Баг үүргээ гүйцэтгэж чадаагүй бол миний буруу
ОХУ-ын хоккейн шигшээ баг Финляндын багтай хагас шигшээгийн төлөө тоглолтод 1:3 харьцаатайгаар хожигдсон нь оросуудад том цохилт болсон. Нутгийнхаа мөсөн талбайгаас алтан медаль авах зорилготой байсан тэдний мөрөөдөл ийнхүү нуран унав. Оросын хоккейн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Зинэтула Билялетдиноваас тоглолтын талаар sport.ru сайтын сэтгүүлчдийн авсан ярилцлагыг хүргэж байна.
-Хүчтэй довтлогчидтэй баг хэрнээ хариуцлагатай тоглолтод яагаад ийм муу тоглосон бэ?
-Яг ийм шалтгаанаар ганц шайб оруулсан гэж хариулахад хэцүү. Тоглогчид клубтээ бол олон шайб оруулдаг шүү дээ. Овечкин гэхэд л “Вашингтон” клубт тоглохдоо 40 гаруй шайб оруулж байсан.
Одоогоор юу болсон учрыг тайлбарлаж чадахгүй байна. Хэн нь буруутай гэж хэлэх аргагүй. Мэдээж хэцүү байна. Тоглогчид бүгдээрээ л хичээж, тэмцээнд бэлтгэсэн. Харамсалтай нь хувийн алдаа гаргалаа. Ийм тоглолтод ганц шайб оруулна гэдэг үнэхээр муу.
-Та дасгалжуулагчаар цаашид ажиллах уу?
-Миний шийдвэрлэх асуудал биш. Надад бол ажиллах хүсэл байна. Хүүхдүүддээ ч дассан. Гэхдээ удирдлага шийдвэрлэнэ.
-Энэ тоглолт үнэхээр сүйрэл байлаа...
-Амжилтгүй тоглолт болсон. Хүссэнээрээ л нэрлэ. Надад хэн нэгнийг хариуцлагагүй байсан гэж зэмлэхэд хэцүү байна. Бүгдээрээ л хичээсэн болохоор тоглогчдын талаар ямар ч муу зүйл хэлж чадахгүй.
-Нутагтаа болж байгаа олимпод та хариуцлагаа ойлгож байсан ч болсонгүй...
-Тийм ээ, би ойлгож байсан, ажлаа мэргэжлийн хэмжээнд хийхийг хичээсэн. Шаардлагатай гэж үзсэн бүх зүйлээ хийсэн. Би зүгээр л ажлаа хийсэн, тэрнээс биш дарамт шахалт мэдрээгүй ээ.
-Таны гаргасан алдаа юу байсан юм бол. Овечкин, Малкин хоёрыг салгаж тоглуулах байсан уу?
-Би их бодсон... Одоо энэ талаар юу ярих вэ. Бүх зүйлд би буруутай. Хэрвээ баг үүргээ гүйцэтгэж чадаагүй бол энэ миний буруу. Бид олон шайб оруулах ёстой байсан. Бидэнд үүнийг хийж чадах хоккейчид байгаа. Зарим асуултад хариулахад бэлэн биш байна.
-Сүүлийн хоёр тоглолтод Никулинг яагаад оролцуулаагүй вэ?
-Долоон хамгаалагч, 13 довтлогч тоглуулах шийдвэр гаргачихсан байсан. Ковальчукийн эрүүл мэндийн байдал асуудалтай байсан ч би энэ талаар яриагүй юм. Түүний гэмтэл нь хөнгөн байгаагүй.
-Та тоглогчдын байрлал дээр алдаа гаргасан юм биш биз. Одоо тэгдэг л байж гэж санагдаж байна уу?
-Манай хамгийн шилдэг тоглогчид тэмцээнд оролцсон. Хамгаалах болон довтлох байрлал бүрт хамгийн хүчтэй тамирчид байсан. Би оруулаагүй байж болох тоглогчийг нэрлээч.
-Варламовыг оруулсан нь буруу байсан уу?
-Хэлэхэд хэцүү байна. Бид хэнийг тоглуулах талаар ярилцсан. За яахав Бобровскийг оруулсан бол байдал ямар байх вэ? Дараа нь та нар Бобровский өчигдөр тоглосон, харин Семёнийг оруулах байсан гэж ярина шүү дээ.
-Гэхдээ та нэг дугаартай хаалгачаар хэнийг тавихаа сайн тодорхойлоогүй юм шиг санагдсан...
-Бобровский ч тэр, Варламов ч тэр хоёулаа сайн хаалгач.
-Варламовыг оруулах шийдвэрийг хэн гаргасан бэ. Та юу, хаалгачдын дасгалжуулагч Мышкин гаргасан уу?
-Би ерөнхий дасгалжуулагч учраас шийдвэр гаргасан.
-Өрсөлдөгч багийн идэвхтэй тоглолт манай хоккейчдийн хамгаалалтын шугамыг тасалдуулж байсан талаар юу хэлэх вэ?
-Финляндчууд сайн тоглолоо. Шайбгүй хэрнээ довтолгоог эвтэйхэн хийж байсан. Манайхан довтолгоог эсэргүүцэхэд хэцүү болсон.
-Тэд их сайн зохион байгуулалттай тоглож, дараалаад шайб оруулсан...
-Бид ч зохион байгуулалттай тоглохыг хичээсэн. Хамгаалсан тоглолт хийдэг гэж намайг үргэлж буруутгадаг.
Хэн буруутгаж байна вэ гэхээр хамгаалалт, довтлолт гэж юу болохыг ойлгодоггүй хүмүүс тэгж хэлдэг. Би дахиад хэлье. Сайн баг хамгаалаад довтлоод тоглодог, финляндчууд шиг. Тэд сайн хамгаалж байсан шүү дээ.
-Та хөгжөөн дэмжигчдэд юу хэлэх вэ?
-Уучлалт гуйж байна. Уг нь арай өөр зүйл хэлэх горьдлоготой байсан юм.
-Олимпийн бусад уралдаан тэмцээнийг энд үзэх үү?
-Үгүй ээ. Би Сочигоос явлаа. Дараа нь яахыг хэлж мэдэхгүй байна. Уралдаан тэмцээнийг бол гэртээ үзнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ