“Хүний амь” кино 38 жилийн дараа “Амин дэнс” нэртэйгээр үргэлжилнэ

Монгол улсын Ардын жүжигчин, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, кино найруулагч Г.Жигжидсүрэнгийн Монголын кино урлагийн түүхэнд хийж бүтээсэн нь хэмжээлшгүй ихээ. Хэдий нас сүүдэр 70 гарсан ч уран бүтээлээ тасралтгүй хийж, дэлгэцийн дорвитой гэсэн бүтээл бүхэнтэй нэр холбогддог энэ эрхэм Монголын сор болсон кино найруулагч гэдэгтэй хэн ч маргахгүй. Монголын кино урлагийн сор болсон бүтээлүүд, тэр дундаа бүх цаг үеийн щедевр болсон “Анхны алхам”, “Хатанбаатар”, “Хүн чулууны нулимс”, “Бүлээн нурам”, “Амин мөр”, “Суварган цэнхэр уулс” зэрэг нэгэн цаг үеийн бүхэлд нь эзэгнэсэн сайхан бүтээлүүд бүгд түүнийх.

Харин сүүлийн үед амнаас ам дамжин яригдах болсон нэгэн сайхан мэдээ гэвэл тэртээ 38 жилийн өмнө дэлгэцнээ гарч Монголын нийгмийг бүхэлд нь шуугиулж үнэнхүү хит болж байсан Г.Жигжидсүрэн найруулагчийн зохиолыг нь бичиж, найруулсан “Хүний амь” кино “Амин дэнс” нэртэйгээр үргэлжлэх гэнэ.

Тус кинон дээр Жийгээ найруулагч өөрийн шавь Б.Түмэн-Өлзийтэй хамтран ажиллах бөгөөд зураг авалт энэ оны 6-р сард эхэлнэ гэлээ.

Одоогоос 38 жилийн өмнө олны хүртээл болж байсан энэ киног одоогийн нийгэмтэй уялдуулан, гол дүрийн гурав шоронгоос гарч буйгаар эхлүүлэх юм байна.

"Хүний амь” кино 1976 онд анх хийгдэж байхад Социализмын үе байсан болохоор өнгөлөн далдалдаг, хэр баргийн гэмт хэрэг, нийгмийн бусармаг зүйлүүдийн тухай үзүүлж харуулах нь хаалттай нийгэм байсан учраас үзэгчдийн дунд маш их сенсаци дэгдээсэн, шинэ сэдэв байсан нь мэдээж. Энэхүү киног бүтээхэд тухайн үеийн Цагдан сэргийлэх газрын дарга байсан хошууч генерал н.Бүдрагчаа гуай их тусалж дэмжсэн байдаг.

Харин уран бүтээлчийн хувьд УБИС-ийн Кино драмын 2-р курсийн оюутнууд голчлон тоглосон. Киноны гол дүр Цагдан сэргийлэгчид МУАЖ Л.Жамсранжав агсан, гэмт хэрэг үйлдэж, хэрэгт ордог гол дүрийн 3 залууд МУАЖ П.Цэрэндагва, Төрийн шагналт, МУГЖ Ц.Төмөрбаатар, МУСГЗ, сэтгүүлч Ш.Гүрбазар нь нар тоглож тус киноны туслах дүрд тоглосон маш олон жүжигчид хожим нь нэр алдартай тайз дэлгэцийн одод болсон байдаг. Дурдвал, МУАЖ А.Очирбат, Төрийн соёрхолт, МУАЖ Н.Сувд, МУАЖ Г.Гомбосүрэн, МУГЖ Ц.Цэнд-Аюуш, МУГЖ Б.Цэрэнпагам, МУАЖ Г.Хайдав гээд үргэлжилж өгнө. Тэгээд ч дэлгэцэнд гараад 30, 40 жил болчихсон мөртлөө өнөөдөр ч гэсэн олны үзэх дуртай кино хэвээр байгаа нь хир чансаатай бүтээл болсныг илтгэнэ. Жийгээ найруулагчаас хүмүүс “Суварган цэнхэр уулс”,“Хүний амь” киноныхоо үргэлжлэлийг хийхгүй юм уу гэж байнга асууж, санал ирүүлдэг байсан гэнэ.

Харин Жийгээ найруулагч урд нь өөрийн хийсэн кинондоо хэзээ ч үргэлжлэл буюу хоёрдугаар анги гэж хийж байгаагүй юм билээ. Харин одоо олон хүний хүсэлтээр, бас өөрөө сайтар тунгаасны эцэст “Хүний амь” киноныхоо үргэлжлэлийг хийсэн шиг хийж, нэг хоёр ангитай биш бүр 10 ангитай цуврал хийхээр төлөвлөсөн аж. Кино хийх бас нэг учир шалтгаан нь киноны гол дүрийн гурван жүжигчин гурвуулаа байгаа, мөн кинонд дүрээ мөнхөлсөн МУАЖ А.Очирбат, МУГЖ Ц.Цэнд-Аюуш, Төрийн соёрхолт МУАЖ Н. Сувдаас эхлээд олон хүн амьд сэрүүн уран бүтээлээ туурвисаар байгаа юм. Нөгөө талаас кинонд хөндсөн сэдэв одоо хүртэл Монголын нийгэмд хүний анхаарлыг татсан хэвээрээ байна.

МУСГЗ, сэтгүүлч Ш. Гүрбазар нэлээн олон жилийн өмнө “Хүний амь” киноны 2-р ангийг “Миний амь” нэртэйгээр хийе гээд зохиол хүртэл биччихсэн явж байсан гэж байгаа. Харин хамгийн сүүлд кинонд ажиллах уран бүтээлчид ярилцаад “Амин дэнс” гэж нэрлэхээр тогтжээ.

Гол дүрийн Лхүндэв, Эрдэнээ, Саруул нар хэн болов, Монголын нийгэмд ямар байр суурь эзлэж, хаана юу хийж явна гэдгээрээ их сонирхолтой кино болно гэсэн хүлээлт нийгэмд аль хэдийнээ бий болсон.

Ингээд та бүхэнд 1970-аад оны дундуур дэлгэцэнд гарч, Монголын нийгмийг бүхэлд нь шуугиулж, одоо ч хит болсоор байгаа “Хүний амь” киноны үргэлжлэл “Амин дэнс” кино хийгдэх болсонтой холбогдуулан энэ кино чухам ямар кино байв, юун тухай өгүүлдэг вэ гэдгийг уншигчдад дахин сануулах зорилгоор тус киноны найруулагч МУАЖ кино найруулагч Г. Жигжидсүрэн, киноны гол дүрүүдийг бүтээсэн МУАЖ П.Цэрэндагва, Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар, МУСГЗ сэтгүүлч Ш.Гүрбазар нартай хийсэн ярилцлагыг хүргэж байна. Залгуулаад “Хүний амь” киногоо хүлээн авч үзээрэй.

Ц.Мөнхбаяр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин