ЗАР: Элэг, бөөрний донор болно
Нэгдүгээр бүлгийн цустай, ямар нэг өвчин хуучгүй залуу элэгний донор болж, хариу тусламж авна”, “Элэг, бөөрний донор болно”, “Зовж шаналж байгаа нэгэнд туслан хариу хүснэ. Элэгний донор болъё”, “Бүлэг нь таарч тохирвол элэгний донор болно. Нэгдүгээр бүлгийн цустай” гэсэн зар мэдээллийн сайтуудын сэтгэгдэл дунд таарах.
Ихэнх нь утсаа үлдээсэн байсан тул заримтай нь холбогдлоо. “Хэрэв яг донор болгох хүсэлтэй бол уулзаж байж тодорхой зүйлүүдээ ярина. Эрүүл мэндийн шинжилгээгээрэрүүл гэж тогтоогдсон. Шинжилгээний бичиг байгаа” гэсэн нийтлэг хариулт өгөх.
Хүний биеэс ганцхан эрхтэн дахин төлждөг нь элэг. Хагалгаа хийлгэснээс хойш гурван сарын турш эмчийн хяналт дор эм ууж, нэг жилийн турш гам барихад л элэг нь урьдынх шигээ бүрэн бүтэн болдог гэнэ. Тийм ч учраас элэгний донор болох хүсэлтэй хүн олон байдаг гэдгийг дээрх зар илтгэнэ. Гэтэл хагалгааны төлбөр нь байгаа ч ах дүү, хамаатан садан дундаас нь таарах донор олдохгүй тарчлах нэг нь ч байна.
Элэг солиулах хагалгааг хамгийн хямдаар хийдэг Энэтхэгийн эрүүл мэндийн хуулиар бол өвчтөн, донор хоёр заавал цусан төрлийн хамаатан байх ёстой. Мөн ижил түвшний орлоготой хүмүүс байна гэсэн шаардлага тавьдаг байна. Ийм журам мөрдөх болсон нь сүүлийн жилүүдэд дэлхийн нийтийг цочроогоод буй хүний наймаатай холбоотой. Гэхдээ Сингапур, Хонконг зэрэг газарт бол хоёр хүн харилцан тохиролцсон бол зөвшөөрдөг гэнэ.
Ингээд цусан төрлийн бус донорын эрхтнийг хэд орчим төгрөгөөр худалдан авч болох тухай сонирхлоо. Мэдээж, үүнд тогтсон ханш гэж байхгүй. Хүний эрүүл саруул элэгний 60 хувийг авах гэж байгаа учраас их л мөнгө амладаг гэнэ. Хоёр жилийн өмнө ахыгаа аварсан нэгэн бүсгүйтэй холбогдлоо. “Хоёр жилийн өмнө ах маань элэг солиулах хагалгаанд орохгүй бол нэгхэн сарын нас үлдсэн гэдгийг нь сонссон. Ингээд ах, дүү хамаатан садан дундаасаа таарч тохирох донор хайсан ч ихэнх нь цусны бүлэг зөрж, заримаас нь вирус илэрсэн. Яах ч аргагүй болсон учраас энд тэндээс тусламж хүссээр дүүгийнхээ найзад санал тавьж, шинжилгээг нь Сингапур руу явуулахад таарсан. Ахын маань амийг аварсан түүнд бид 40 сая төгрөг, хоёр өрөө байр өгсөн. Одоо бие нь эрүүл болсон. Үргэлж эргэж, тойрсоор төрөл садан шиг л болсон” хэмээн ярилаа.
Уг нь, энэ бол манай улсын хуульд харш. Гэсэн ч бүх зүйл амь насаар хэмжигдэж байгаа нөхцөлд арга чарга бүхнийг л хайх нь мэдээжийн хэрэг. Донорын тухай энэ ээдрээтэй асуудлын талаар Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, доктор О.Сэргэлэнгээс тодруулахад “Донорын тухай хуулийн 9.2 дугаар зүйлдзөвхөн цусан төрлөөс элэг шилжүүлнэ гэж заасан байдаг. Энэ нь учир дутагдалтай. Манайд вирусын өвчлөл их байдаг. Ийм байхад гэр бүлийн эхнэр, нөхөр хоёр нэг нэгэндээ эрхтэн шилжүүлэх хүртэл хориотой байгаа нь донор олоход хүндрэл учруулдаг. Тиймээс бид хуульд хэд хэдэн өөрчлөлт тусгасан. Хамгийн гол нь, амьд донороос эрхтэн авах хүрээг тэлж өгөх шаардлагатай. 30-аас доош насны хүнийг донор болгодог. Тиймээс одоогийн хуулиар бол эрүүл донор олдох боломж хомс байна” гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ