Бидний шашин өөр...
“Тэрний минь гэр бүл өөр шашинтай болохоор бид хуримаа миний хүссэнээр хийж чадахгүй нь бололтой” гээд найз минь надаас зөвлөгөө хүслээ. Өөрийнхөө хүсч мөрөөдөж байсантай 100% нийцэхүйц залуугаа олж чадсан ч тэдний хувьд шашин багагүй асуудлыг үүсгэж байж. Үүнтэй адилхан асуудалтай хосууд энэ бүхнийг хэрхэн хүлээж авч, даван туулж байсан бол?
Бид гурван удаа хуримаа хийж байлаа …
Эхнэр бид хоёр олон хурим хийх тийм баян хүмүүс биш л дээ. Гэхдээ эцэг эхийн хүсэлт болон өөрсдийн мөрөөдлийн хуримыг бодолцож үзэн гурван удаа хурим хийсэн юм. Эхнийх нь албан ёсоор оршин суугаа газраа бүртгүүлж гэрлэлтийн баталгаагаа авсан тэр өдөр. Харин хоёр дахь хурим манай хүний шашны дагуу буддын болон Монгол ёсыг баримтлан хуримын ордонд орж, үргэлжлүүлээд өргөө цагаан гэрт болсон юм. Хамгийн сүүлд бид манай гэр бүлийн ёсоор Христийн шашны дагуу сүмд ёсолсон. Харин хүүхэдтэй болох үедээ бид тэднийг өөрсдийн хүссэн шашнаа сонгох эрхийг нь өгнө гэж төлөвлөдөг. Мөн тус тусын шашны баяр ёслолыг хийхэд татгалзахгүй байхаар тохиролцсон.
Хосуудын зүгээс өгч буй зөвлөгөө: Бие биенийхээ шашны үзэл баримтлалыг хүндэл
Гэр бүлдээ шинэ гишүүн нэмэх нь бидэнд асуудал байлаа …
Г-ийн гэр бүл христийн шашинтай, харин гэргий Б буддын шашинтай. Тэднийг анх гэрлэх үед Г-ийн гэр бүл Б-г хүлээн зөвшөөрөхгүй хэсэг асуудалтай байлаа. Хэсэг хугацааны дараа эцэг эхдээ зөвшөөрүүлж, хосууд нэг охинтой боллоо. Анх хуримын үед зөрчилдөж байсан гэр бүлүүд хүүхдийн шашны тал дээр ч зөрчилдөж эхэлсэн байна. Гэхдээ хосууд охиноо буддын шашныг баримталж өсгөхөөр тохиролцсон байна. Г христийн шашны бүх үйл ажиллагаандаа оролцож, тэр талаараа эхнэртэйгээ ярьж болох ч тэдний гэр бүлд буддын шашны ёс жаяг үйлчилдэг гэнэ.
Хосуудын зүгээс өгч буй зөвлөгөө: Гэр бүлүүдийнхээ дунд бие биенээ дэмж
Бидэнд бүтэх боломж ч байгаагүй...
Би жирийн л нэг Монгол залуу. Харин тэр минь казах бүсгүй байсан юм. Үнэндээ бидэнд анхнаасаа бүтэх боломж байгаагүй. Би ахтай нь найзууд байлаа. Анх танилцах үед ах нь тоглоомоор “Дүүд минь дурлачихав. Чамд боломж байхгүй шүү” гэхэд нь “Яалаа гэж дээ” гээд зогсож байсан хүн дээ би. Уулзаж байсныг минь мэдчихээд ах нь надтай дуугарахаа ч байсан. Хамгийн инээдтэй нь ах нь мэдсэнээс 2 сарын дараа тэрнийг минь нэг казах айлд хүчээр бэр болгосон байсан. Ёс заншил гэж хэтэрхий харгис юм даа гэж бодоод л үлдсэн дээ.
Хосуудын зүгээс өгч буй зөвлөгөө: Бүтэхгүй зүйл рүү битгий сарвай
Хэрвээ энэ асуудал чамд тулгарсан бол:
• Ямар ч тохиолдолд хэрэлдэж муудалцахаас татгалз. Нэгэнт бүх амьдралаа хамтдаа туулахаар шийдсэн бол ярилцаж асуудлыг шийдэж сурах хэрэгтэй. Ярилц бас дахин ярилц. Дотроо бодож байгаа бүхнээ илэн далангүй хуваалц.
• Судал. Нэг нэгнийхээ шашинг ойлгохыг хичээ. Гол нь биесээ хүндэтгэх юм шүү дээ.
• Юу ч болж байсан, давтан хэлэхэд юу ч болж байсан нэгнийхээ шашинг доромжло, буруушаах, гутаах үг хэлэхгүй байх нь зүйтэй. Энэ нь та хоёрын харилцаанд мартагдашгүй толбо үлдээж мэднэ.
• Өөртөө ч хайртдаа ч цаг өг. Ямар нэгэн зүйлд яаран шийдвэр гаргах хэрэггүй.
• Хүүхдүүддээ дарамт үзүүлэх хэрэггүй. Тэд юунд итгэж, юуг шүтэхээ өөрсдөө шийдэх бүрэн эрхтэй. Магадгүй тэд ямар ч шашин шүтэхийг хүсэхгүй байж болно. Тэр бүрт нь ямар нэгэн зүйлд итгүүлэх гэж оролдохоос зайлсхий. Харин үүний оронд нөхрийнхөө болон өөрийн шашны талаар ерөнхий ойлголт өгөөрэй.
• Харилцан ойлголцол. 14 хоногт нэг удаа тус бүрийн шашны талаар дэлгэрэнгүй ярилцах. Яг юунд нь итгэдэг талаар ярихад л болно. Харин нэг нэгэндээ итгүүлэх гэж оролдох нь дэмий хэрэг. Энэ нь нэгнээ ойлгоход дөхөм болно.
• Хэний шашны зөв, хэний буруу талаарх маргалдааныг шууд зогсоож байх. Маргаан үргэлжлэх тусам та хоёрын харилцаанд ан цав үүсгэх учраас шашны талаар хэрүүл үүсэхээс зайлсхийгээрэй.
Чамд ийм асуудал тулгарч байсан бол хэрхэн шийдвэрлэсэн талаараа хуваалцаарай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ