Оросын алтан охид

ОХУ-ын ерөнхийлөгч хэвлэлийнхэнд хандан Юлия Липницкая миний А хувилбар байсан бол Аделина Сотникова Б хувилбар байсан хэмээжээ. Үнэхээр ч бүхний анхаарал Ким Юна болон Мао Асада, Юлия Липницкая нарт төвлөрч байх хооронд "Б" хувилбар болох Сотникова цахиур хагалан гарч ирж олимпийн алтан медаль хүртсэн нь оросын ард түмний магнайг тэнийлгэж хагартал баярлуулсан бизээ.

Оросууд уран гулгалтын эрэгтэй төрөлд л аваргатай байсан тул олимпийн түүхэндээ анх удаа эмэгтэй аваргатай болсноор түүнийгээ "алтан охин" хэмээн шүтэж байна.

Москвад төрж өссөн Сотникова дөрвөн настайгаасаа л энэ спортоор хичээллэж эхэлсэн гэнэ. 12-тойдоо тэрээр улсынхаа аварга болсноос хойш өнөөдрийг хүртэл дөрвөн ч удаа ОХУ-ын аварга болжээ.

Одоо цагт, ирээдүйд ч тэр түүний хамгийн ширүүн өрсөлдөгч нь нутаг нэгт өөрөөс нь хоёр насаар дүү Липницкая болох нь тодорхой. Тэдний өрсөлдөөн олимпийн эрх авахаас эхлүүлээд л өрнөсөн.

Энэ жил улсынхаа аваргын мөсөн талбайд тэр Липницкаягаас илүү байж алтан медаль авсан ч Унгарын нийслэл Будапештэд болсон Европын аваргад Юлия Липницкая түрүүлж алтан медаль хүртсэн бол Алена түүнээс ялимгүй оноогоор дутаж мөнгөн медаль авсан билээ. Олимпийн өмнөх хоёр том тэмцээнд ширүүн өрсөлдөж алт мөнгөн медалийн эзэд болцгоосон гэсэн үг.

Анх удаа олимпийн төрөлд багтсан багийн уран гулгалтад Липницкая улсаа төлөөлөн өрсөлдөж энэ төрлийн анхны аваргаар ОХУ тодорсон юм. Харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Алена аваргалж чадсан. Гайхалтай өрсөлдөөн биш гэж үү. Нэг нь 17-той бол нөгөөх нь 15-тай. Цаашид олон жил өрсөлдөх "алтан охид".

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ