“Аз жаргалын шок” хулгайн зохиол ашигласан уу
Шок гэдэг нь “to shock” буюу манайхаар махчлан орчуулбал мэл гайхуулах, гайхшруулах гэсэн утга бүхий латин үг.
МҮОНТ-ийн “Хэцүү анги” олон ангит киногоор олны танил болсон залуу жүжигчин М.Баярбат, М.Наранмөнх, Б.Батсайхан, “МАСК” продакшны жүжигчин Э.Алдар, Ш.Жавхлан, загвар өмсөгч Б.Бадамцэцэг, Соёлын тэргүүний ажилтан Б.Навчаа, УДЭТ-ийн жүжигчин Б.Одончимэг болон бусадзалуу жүжигчдийн хамтранбүтээсэн “Аз жаргалын шок” хэмээх шинэхэн уран бүтээлийг шимтэн сонирхохоор “Өргөө” кино театрыг зорилоо. Сүлийн үед залуус өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон Валентины баяр энэ өдөр тохиосон учир кино театр үзэгчдийн хөлд дарагдан хайрын сэдэвтэй киноны тасалбар харин ч нэг гүйлгээтэйбайв. Хамгийн их үзэгчтэй кинонуудын нэг нь “Аз жаргалын шок” байв. Гэхдээ “Аз жаргалын шок” нэртэй ч айхтар гайхаш төрүүлэхээр кино болж чадаагүй. Учир нь дахиад л хулгайн зохиол…
Эл кино нь Монголын хамгийн отгон кино групп болох “Фантастик” продакшны хоёр дахь дэлгэцийн бүтээл бөгөөд утга санаа, өгүүлэмжийн хувьд их энгийн.
Кино бүхэлдээ залуу хосын үл ойлголцол, хайр сэтгэлийн тухай өгүүлэх бөгөөд хэн хэн нь ажил ажил гэсээр ар гэрээ мартах дөхсөн эхнэр нөхөр хоёр энгийн, аар саархан асуудлаас болж маргалдан эцэстээ хоёр биедээ хайртай эсэх тухайгаа бодоход хүрнэ. Нэгэн орой хүнсээ цуглуулан дэлгүүрээс гарч ирсэн эхнэр нь норсон хулгана болтлоо бороонд цохиулж явсаар модон саравчинд түр хорогдох зуур үзмэрчтэй таарна. Арц хүж баагиулан алга хавсран суусан лам бээрч, биеэ хураасан бүсгүйг нүдний булангаар ширтээд “Нөхөр чинь чамд татагдахаа больж, та хоёрын дунд тааж хэлэхийн аргагүй нэг саад тотгор байна” гэхчлэн элдвийг ярьж сэтгэл санааг нь үймүүлнэ. Даарч, ганцаардсан бүсгүй гэртээ харьж ажлаасаа ирээгүй нөхрөө хүлээн харанхуй өрөөнд үдэш болтол сууна. Нөхөр нь ирэхэд гомдоллож тунисан бүсгүй “Чи намайг тоохоо байж, хайр халамжаар дутаж байна” гэхчлэн элдвийг тоочино. Нөхөр нь аргадавч арга нь барагдаж залуу хосууд орондоо орсон ч маргалдсаар л байв. Гадаа дуу цахилгаан хадаан усан бороо цутган орсоор л. Нөхөр нь хүүхэдтэй болохыг хүсдэг ч эхнэр нь “Хоёр жилийн дараа” гэж хойш татдаг нь дарин дээр давс гэгч болов. Цонх балбан шаагих бороо ч ширүүссээр. Үр хүүхэд хүссэн нөхөр нь эхнэртээ гомдоллохдоо “Би л чиний оронд байсан бол хэд л бол хэдэн хүүхэд төрүүлж өгөх байсан” хэмээн хэлэх тэр үед тэнгэр нурав уу гэлтэй чанга дуугарч цахилгаан цахилна. Өглөө нь сэртэл эхнэр нөхөр хоёрын оюун ухаан солигдсон байх ба энэ явдлаас хойш элэг хөшөөм үйл явдлууд ар араасаа хөвөрнө.
Зохиол
Зохиол, зохиол, зохиол.., манай киночдын хувьд зохиол гэдэг зовлон болсон зүйл. Сүүлийн үед хийгдэж буй кино уран бүтээлүүдийн дийлэнх нь нуулгүй хэлэхэд хулгайн “copy”зохиолтой. Гадныхны зохиолд гар хүрч оюуны өмчид халдан олиггүй авирлах шалтгаан юу вэ. Драмын урлагт ч тэр дэлгэцийн уран бүтээлд ч тэр час хийсэн чансаатайхан зохиолтой уран бүтээл мэндлэх нь ховордож. Хэн хүнгүй л хэт ашиг харж бэлэн зохиолоор богино хугацаанд кино хийж нэг ёсны нэрээ баастах нь ихэсч. “Фантастик”-ийн залуус ч тэр тэнгэрт цойлж, тэсэрч гарч ирээгүй ч хир буртаг болоогүй нэрэндээ толбо тогтоосон гэж болно. Муу кино хийгээгүй ч муухай үйлдэл хийсэн нь тэднийг ийн хэлэхэд хүргэсэн хэрэг. Бидний мэдэх Холливудын алдарт жүжигчин Роб Шнайдерийн тоглосон “Hot Chick” гэгч киноны санааг тэр чигт нь кинондоо хуулчихсангэж хэлж болно. 2000-аад оны үед Холливудад нэр алдар нь түгж байсан жүжигчин Роб Шнайдерийн тоглосон тус кинонд өсвөр насны охин үнэт эдлэлийн дэлгүүрээс эртний хатны ээмэг авч зүүсэн ч өрөөснийг нь өөр хүнд алдчихдаг ба нэгэн танхай балмад ахимаг насны эр өрөөсөн ээмгийг олж зүүснээр тэдний оюун ухаан солигддог. Үүнээс үүдэн үргэлжилсэн ээдрээтэй, инээдтэй явдлууд ар араасаа үргэлжилнэ. Энэ киног манай үзэгчид ч мартаагүй санаж байгаа биз ээ. “Аз жаргалын шок”-ын агуулга, санаа, зохиолын хөшүүрэг яг л энэ. Үндсэн санаа нь адил учир үзэгчдийг багахан сэтгэлээр унагаж болох талтай.
Дүр
Гол дүрийн жүжигчид хулгайн зохиолтой киног харин ч өөд татжээ. “Boom town” хамтлагийн дуучин гэдгээр нь андахгүй жүжигчин М.Баярбат, УДЭТ-ийн жүжигчин Б.Одончимэг нарын шаггүй сайн жүжиглэлт “Аз жаргалын шок”-ыг амь оруулсан гэж болно. Тэдний чадварлаг жүжиглэлт цаг гучин минутын турш таныг уйдаахгүй. Мэдээж эрэгтэй хүн эмэгтэй хүний сэтгэл хөдлөл, ааш авир, зан үйлийг илэрхийлнэ гэдэг жүжигчнээсбагагүй ур чадвар шаардана. Залуу жүжигчин М.Баярбат “МАСК” продакшны хошин шогт цөөнгүй тоглож байсны хувьд энэ хариуцлагатай дүрийг сайн бүтээжээ. УДЭТ-ийн жүжигчин Б.Одончимэг ч ялгаагүй эрмэг зоримог байж эрэгтэй хүний дүрд маш сайн тоглосон. Муухан зохиолыг мундаг жүжигчид амь оруулах тохиолдол цөөнгүй. Энэ киноны хоёр гол дүрийн хувьд хуулбар зохиолтой кинонд харин ч өнгө нэмжээ.
Найруулагч
Уянга, хайрын сэдэвтэй кинонд дурлалт залуугийн дүр бүтээж гаршсан жүжигчин Б.Тамирыг та бид жүжигчин О.Бат-Өлзийн хүү гэдгээр нь андахгүй. Тэрээр тус киноны ерөнхий найруулагчаар ажиллажээ. Хоёр гурван кинонд тоглоод л найруулагч болчихдог “моод” дэлгэрэв үү, зуун ямаанд жаран ухна гэгчээр нэгэн үе найруулагчаар “бороо орсон” гэхэд хилсдэхгүй. Ганц нэг кино, клипэнд тоглосонболоод л найруулагч гэх нарийн мэдрэмж, мэдлэг шаардсан эрхэм хүндтэй мэргэжлээр гоёх нь олон болж. Б.Тамирын хувьд мөн л жүжигчин мэргэжилтэй найруулагчдын нэг. Түүний хамгийн анхны найруулан тавьсан уран бүтээл мөн л “Фантастик” продакшны дэлгэцийн бүтээл болох “Амингоо” богино хэмжээний кино. Ц.Цэрэнболд, Н.Ялалт, С.Дамдин гэх чадалтай жүжигчдийг тоглуулсан анхны бүтээл нь кино сонирхогчдын хараанд өртөж үзэгчдийн зүгээс үнэлэмж ч сайтай байсан. Залуу найруулагчийн зорьж хийсэн хоёр дахь киноны найруулга ч тун дажгүй болж хэмээн үзэгчид ам сайтай гарсан.
Ямартай ч, урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг. “Аз жаргалын шок”-ыг бүтээсэн уран бүтээлчид анхны юманд алдаж оносон нь бий. Хуулбар зохиолоор кино хийсэн ч сайн жүжиглэлт, найруулгаар өөриймшүүлж чадсан болов уу гэж бодож байна. Юутай ч, ур ухаан зарж уран бүтээл туурвидгаас хэн дуртай нь хулгайлаад байвал урлагийн хөгжил уруудан доройтохын шинж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ