“Тайгам Алтай”, “Эм Ди Топ” компаниудыг УМБГ-т шалгаж байна
- Барилга хүлээн авдаг Улсын комиссыг шалгана –
Барилгын компаниуд байрны квадрат метрийг илүү бодож иргэдийг хохироож буй асуудал гарсаар, энэ хэргийн хохирогчид өдөр ирэх тусам тоо нь нэмэгдсээр байгаа талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хэлж байна. Өнөөдрийн байдлаар барилгын 50 гаруй компани нийтдээ 400 айлыг 2,5 тэрбум төгрөгөөр хохироосон нь тодорхой болжээ. Энэ тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд иргэдийн нэр дээр баригдсан барилгуудад 4-6 метр квадратаар дутаасан, 1,1 сая төгрөгөөр байраа үнэлж зарчихаад, квадрат метрээсээ 4-6 сая төгрөг завшсан хэргүүд мөн нэмэгдсэн байна. Жишээ нь, БЗД-ийн дөрөвдүгээр хороонд иргэн Баяраа гэгч 48 айлын орон сууцыг бариулж яг ийм байдлаар 48 айлыг хохироосон, одоо дахин 48 айлын орон сууцны барилга өнөө маргаашгүй ажил нь эхэлж байгаа талаар оршин суугчид нь гомдолложээ. Хэрвээ энэ талаар гомдол гаргаж яваад байвал “ална” хэмээн утсаар хэд хэдэн оршин суугчийг дарамталсан баримт ч бидэнд байна. 2,5 тэрбум төгрөгийн хохирлын 40 гаруй хувийг гурван барилгын компани дангаараа учруулсан тул эдгээр газруудыг иргэдийг залилсан гэж үзээд хэргийг Улсын мөрдөн байцаах газарт шилжүүлэн одоо шалгаж байгаа аж.
Энд “Тайгам Алтай” компанийн “Алтай” болон бусад хотхоноос, мөн Үйлдвэрчний Эвлэлтэй гэрээ байгуулан “Үйлдвэрчин” хотхоныг барьж байгуулсан “Эм Ди Топ” компани болон “Тектоник” гэсэн компаниуд орсон байна. Үүний араас “Гангар инвест”, мөн “Хан хур холдинг” компаниудын “Ногоон төгөл”, “Залуус” хорооллууд жагсчээ. Компаниуд одоогийн байдлаар 400 гаруй сая төгрөгийн хохирлыг иргэдэд буцаан олгосон бөгөөд зарим нь нэг мөсөн төлж барагдуулж чадахгүй учир тодорхой графикийн дагуу төлөхөөр болжээ. “Тектоник” компанийн хувьд иргэдээс байрны мөнгөө хувь хүний дансаар авсан байх тул татвараас нуугдсан байж болзошгүй гэсэн хардлага гарч байгаа учир Улсын мөрдөн байцаах газраас гадна мөн Татварын ерөнхий газарт шалгуулахаар болоод байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ