Г.Алтаншагай: Бид гурван жилийн дотор өнөр өтгөн айл болж чадлаа
Мөрөөдлийн театр” байгуулагдсаны гурван жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Тэд ойдоо зориулан өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийсэн уран бүтээлийнхээ шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ түүвэрлэн хүргэж байгаа аж. Тоглолтын үеэр тус театрын захирал, СТА Г.Алтаншагайтай ярилцсанаа хүргэе.
-Театраа байгуулсны ойгоо үзэгчидтэйгээ тэмдэглэдэг танай хамт олонд баяр хүргэе. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ууган театраас өрх тусгаарлан хөл дээрээ зогстолоо амаргүй даваануудыг давсан байх?
-Юуны өмнө бидэнтэй гурван жилийн турш хамт байж, хийсэн уран бүтээл болгоныг минь халуун алга ташилтаар хүлээн авч урам өгч байсан үзэгчдэдээ баярын мэнд хүргэе. Бид гурван жилийн хугацаанд хийсэн уран бүтээлийнхээ шилдэг үзүүлбэрүүдийг түүвэрлэн үзэгчдэдээ юу хийснээ тайлагнаж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн хугацаанд “Миний нууц хүү”, “Гээсэн хайраа аваарай”, “Их ид шидтэн”, “Тэр чинь би”, “Хайртай бол эргэж хараарай” “Амьдрал өөрөө бэлэг” зэрэг арав гаруй тайзны уран бүтээл, “Ээжийн дайсан” киног хийсэн. Мөн Монгол орноо нар зөв бүтэн тойрч хөдөө орон нутгийн үзэгчдэдээ уран бүтээлээ толилууллаа.
-Аливаа ажлын эхлэл нь 90 хувь байдаг гэдэг. Анх театраа байгуулчихаад ахмад уран бүтээлчдээсээ заавар, зөвлөгөө авч байв уу?
-СУИС, УДЭТ-ын ахмад уран бүтээлчдээсээ их зүйл сурсан. Тэр л хүмүүсийн сургаалаар уран бүтээлээ хийж өдийг хүрлээ. Мөн театрынхаа уран бүтээлчидтай хамтран ажиллаж хамт олны бие биенээ гэсэн сэтгэл, уран бүтээлч хүний хөдөлмөрч зан, цаг хугацааг хэрхэн ашиглах, өөрийгөө өшөө илүү хэрхэн хөгжүүлэх зэрэг олон чанарыг харж туршлага хуримтлуулсан. Энэ бүх туршлагадаа үндэслэн театрын үйл ажиллагаагаа явуулан уран бүтээлээ туурвиж өдий хүрч байна. Манай театрын хамгийн ахмад нь гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг буюу Аяа. Эгч маань бидэнд тайзан дээр хэрхэн биеэ зөв авч явах, уран бүтээлч хүн ганц тайз гэлтгүй олон нийтийн дунд хэрхэн үлгэр дууриал үзүүлэх, амьдралд хэрхэн хандах гээд маш олон зүйлд тусалж дэмждэг. Мөн бусад продакшны уран бүтээлчдээс энийг ингэх үү, ингэвэл ямар байна гээд зөвлөгөө сонсдог.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ