Хятадын гадаад тагнуул
“Маш нууц” сэтгүүлийн “Нууцын хавтас” буланд энэ удаа АНУ-ын хятад судлаач Николас Эфтимиадсын бичсэн “Хятадын тагнуулын байгууллагын үйл ажиллагаа” номын хэсгээс орчуулагч Ж.Болдын дуун хөрвүүлснээр цуврал болгон нийтэлж байна. Уг зохиогчийн бичсэн “БНХАУ-ын Улсыг аюулаас хамгаалах яамны олон улсын тавцан дээрх төлөвшил” судалгааны сэдэв АНУ-ын Мэдээлэл, судалгааны төвийн шинжлэх ухааны шилдэг өгүүллэгээр шалгарч байжээ.
Хятадын тагнуулын байгууллагын үйл ажиллагаанд бусдаас ер бусын, бусдыг бишрүүлж гайхуулаад байх зүйл үгүй. Гэхдээ л үйл ажиллагаанд нь Хятадын онцлог гэмээр зүйл байдаг. Мэдээ цуглуулахын тулд УАХЯ гадаадад оршин сууж байгаа, удаан хугацаагаар гадаадад аялж байгаа өөрийн иргэдийн дотроос олон хүнийг сонгон авна. АНУ-ын сөрөг тагнуулын өндөр албан тушаалтан Хятадын тагнуулын байгууллагын энэ аргыг Зөвлөлтийн тагнуулын байгууллагын уламжлалт аргатай зүйрлэж, Зөвлөлтийн тагнуулын байгууллагыг бодвол арай цөөн хүнийг ашиглаж илүү их мэдээлэл олдог гэсэн байдаг.
Хятадууд тагнуулын мэдээ цуглуулах ажиллагааг төдийлөн түвэгтэй ажиллагаа болгодоггүй, тооны хувьд олон мэдээ цуглуулж чаддагаараа мэдээний хомсдолыг нөхөж чаддаг байна. Хятадууд АНУ-д тагнуулын үйл ажиллагаа явуулахдаа дараахь байгууллагын ажилтнуудыг ашигладаг юм. Үүнд:
- Нэг мянга таван зуун дипломатч болон худалдааны төлөөлөгчид;
- Долоон зуугаад худалдааны байгууллага болон төлөөлөгчийн газрууд;
- АНУ-д жил бүр сурч байдаг арван таван мянга гаруй оюутан;
- АНУ-д жил бүр төрөл бүрийн шугамаар очдог хоёр мянга долоон зуугаад төлөөлөгчид;
- АНУ-д цагаачлан амьдардаг маш олон тооны хятад цагаачид;
АНУ-д илрүүлсэн Хятадын технологийн тагнуулын үйл ажиллагаанд тооцоолон бодох машинаар шинжилгээ хийхэд тэд тагнуулын үйл ажиллагаандаа үндсэн гурван аргыг ашигладаг болох нь харагдаж байна. Нэгд, Хятадад сонгон авч элсүүлсэн хүмүүстээ гадаадад явахдаа тэдний сонирхож байгаа технологийг олж ирэхийг хүсдэг. Хоёрт, Хятад Улсад шаардлагатай гэсэн технологийг олж авах боломжтой АНУ-ын компаниудыг Хятадын төрийн өмчийн компаниуд шууд худалдан авч байна. Тагнуулын ажлын хүрээнд ийм ажиллагааг шийдэмгий довтолгоо гэж үздэг юм. Гуравт, хамгийн их дэлгэрсэн арга бол Хонконгд үйл ажиллагаагаа явуулдаг компанийн хүнийг өөртөө элсүүлж, түүгээр дамжуулан өндөр шинэ технологийг худалдан авах явдал юм.
Хууль ёсны халхавч ашиглан гадаадын техник, технологийг олж авдаг арга нь шинжлэх ухааны чиглэлээр хүн солилцоог ашиглах явдал хамгийн нийтлэг арга байдаг байна. Жил бүр БНХАУ-ын иргэн хэдэн мянган хүн худалдаа, үйлдвэрлэл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах зэрэг бусад шугамаар АНУ-ыг зорьдог. Тагнуулын мэдээллийг илээр цуглуулах арга бол төлөөлөгчдийг нутагтаа эргэж ирсэн хойно нь тэднээс гадаадад байхдаа үзсэн, харсан зүйлүүд дотор нь сонирхсон мэдээлэл байгаа эсэх талаар асууж тодруулна. Үүний зэрэгцээ Хятадын УАХЯ, цэргийн тагнуулын байгууллага хүн элсүүлэх замаар бас тагнуулын мэдээ цуглуулдаг байна. Мэдээ дамжуулах, мэдээ олох зорилгоор гол төлөв хүн элсүүлж авдаг аж.
Ийм аргаар тагнуулын мэдээ цуглуулах нууц ажиллагааг 1988 оны 02-р сарын 29-ний өдөр АНУ-д илрүүлсэн бөгөөд тэр өдөр БНХАУ анхныхаа нейтроны бөмбөгийг дэлбэлж туршсан өдөр юм. АНУ-ын ХМТ-ноос хийсэн хожмын шалгалтаар нейтроны бөмбөг хийх технологи нь Хятадын өөрийнх нь биш, Калифорни мужийн Ливермор хотын Лоуренс Ливерморын Үндэсний лабораторид зохион бүтээсэн болох нь тогтоогдсон байна. ХХ зууны 80-аад оны дундуур энэ технологийг нууцалж хамгаалдаггүй байж. Нүүрэн дээрээ Хятадын эрдэмтдээс бүрдсэн гэх элдэв төлөөлөгчдийн бүрэлдэхүүн зохих ёсны шалгалтад өртөлгүйгээр эдгээр техник, технологийг үзэж танилцдаг байж. Хятадын хэд хэдэн эрдэмтэн айлчилж байсныг АНУ-ын ХМТ тэднийг нэг бол Хятадын УАХБ-тай холбоотой, нэг бол тагнуулын ажилтнууд байсан гэж дүгнэсэн байдаг. Лоуренс Ливерморын лабораторид хийж байсан эдгээр айлчлалыг энэ байгууллага дотроос хүн элсүүлэн авах ажиллагаандаа Хятадын УАХЯ хялбархаан ашигласан байж болзошгүй байгаа юм.
Мэргэжлийн тагнуулчдын ажиллагаа болон УАХЯ-ны элсүүлсэн хүмүүсийн тагнуулын ажиллагааны ялгааг иргэд сонирхдог. Мэргэжлийн тагнуулын ажилтнуудын хувьд тэд ихэнхдээ техник, технологийн гол асуудлын талаархи мэдлэг нь хангалтгүй байдаг. Харин элсүүлсэн хүмүүс нь нууцаар мэдээ цуглуулах аргыг мэддэггүй. Тухайлбал, Парист болсон нэгэн худалдааны үзэсгэлэн дээр Хятадын шинжлэх ухааны байгууллагын төлөөлөгчдийн гишүүд Германы AGFA үйлдвэрт бүтээсэн гэрэл зургийн шингэн хоронд зангиагаа дүрж, уусмалыг шингээн авч байсан нь Францын цэргийн ажиглагчдын хяналтад өртсөн байдаг. Тагнуулын ийнхүү болхи ажиллагааны зорилго нь тухайн уусмалын дээжийг авч улмаар химийн бүтцийг нь тогтооход ашиглах гэсэн хэрэг байсан биз ээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ