Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шинэ байртай боллоо
Монгол Улсын Засгийн газрын шинэчлэлийн бодлогын хүрээнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг ард иргэдэд ойртуулах, шуурхай хүргэх зорилгоор дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдийг нэг, хоёрдугаар хэсэг болгон бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж багагүй хугацаа өнгөрөөд байгаа билээ.
Энэ үйл ажиллагааг Нийслэлийн Засаг дарга, Иргэдийн хурал бүрэн дэмжиж Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр 1,5 тэрбум төгрөгийг төсөвт суулган цаг алдалгүй барилгын ажлыг эхлүүлснээр шинэ он гарахтай зэрэгцэн алба хаагчид шинэ байрандаа орж байна.
Сар хүрэхгүй хугацааны өмнө Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шинэхэн байрандаа нүүн орж байсан бол энэ удаад Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид байраа хүлээж авлаа.
Уг бүтээн байгуулалтыг Нарантээл ХХК, Аструм ХХК-иуд бариж байгуулан ийнхүү заасан хугацаанд багтаан хүлээлгэн өгч байгаа юм. Барилгыг хүлээж авах нээлтийн ёслолд Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хууль сахиулах бодлогын хэлтсийн дарга Г.Оюунболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Батжаргал, НХЖХГ-ын дарга, цагдаагийн хурандаа П.Энхтогтох, БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдагва, ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг даргын тамгын газрын дарга Б.Амартүвшин болон барилгын компанийн захирал, санхүү хариуцсан даамлууд оролцлоо.
Хууль зүйн шинэтгэлийн бодлогын хүрээнд алслагдсан хороодын иргэдэд цагдаагийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилготой энэхүү нэгэн ижил зургаар хийгдсэн цагдаагийн хэлтсийн барилгууд Хан-Уул, СонгиноХайрхан, Сүхбаатар дүүргүүдэд мөн баригдаж байгаа бөгөөд шинэ оноос өмнө улсын комисс хүлээж авах юм.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ