“Юнивишн” хэрэглэгчдийнхээ итгэлийг алдаж байна

Юнивишн”-ийн шилэн кабелын холболтын нэг үзүүр бүхий сүлжээгээр дамжуулан танай гэр бүл дэлхийн технологийн гайхамшиг IPTV, интернэт, суурин утас гэсэн гурван үйлчилгээг нэгэн зэрэг хүлээн авах боломжтой болно сүржин рекламдсаар “Юнител” группийн охин компани “Юнивишн” нээлтээ хийж байв.

Ингэснээрээ Монголд анхдагч болж, хэрэглэгчдийг хуйлруулж чадсан гэдэг. Гэтэл сүүлийн үед “Юнивишн”-ийн талаарх гомдол цахим ертөнцөд тасрахаа болилоо.
Эхний үед “Хэрэглэгчдээсээ илүү их мөнгө авдаг”,“Хэрэглэгчид нь ШӨХТГ-т гомдол гаргасан байна”, “IPTV гацалтын гайхамшгийг харуулж байна” гэлцдэг байлаа. Тэгвэл ойрын хэд хоногт хаа сайгүй “Юнивишн тасарчихлаа”, “Юнивишн засагдсан болов уу” гэсэн яриа өрнөдөг болсон. Түүгээр ч зогсохгүй интернэт удаан, байнга тасардаг, IPTVмуу гарч байна, сүлжээ болоод суваг гарахгүй байна зэргээр гомдоллох хэрэглэгчид өөр компани сонгохоо илэрхийлж, багагүй бухимдалтай байх болов. Ийнхүү “Юнивишн” эхнээсээ хэрэглэгчдийнхээ итгэлийг алдаж эхэллээ. Гэсэн хэдий ч хэрэглэгчид эхнээсээ татгалзаж байхад мөн хэрэглэгч нь болох хүсэлтэй иргэд ч бий.

Гэтэл “Юнивишн”-ий сүлжээ ороогүй гэх хариулт сонсоно. Хэрвээ хүсэлтээ гаргавал сарын дараа шийдэж өгч болно гэсэн хариулт өгдөг. Сүлжээ ороогүй газар нь ч яах вэ. Сар хүлээгээд, өдөр бүр утас цохиж байгаад хэрэглэгч болох л байх.
Харин өмнөх хэрэглэгчдээ алдахгүй байх нь л тус компанид чухал баймаар. “Юнивишн”-ий хэрэглэгчид интернэт, суваг тасалдах бүрт 77118811 дугаар руу залгана. Гэвч өөдөөс “Түр хүлээнэ үү” гэчихээд оператор нь утсаа авна гэж байхгүй. Ингээд л бухимдсан хэрэглэгчид “Юнивишн”-ий цахим хуудсуудад гомдлоо бичнэ. Гэвч энэ гомдлууд шийдвэрлэгдэж байгаа бодит дүр зураг харагдахгүй байна. Би ч мөн адил үүнийг бичиж байхдаа 77118811 дугаарт холбогдох гэсэн бүтэлгүй оролдлогын дараа арайхийж холбогдоход “Гэмтэл гарсан ч зассан, одоо хэвийн ажиллана” гэсэн хариулт авсан ч үйлчилгээ хэвийн болоогүй л байна.


Энэ мэтээр арга нь барагдсан үйлчлүүлэгчид Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар хандаж, тус компанид албан шаардлага хүргүүлж байсан удаатай. Үүний эцэст тус компанийн дэд захирал А.Дуламрагчаа “2013 оны 4-р сарын 25-ны өдрийн 03/384 тоот албан бичгээр 2013 оны 5-р сарын 1-нээс эхлэн гэрээний заалтыг “Хэрэглэгчийн гомдлын дагуу тасалдсан шалтгаан нөхцөлийг тогтоож, хэрэв “Юнивишн” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан байвал хэрэглэгчийн үйлчилгээ аваагүй хугацааны төлбөрөөс чөлөөлнө” хэмээн өөрчлөлт оруулсан тухайгаа мэдэгдсэн.


Гэхдээ энэ шийдвэр бодитой хэрэгжиж чадсан гэхэд эргэлзэх хэрэглэгч олон байна билээ. Тиймдээ ч ШӨХТГ-ын дарга О.Магнайд хандан “Юнивишний тасалдсан цагийг төлбөрөөс нь хасч тооцдог болоход анхаарч өгөөч” хэмээн цахим хуудаснаа бичсээр байна. “Юнивишн”-ий өөрсдийгөө рекламддаг гол зүйл болох IPTVбуюу телевизийн шууд эфирээр дамжиж буй нэвтрүүлгийг түр зогсоох, гараад өнгөрснийг нь нөхөж үзэх, хуулж авах технологи юм. IPTV нь өргөн зурвасын интернэт ашиглан тоон телевизийг ердийн телевизорт хүлээн авч үзэх боломж олгодог.

Түүнчлэн хэрэглэгчид нь IPTV-г хүлээн авч буй сүлжээгээрээ дамжуулан өндөр хурдны интернэт болон суурин утасны үйлчилгээг нэгэн зэрэг хүлээн авах учиртай юм. Өөрөөр хэлбэл, IPTV нь бодит хугацааны агшинд мэдээллийг дамжуулж байдаг учраас сүлжээний хоцрогдолгүй байх төдийгүй холбогдох хурд нь өндөр байх шаардлагатай байдаг. Хэрэв тухайн цэгт очиж байгаа хурд нь хангалтгүй байвал хэрэглэгчийн зурагт гацдаг гэсэн үг. Түүнчлэн бүх үйлчилгээ нь интернэтэд суурилсан учир интернэтийн урсгал тасарвал телевиз, суурин утас, интернэтийн үйлчилгээг ашиглах боломжгүй болдог. Үүнд л гол учир байгаа юм.Тиймээс л “Юнивишн”-ий хэрэглэгчид гайхамшигт амлалтад нь хууртсандаа бухимдахаас өөр аргагүй.
Саяхан нэгэн залуу өөрийн блогт “Итгэл алдсан Юнивишн баяртай” хэмээх нийтлэл бичсэн байсан. Тухайн нийтлэлийг уншихад дээрх хэрэглэгчийн интернэт төхөөрөмжийг өөр хүмүүс хэрэглэж байгаа тухай, мөн тус компани хэрэглэгчтэй байгуулсан гэрээгээ зөрчиж буй тухай олон баримт дурдсан байв.

Дээрх хэрэглэгч IT-гийн мэдлэг өндөртэй учраас өөрийнх нь төхөөрөмжийг бусад хүн ашиглаж байгаа зэргийг төвөггүй олоод мэдчихэж. Гэтэл ийм мэдлэггүй хэрэглэгчид интернэтээ бусадтай хуваалцан ашиглаж хохирсоор байгаа гэсэн үг.
Энэ мэт гомдлоо шийдүүлэх гэсэн иргэд өдөрт хэдэн арваараа “Юнивишн” рүү утас цохиж, цахим ертөнцөд гомдлоо бичсээр байна. Үйлчилгээтэй холбоотой бас нэгэн гомдол бол сувгийн сонголт тааруу гэх. “Хүн тоож үзэхээргүй хогийн сувгууд бөөндчихөж” хэмээн нэг хэрэглэгч бухимдан бичсэн ч харагдлаа. Сувгийн сонголтын асуудал “Сочи 2014” өвлийн Олимпийн наадмын үеэр хүчтэй яригдсан.

Олимп дамжуулж буй “ТВ-5” телевиз тус компанид нэг сувгаа гаргуулах санал тавьсан ч хүлээж аваагүйгээс өнөөх л ШӨХТГ-т хандаж, хэрэглэгчийн эрх ашиг ярьснаар “Юнивишн”-ий хэрэглэгчид Олимп үзэх эрхтэй болсон. “Юнивишн”-ий толгой компани “Юнител” групп ойрын үед найман жилийнхээ ойг тэмдэглэж, хаа сайгүй ногоон өнгө харагдах болсон. Гэсэн ч хэрэглэгчдээсээ асуулгүйгээр өөр үйлчилгээ, багцад шилжүүлж байгаа тухай гомдол мөн л тасрахаа байсан.
Тиймээс дээрх компаниуд “Хэрэглэгч хаан” гэсэн уриаг дээдэлж, мэдээллийн эрин зуунтай хөл нийлүүлэн алхах хүсэлтэй хэрэглэгчдийнхээ гомдол саналыг даруй шийдвэрлэж, үйлчилгээндээ анхаарахгүй бол хэрэглэгчид чинь өрсөлдөгч байгууллага руу “урвах” магадлал тун их байна шүү гэдгийг дуулгая.



Б.Мөнхжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин