Гэрэл зурагчин Ө.Баттайван: “Эротик зурганд ажиллах нь илүү сонирхолтой”
...Ер нь Бурхан эмэгтэй хүнд 22 нас хүртэл нь гоё сайхан бүхнийг өгдөг харин тэрнээс хойш үр хүүхдээ хамгаалах үүргийг өгдөг, гэдэг юм байна лээ. Тэгэхээр эмэгтэй хүн тэр сайхан байх насан дээрээ ньюд зургаа авахуулах хэрэгтэй болов уу. Гэхдээ хүн бүхний сонирхол өөр өөр байдаг л даа. Зарим нь хэзээ ч тийм зураг авахуулахгүй гэдэг, зарим нь ньюд зургаа авахуулдаг, авахуулаагүй нэг нь хожмоо их харамсдаг юм шиг байна лээ...
- Та хэдэн оноос гэрэл зураг сонирхож эхэлсэн бэ?
- 1981 оноос анх гэрэл зураг сонирхож эхэлсэн. Яагаад гэрэл зураг сонирхох болсон вэ гэвэл тэр үед “Новые товары” гэдэг нэртэй элдэв бараа сурталчилдаг орос сэтгүүл гардаг байсан. Түүн дээр гэрэл зургийн аппаратны зураг байнга гарна. Тэр сэтгүүл дээр гарсан “Зенит” аппаратны зургийг харчихаад “Би ийм л аппараттай болмоор байна” гэж гэрийнхэндээ хэлдэг байсан. Тэгтэл удалгүй миний төрсөн өдрөөр аав, ээж хоёр маань надад бор цаасанд боосон нэг бэлэг өгсөн. Түүнийг нь задлаад үзтэл аппарат байсанд маш их баярлаж билээ. Баярласандаа шууд гарч гүйгээд “Хангай” зочид буудлын ахуйн үйлчилгээний тасгаас хальс авч цэнэглээд Энхтайваны гүүр давж Туул гол руу зураг авахаар явсан даа. Замдаа өөрт гоё харагдсан цэцэг, навч гээд л сонирхолтой гэсэн болгоныг авч явсаар байгаад бүр Амгалан орчихсон байсан. Маш олон цаг явж, баахан зураг авч байгаад гэртээ ирээд хальсаа улаан гэрэлд угаасан чинь ямар ч дүрс байхгүй хав хар байсан. Би гайхаад бурхан, буг чөтгөртэй нь холбоод л юу авчихав, яагаад гарахгүй байна аа гэж бодож билээ.
Залуу техникчдийн ордонд Гантөмөр гэдэг сайн багш байдаг байлаа. Багш дээрээ очоод асуусан чинь “Улаан гэрэлд угаасан юм бол тэгэлгүй яадаг юм” гэж билээ. Тэр багш маань киноны дугуйлангийн багш байсан болохоор надад бүх юмыг зааж өгсөн. Би ч дугуйланд нь орж суралцаад тэр цагаас хойш зурагчин болох сонирхолтой болсон юм. Ерөнхийдөө би уг сууриа киногоор тавьсан. Тэр үед найм, 16 миллиметрийн камераар кино зураг авдаг байлаа. Түүний хажуугаар манай хөрш зэргэлдээ гэрэл зургийн дугуйлан хичээллэдэг байсан. Тэр үед би анх Ц.Батзориг агсантай танилцаж байсан. Бид хөрш болохоор байнга орж, гараад Ц.Батзоригоос их олон зүйлийг сурсан. Өөрөө ч их нямбай хүн болохоор гэрэл зургийн лаборатори ажиллагааны талаар их зүйл зааж өгсөн дөө. Тэгээд л киноноос гэрэл зураг руу орж, мэддэггүй байсан зурагчдын нэр гээд л олон зүйлийг надад хэлж, миний нүдийг нээж өгсөн юм. Тэр үед одоогийнх шиг интернэт байхгүй, бас дээрээс нь би өөрөө орос хэлэндээ муу. Харин Ц.Батзориг агсан Микрийн 33-р сургуульд сурдаг байсан болохоор орос хэлэндээ сайн, орос сонин хэвлэлээс надад их олон зүйлийг орчуулж, тайлбарлаж өгдөг байлаа. Би орос, герман хэл дээр гардаг байсан гэрэл зурагтай холбоотой сэтгүүлүүдийг цуглуулж, ойлгохгүй ч гэсэн зүгээр л зургийг нь харна. Тэгээд л “Яавал сайн зурагчин болох вэ?” гэж боддог байлаа. Эхлээд би дууриаж авах дуртай болсон. Зураг хараад “Яг үүнийг дууриаж авна” гээд хэрвээ яг ижилхэн авч чадвал ихэд баярладаг байлаа. Ц.Батзориг ч мөн надад “Зураг авахад зөвхөн гоё сайхан биш хүний өөрийнх нь үзэл бодол, юу сонирхож байна, юу авахыг хүсч байна тэрийгээ л авах хэрэгтэй” гэж зөвлөдөг байсан. Яваандаа миний орос хэл сайжирч, өөрөө ч тэрийгээ уншдаг болсон доо.
- Москвад Бүх Холбоотын кино урлагийн дээд сургуульд явсан гэдгийг тань мэдэх юм байна?
- Тэр үед би Германы гэрэл зургийн сургалтад явъя гэж боддог байсан чинь суурь шалгалт нь алгебр байсан. Би тоонд тааруу байсан болохоор “Энэ бүтэхгүй юм байна” гэж бодоод дугуйландаа явж байгаад киноны дугуйлангаа алтан медальтай төгссөн. Тухайн үед Залуу техникчдийн ордонд тухайн дугуйлангаа алтан медальтай төгсвөл шууд холбогдох мэргэжлийн дээд сургуульд нь суралцах урилга өгдөг нь их сайхан байлаа. Надад ч урилга өгсөн. Гэтэл би наймдугаар ангиа төгсөөд сургуулиасаа хөөгдчихсөн юм. Миний хүсээгүй мэргэжил болох барилгын дөрөвдүгээр ТМС-т би орох болчихлоо. Тэгээд аав, ээжтэйгээ нийлж “Шархад”-нд хэвтэж бөөн хуйвалдаан болгож байгаад сургуулиасаа хувийн хэргээ гар дээрээ аваад оройн сургуулийг төгсөв. Таван жилийн дараа Москва руу сургуульд явсны учир гэвэл тэр үед даргын хүүхэд л сургуульд явна гэдэг лобби их хүчтэй байсан болохоор нэг даргын хүүхэд миний оронд явчихсан юм. Харин би гурван жил цэрэгт яваад, хоёр жил телевиз, Залуучуудын соёлын төв зэрэг газар дамжин ажиллаж байгаад ВГИК (Всероссийский государственный университет кинематографии имени С.А. Герасимова) руу явсан даа. ВГИК бол миний мөрөөдөл байсан. Тэнд очоод кинооператорын мэргэжлээр суралцсан. Эхний хоёр жилийн хичээл гэрэл зураг байдаг байсан болохоор Ц.Батзориг болон Залуу техникчдийн ордны багш нартаа их баярладаг байв.
Би сүүлдээ яагаад гэрэл зураг руу илүү түлхүү орох болсон вэ гэвэл кино надад их нүсэр санагддаг байсан. Би өөрөө ганцаараа юм хийх дуртай хүн байсны дээр тэр үед хүмүүс одоогийнх шиг ийм нээлттэй, хүнийг ойлгодоггүй, ямар ч боломжгүй юм шаарддаг байсан болохоор найруулагчтайгаа хэл амаа ололцдоггүй байлаа. Тийм болохоор кино бол одоохондоо надад хүнд юм байна гэж бодсон. Дээр нь гэрэл зурагчин хүн хэн нэгэнтэй маргахгүй зөвхөн ганцаараа бодож, ажиллаж байгаад сүүлд нь хийсэн бүтээснээ хүмүүст дэлгэж харуулдаг байсан нь намайг гэрэл зураг руу улам ихээр татсан. Сургуулиа төгсч ирээд би телевизэд гурван сар л ажилласан. Гурван сар ажиллахдаа гэртээ үргэлж согтуу очдог байлаа. Тэгтэл эхнэр маань надад нэг өдөр “Чамайг ирэх болгонд амнаас чинь дандаа архи үнэртэх юм” гэж хэлснийг нь бодоод ухаан орох шиг болсон. Тэгээд л “Улаанбаатар” гэх мэт сонинд нэг хэсэг зүтгэж байгаад Улсын гэрэл зургийн газарт ажиллаад нэлээн хэдэн жил болсон доо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ