Таны нуруу өвддөг үү?

Бүсэлхий нуруу юунаас тогтдог вэ?
-Бүсэлхий нуруу нь 5 нугалам яснууд /L1-L5/, тэдгээрийг хооронд нь холбож, даралт, доргилтоос хамгаалах нугалмайн жийргэвч /диск/, нугалмайн яс болон үе холбоосоор хамгаалагдсан нугас, эргэн тойрны булчин шөрмөсүүдээс тогтоно. Нугас нь булчингийн хөдөлгөөн мэдэрхүйн үйл ажиллагааг, хэвлий болон нурууны булчин, үе холбоосууд нь хөдөлгөөний ба үений тогтвортой байдлыг хангадаг юм. Өөрөөр хэлбэл, нугас, булчин, шөрмөсүүд харилцан шүтэлцээтэй байж та бидний уян налирхай байдлыг хангадаг гэдэг.
-Нурууны өвчин гэж юу вэ?
Ихэнхдээ хүнд зүйл хүчилж өргөх эсвэл буруу өргөснөөс, удаан хугацаагаар суудаг ажилтай хүмүүст нуруунд ачаалал ихэссэнээс болж үүсдэг. Нэг ёсондоо бүсэлхий нурууны үений хөдөлгөөн буурах, булчин шөрмөсний сунах чадвар багасч уян хатан байдлаа алдах буюу нурууны булчин, шөрмөсний чангарал, өвдөлт юм.
Үүнээс гадна нугалам яс, үенд үүсэх дегенераци өөрчлөлт, нугалам хоорондын зөөлөн эдийн ивэрхий /дискийн ивэрхий/, нугалам яс хугарах, гулсах, нугалмайн үений үрэвсэл зэргээс яс, үе томорч нугас болон нугасны ёзоорыг нарийсгаж дарах, нугалам ясны ба нугасны хавдар гэх мэтчилэн олон шалтгаанаас үүдэн нуруу өвддөг.
Нурууны өвдөлтийг үргэлжилсэн хугацаанаас нь хамааруулж:
-хурц /1 сараас дотогш өвдсөн/,
-хурцавтар /1-3сарын хооронд/,
-архаг /3 сараас дээш хугацаагаар өвдсөн/ гэж ангилдаг.
Дээрх зүйлсийн альнаас нь болж нуруу өвдөж байгааг хэрхэн мэдэх вэ?
Нурууны өвдөлтийн шалтгаан, нөхцөлийг тодорхойлж өвчнийг оношлоход өвчин анх эхэлснээс одоог хүртэлх өвчний түүхийг асууж судлах, эмчийн үзлэг болон багажийн шинжилгээнүүд болох рентген, комьпютерийн томографи /CT/, соронзон резонанст томографи /MRI/-ийн шинжилгээнд үндэслэж оношлогоог хийж эмчилгээний асуудлыг шийдвэрлэдэг.
Хэрэв нуруу өвдөх нь 1сараас дээш хугацаагаар үргэлжлэх, өвдөлт хөл рүү дамжих ба даамжрах хандлагатай бол нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөөгөөр CT, MRI шинжилгээ хийлгэх шаардлагатай байдаг.
Оношлогоо болон эмчилгээг зөв хийхгүйгээр дур мэдэж нурууны өвчнөө эмчлэх, буруу эмчилгээ хийх нь насан туршдаа гэмшээд барахгүй хохирол дагуулж мэднэ.
-Дараа нь яах вэ?
Нурууны хурц, архаг өвдөлтийн аль ч үед эмийн эмчилгээ болон уламжлалт эмчилгээ, сэргээн засах физик эмчилгээнүүдийг заавал хийлгэх ёстой. Тухайлбал, уламжлалт эмчилгээнд массаж, бумба шивүүр, зүү төөнө, цахилгаан зүү эмчилгээ, сэргээн засах эмчилгээний халуун хүйтэн жин, нам давтамжит цахилгаан гүйдэл болон гэрлийн эмчилгээ, булчин шөрмөс үе мөчний өвдөлт үрэвсэл намдаах наалт зэргийн эмчилгээг үр дүнтэй хийлгэхээс гадна дэглэм эмчилгээг өөрөө сайн сахиж биелүүлэх шаардлагатай байдаг.
Үүнд удаан хугацаагаар үргэлжлүүлэн суухгүй байх, явган алхах, амрах нь тохиромжтой. Мэдээж нуруунд тохирсон сунгалтын болон хөдөлгөөний дасгал хийх нь хамгийн оновчтой арга. Хатуу орон дээр унтах, гэрийн нөхцөлд халуун, хүйтэн жингээ үргэлжлүүлэн хийх нь эмчилгээний үр дүнд шууд нөлөө үзүүлдэг.
-Зовиур багасах нь эмчилгээ дууссаны тэмдэг огт биш
Манай үйлчлүүлэгчдийн зүгээс эмчилгээгээ бүрэн төгс хийлгэхгүй шинж тэмдэг, зовиур шаналгаа нь намдах үед эмчилгээ дууссан гэж ойлгох явдал түгээмэл бий. Эсвэл зовиур багасах хугацаа болоогүй байхад эмчилгээ үр дүн өгөхгүй байна гэж орхих, гэрийн нөхцөлд дэглэм эмчилгээ дасгал хөдөлгөөн хийдэггүй өвчнийг даамжруулж архагшуулдаг. Нэгэнт архаг өвчин болсон тохиолдолд өмнөхөөсөө илүү цаг хугацаа зарцуулж, тэр хэрээр мөнгө зарцуулах болдог гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.
Түүнчлэн мэс заслын эмчилгээний талаар буруу ойлгох, энэ эмчилгээг хийлгэснээрээ нуруу дахиж өвдөхгүй мэтээр бодох нь буруу юм. Нугас мэдрэл үрэвсэж өвдсөнөөс болж хөлийн булчин саажих, тавхай унжих, давсаг шээсээ барихгүй болох, өтгөнөө өөрийн мэдээгүй гаргах мөн дээрх эмчилгээг тодорхой хугацаанд хийгээд үр дүн өгөхгүй байх, өөрөөр хэлбэл өвчин хэт даамжирсан тохиолдолд мэс заслын эмчилгээг хийх хэрэгцээ, шаардлага гардаг. Энэ талаар үйлчлүүлэгчид маань сайн ойлгох хэрэгтэй юм.

Кил нэгдсэн эмнэлгийн Монгол дахь салбар оффис

Утас:70003213

Цахим хаяг:dodi_2910 @gilhospital.com

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин