Валентинаар ирсэн миний хайрын түүх
Сургууль дээр “Сайн уу?” гээд бие биенийгээ хараад өнгөрөх үеэс бидний хайрын түүх эхэллээ.
Анх Хүмүүнлэгийн ухааны их сургуульд ороод нийгмийн идэвхи сайтай би гэдэг хүн. Сургуулийн харъяа дор үйл ажиллагаагаа явуулдаг хувь хүний хөгжлийн клубд явж билээ. Намрын налгар өдөр цагаан цамц, хар бариун өмд, өндөр өсгийт өмсөж явсанаа санаж байна. Нилээн халуун байсан тул бусад зөвлөлийн оюутнаас түрүүлэн ирж, цонхоо онгойлгон сууж байтал нөгөө ангийн танихгүй залуу ороод ирлээ. Эелдэг инээмсэглэн, гар барилцан бид танилцсан. Тэр цагаас хойш бид хоёр гайхалтай сайн эрэгтэй, эмэгтэй найзууд болсон юм. Эхэн үед бид “Сайн уу?” гэдэг үгээс өөр юм дуугаралгүй арваннэгдүгээр сар хүртэл явлаа. Тэр минь фейсбүүк-ээр над руу мессеж бичиж, бүхий л зүйлсээ ярилцаж, хэн хэнд хайртай, болохгүй асуудал, сургууль, гэр бүл гээд бүгдийг хамтдаа ярилцдаг боллоо. Энэ үед миний толгойд “эрэгтэй эмэгтэй хүмүүс жирийн найзууд байж чадах болов уу?” гэсэн бодол орж ирлээ. Сүүлдээ ч түүнтэй ярихгүй болохоор сэтгэл дотор нэг л “эзэнгүй” мэт хэдий найз залуутай байсан ч тэр надад хайр халамж үзүүлдэггүй байлаа. Өдөр ирэх тусам өөрийн найз гэж бодож явсан залуудаа дурлаж, хайрлах болсон зүрх минь нэг л тогтохоо байлаа. Ингээд бидний анхны болзоо бусад хосын адилаар кино театрт эхэллээ. Ингээд арванхоёрдугаар сарын 31-нд түүнийхээ сайн найзуудтай танилцаж, шинэ оноор шинэхэнномын хуудас эхэллээ. Улаанбаатар хот маань хэдий утаатай ч гэсэн алхахад намуухан, дулаан санагдаж байсансан. Ингээд бид өөрсдийн найз залуу, найз охиноосоо харьцаагаа тасалж, хоёр биендээ улам тэмүүлэх болсон юм. Дахин сарын хугацаанд бидний дунд олон бэрхшээл гарсан ч өнгөрөөгөөд “хаядаг” байв. Мэдээж бид сургууль дээрээ өөр өөр найз залуу, найз охинтой байсан тул “хов жив”-ээс нилээн айж байв. Нэгэн орой тэр минь фейсбүүк-ээр “миний охин валентинаар юу хиймээр байна вэ?” гэхэд эмэгтэй хүн болсон хойно романтик зүйлд дурлаж, олны өмнө “санал тавь” гэхэд тэр зөвшөөрч “Чи ичихгүй, чамд минь зүгээр гэвэл би хийхэд бэлэн” гэхэд зүрх минь догдлож, баярласан. Ингээд гэгээн хайрын баяр боллоо. Гэнэтийн бэлгийг таамаглаж байсан тул хамгийн гоёоороо хувцаслаж, нүүрээ будаад гарлаа. Жавартай байсан хэдий ч энэ гэнэтийн өдрийг мартдаггүй юм. Өглөөнөөс авхуулан хичээлд суусан би нилээн ядарлаа. Азаар хичээлгүй цаг таарч, номын сан руу явж байтал утас дуугарч, тэр “Дээшээ хоёр давхарт гараад ир. Чамайгаа өөрийн болгох тэр бэлгээ бэлдсэн хүлээж байна.” гэв. Би ч баярлан дээш өгстөл баглаа дүүрэн улаан сарнай, бөгж, хайлуулсан шоколадтай инээмсэглэн зогсож байлаа. Завсарлагааны цаг болоод ч тэр хүмүүсийн хөл хөдөлгөөн тасрахгүй байв. Охид болгон харахдаа атаархаж, нууцхан шивнэлдэж байсансан. Эмэгтэйчүүд бид өөрт халамжтай, сайн сонсогч залууд дурладаг юм шиг. Найз гэж бодож явсан залуудаа дурлана. Эрэгтэй эмэгтэй хүмүүс жирийн найзууд байж чадахгүй гэдгийг би энэ үеэс ухаарч билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ