсанаас хойш Батсүмбэр сумаас төрийн их баяр наадмын 120 гаруй айраг түрүү тодорсон байдаг. Энэ амжилтаараа Баянцагаан, Сэргэлэн сумдын дараа жагсана. Харин улсын алдар цолтой уяачдын хувьд 6 төрөн гарсан. Тод манлай уяач Цогтын Батсайхан, Алдарт уяач Чимэдийн Хөвгүүн, Чүлтэмийн Даваасүрэн, Доржийн Зэвгээ, Очиржавын Нэргүй, Дамбын Болд нар Батсүмбэрийн хүмүүс...

Батсүмбэрчүүд хэдхэн хоногийн өмнө Улсын алдарт уяач Ч.Хөвгүүн, Монгол улсын арслан П.Дагвасүрэн, Улсын начин Бат-Очирын Пүрэвдорж, Ардын багш Очир нарт хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр "Түмний эх" студийн уран бүтээлчид Хөвгүүн алдартын хөрөг нэвтрүүлгийг бэлдлээ, Батсүмбэр сумын 90 жилийн ойд зориулж. Алдарт уг нь Алтанбулгийн уугуул хүн юм билээ. Монгол улсын Алдарт уяач "дууч" Адъяаг дагаж морь уяж сурсан гэнэ лээ. Тухайн үед доктор А.Баярмагнай аавынхаа морийг унаж, харин Хөвгүүн гуайн морийг Хууль зүйн сайд н.Тэмүүжингийн ээж нь унадаг байсан гэнэ. Хөвгүүн гуай айлын ганц хүү. Батсүмбэрт хүргэн орж тэндээ суурьшисан бөгөөд түүний ажил, амьдралын гараа тэр л нутгаас эхэлсэн. Тийм дээ ч тэр Батсүмбэрээр овоглодог. Морь уяад анхандаа төдийлөн амжилт гаргаагүй ч бүхэл бүтэн 3 жилийнхээ цалингаар /5000 төгрөг/ их насны морь худалдаж авсан түүх түүнд бий. Гэвч мөнөөх морио бас л давхиулж чадсангүй. Дараа нь 3000 төгрөгөөр Шийртэрийн зээрд азарганы төрсөн дүүг худалдаж аваад бас л давхиулж барсангүй. Бүр сүүлдээ морь уяхаа больдог ч юм уу гэж бодож байсан удаатай хэмээн тэр хуучлан сууна. Гэвч хаана л хүн морины ажил хийнэ, хаана л сунгаа үсэргээ болно Хөвгүүн тэнд явж байх.

Ингээд морь уях хүсэл мөрөөдлөөсөө хөндийрч чадалгүй явсаар 1983 оны Ардын хувьсгалын 62 жилийн ойгоор хонгор халзан даагаа айрагдуулж хойтон жил нь хар халзан даагаа төрийн наадамд түрүүлгэжээ. Дараа нь 91 оны улс хувьсгалын 70 жилийн ойгоор Магсарын Болдын хар цоохор даагыг аман хүзүүдүүлж дараа жил нь түрүүлгэлээ. Мөн өөрийн унаган соёолон буурал морио айргийн тавд давхиулж одтойхон наадсан байна. Үүнээс хойш таван жилийн дараа буюу 1997 онд мөнөөх соёолон айрагдсан буурлыгаа их насанд аман хүзүүдүүлж, соёолон хул үрээ ахиад аман хүзүүнд хурдлуулсан байдаг. Энэ тухайгаа тэр ярихдаа "Буурал морио соёолонд нь айрагдуулчихаад таван жилийн дараа аман хүзүүдүүлсэн. Тэр хооронд уяаг нь олж чадахгүй байсан болохоор би муу уяач байгаа биз" хэмээн даруухан хуучлана. Ийнхүү төрийн их баяр наадмаас 2 түрүү, 5 айраг хүртсэн амжилтаар 1998 онд Монгол улсын Алдарт уяач хэмээх эрхэм цолыг хүртжээ.

Эрхэм уншигч, үзэгч та бүхэнд Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат МУАУ Чимэдийн Хөвгүүний оролцсон "Түмний эх" нэвтрүүлгийг тун удахгүй хүргэх болно. Алдарт маань одоо нас сүүдэр 80 хүрч буй буянтай буурал бий...

HIIMORI.mn Б.Ганпүрэв

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин