Бид нэгнээрээ дутахаас олноороо гайхуулахгүй

Хөгжлийн гарцыг хайгаад, эрээд байх юу байх вэ дээ. Бид шинэ нээлт хийх гэж байгаа биш дээ. Хүнийг хөгжүүлдэг өвөг дээдсийн минь болон дэлхий нийтийн туршлага захаас аваад л байна. Монголоосоо дэлхийн зах зээл дээр ажиллах боломж ч бидэнд байна.

Энэтхэгт 14-тэй бацаанууд хүртэл дэлхийн зах зээл дээр ажил хийж байна гэнэ. Нэг нэгнээсээ суралцаж, хамтдаа хөгжиж, нэгнийхээ давуу тал дээр түшиглэн хүчирхэг баг болж ажиллах шиг сайхан зүйл байхгүй. Болохгүй, бүтэхгүйгээ тоочиж гоншигнож суулгүйгээр хамтдаа хөгжөөд, чадваржаад, хүчирхэг багаараа юм хийгээд явж болж байна. Биднийг хаа нэгтээ оюуны өртөг шингээгүй боолын ажил хийхээр явж байхад, харин гадныхан зөрж орж ирээд оюуны өртөг шингэсэн үнэлэмж өндөртэй бизнесүүдийг хийж байна шүү дээ.

{!!!right!!!}Өнөөдөр Монгол мөрөөдлийг хүмүүс Оюутолгой, Тавантолгой гэх хоёр толгойгоо ашиглаад юм уу, ерөнхийдөө уул уурхайгаа түшиглээд амархан биелүүлчих юм ярьж байна. Зарим нийтлэлчид ч тэгж сурталчиллах юм. Тэднийхээр бол гадаадынханд байгалийн баялагаа ашиглуулаад зүгээр шахуу сууж байгаад л бид баяжаад жаргах юм байх аа. Би эдгээр нийтлэлчидтэй огтхонч санаа нийлэхгүй юм байна. Минийхээр бол бид Монгол хүний толгойгоо ажиллуулж хөдөлмөрлөж байж л мөрөөдлөө биелүүлэх юм шиг.

Тухайлбал Швейцарь хутга, цаг, Япон электроник, авто машин, Лондонгийн шүүх, хөрөнгийн бирж , Майкрософт, Эйплийн бүтээгдхүүн гэдэг шиг л Монголын гэсэн тодотголтой дэлхийн хэмжээний ямар нэгэн юмтай болохсон.

Улс гүрэн цэцэглэн мандахын гараан дээр ирэхэд мөрөөдөл гэдэг үг үнэд ордог байна. Жишээ нь, дэлхийн 2-р дайны дараа америк хүн бүр, айл бүр, улс орноороо “америк мөрөөдөл”-д автсан ажээ. Америк мөрөөдлийн ачаар л Америк орон ингэж хөгжсөн гэж судлаачид үздэг байна. Нэг алдартан “Америк мөрөөдөл үүсэн бий болж ийм хүчирхэг болсон нь бидэнд үлгэрлэн бахархах түүх байгаагүй учраас ирээдүйг харж алхахаас өөр сонголт байгаагүй” гэж хэлсэн байсан. Харин бидэнд төрт ёсны 2200 жилийн сөхөрч босч, сөгдөж, мандаж явсан хатан их түүх бий. Гэхдээ одоо “дэлхийн талыг дахин эзэлнэ” гээд ярьж байх цаг биш. Тийм үе ч биш. Эхлээд бид өөрсдийнхөө нөхцөл байдлыг хэнээс ч хараат бус байлгаад дараа нь олон улсын хэмжээнд жинтэй байр суурь эзлэх талаар ярих нь зүйн хэрэг. Учир нь бид гэрээ цэвэрлээгүй байж хөршийнхөө асуудлын шийдэх гэж дайрвал хөрш маань бидэнд яаж хандах бол.

Монгол улс өвөлдөө машины утаанд харин бүтэн жилийн турш туйлшрал, шүүмжлэлийн утаанд хордсоор байна. Энэ ардчилсан учраас сайн, энэ нь хувьсгалт учраас муу эсвэл хөгшчүүд хөгшин учраас төрөөс алга болох ёстой, энэ нь залуу учраас эрч хүчтэй байдаг гэхчлэн туйлшралаас ангижирч нэгнийгээ үндэстнээ хүлээн зөвшөөрөх ёстой. Монгол мөрөөдөлд хүрэхийн тулд бидэнд хүн бүрийн оролцоо чухал байна. Цөөхүүлээ бидний нэгнээрээ дутахаас олноороо гайхуулахгүй.Тийм ч учраас Монгол мөрөөдөлд хүрэх аяны түүчээ нь хөгшин, залуу, эрэгтэй, эмэгтэй, сайхан, муухай бүгд байх болно. Эцэст нь Монгол мөрөөдлөө биелүүлэхийн тулд хөдөлмөрлөх зайлшгүй шаардлага байна. Учир нь хэн ч амжилтын шатаар гараа халаасандаа хийгээд алхаж байгаагүй.

Мөрөөдөл гэдэг үг магадгүй мөр-өөдөл /Монгол хүн мөр бүтэн амьдрахын тулд мөрөө өөд татаж толгой дээгүүр явахын ёстой./ гэсэн үг байж болох юм. Мөрөөдөл хичнээн сайхан байгаад хүн рүүгээ чиглээгүй бол энэ мөрөөдөл үнэ цэнэгүй. Улс орнууд өөрийн гэсэн хөгжлийн үзэл номлолыг томъёолж, ирээдүйн хөгжлийн бодлого 20, 30 заримдаа 40 жилээр баримжаалан боловсруулж байна. Бид мөрөөдлөөр цангаж байна. Сурагч чи “Би оюунт профессор болно” мөрөөд, оюутан чи “Би чанартай боловсрол эзэмшиж монголыгоо дэлхийн дэвжээнд гаргана” гэж мөрөөд. Эцэг эхчүүд та нар “Монголдоо төдийгүй дэлхийд нэртэй сайн хүү төрүүлж өсгөнө” гэж мөрөөд...

Б.Цовоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ