Ч.Даваабаяр: Улстөрийн томилгоо байсан

МҮОНТ-ийн хэсэг уран бүтээлчид захирал Ч.Даваабаярыгаа огцруулахаар телевизийнхээ Үндэсний зөвлөлд шаардах бичиг хүргүүлээд байгаа. Тиймээс уг асуудлаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл өчигдөр хуралдаж, нэгэн шийдвэрийг гаргажээ. Ингэхдээ Ч.Даваабаярын асуудалтай МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатарыг тав хоногийн дотор танилцаж, шийдвэрээ гарга гэсэн байна. Ингэснээр Ч.Даваабаярын суудалдаа үлдэх үү, эс үлдэх үү гэсэн асуудал ирэх долоо хоногт шийдэгдэх аж. Харин асуудал гарсан даруйд хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ч.Даваабаяр өөрийнх нь гаргасан шинэчлэлийн бодлогыг хэсэг хурган дарга /уран бүтээлийн нэгдлийн дарга/ нар эсэргүүцэн, ийм алхам хийж байна хэмээн мэдээлсэн. Тиймээс тус телевизийн уран бүтээлийн нэгдлийн дарга нартай уулзаж, дараах сурвалжлагыг бэлтгэлээ.

Уран бүтээлийн тавдугаар нэгдлийн дарга Д.Цоодол: МҮОНТ-ийг удирдахад Ч.Даваабаярын зангараг дутаж байна

-Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Ч.Даваабаяр манай телевизэд ирэхдээ манай хамт олныг жаахан буруу ойлгож ирсэн юм шиг байна. Өөрөө бол 19-50, мистер пицца, “ETY” телевизийн хөрөнгө оруулалтад оролцсон бизнесмэн хүн. Үнэндээ уран бүтээлийн бодлого, уран бүтээлчидтэй ажиллах, 46 жилийн түүхтэй энэ том телевизийг цаашид хэрхэн авч явах, дэлхийн телевизүүдтэй энэ телевизийг яаж хөл нийлүүлэн алхуулах, бодлого тодорхойлоход энэ хүний зангараг дутаж байна.

-Та бүхнийг эрх ашгийн төлөө энэ бүхнийг зохион байгуулж байна гэж Ч.Даваабаяр мэдээлэл хийсэн?

{!!!right!!!}-Хэвлэлээр нэгдлийн хэдэн дарга нар зохион байгуулалтад орж, нэгнийгээ дарга болгох гэж хамт олны хүчийг ашиглаж байна гэх мэдээлэл цацагдсан байна. Энэ бол тийм биш. Бүх шаардлагуудаа уран бүтээлчдэд танилцуулсан. Уран бүтээлчид дэмжиж гарын үсгээ зурсан байгаа. Түүнээс тэмцээний үеэр хоол, ус, ундаа тараагаад зуруулчихсан юм биш. Мөн Ч.Даваабаяр захирал нэгдлийн дарга нар хувьдаа студи, продакшнтай АТГ-т шалгуулна гэсэн асуудлыг яриад байгаа. Энэ хэдэн нэгдлийн дарга нарт ямар студи, продакшн байх вэ дээ. Мөн алба нэгдлийн дарга нар дөрвөн давхартаа мөнгө хувааж иддэг гэсэн байна лээ. Санхүүгийн тамга тэмдэг, дансаар орж ирж байгаа мөнгийг дарга нар яаж авч идэх вэ дээ. Ийм утгагүй зүйл ярьж байна. Энэ чинь компани биш, уран бүтээлийн байгууллага. Харин Ч.Даваабаяр энэ байгууллагыг хувьцаат компани мэт ойлгож ирсэн бололтой. Өөрийгөө компанийн захирал, Үндэсний зөвлөлийн гишүүдийг компанийн Удирдах зөвлөлийн гишүүд, уран бүтээлчдийг компанийн ажилчид гэж ойлгож байгаа бололтой. Энэ бол цэвэр уран бүтээлийн байгууллага шүү дээ. Ч.Даваабаяр энэ байгууллагыг зоосны нүхээр хараад байгаа юм шиг байна. Ч.Даваабаяр хамелон шиг л нөхөр байна. Гоё ярьдаг, гоё өөрийгөө илэрхийлдэг, тайлбарладаг. Гэтэл дотоод ертөнцөд нь шал өөр, ярьж байгаагийнхаа эсрэг хүн яваад байна. Үүнд л дургүй хүрээд байна.

-Тав хоногийн дараа Ч.Даваабаяр суудалдаа үлдэх үү, үгүй юу гэдэг шийдвэр гарна. Хэрвээ суудалдаа үлдэхээр болвол яах вэ?

-Эсэргүүцлээ илэрхийлнэ. Гэхдээ мэдээж уран бүтээлийн байгууллага учраас ажил хаялт, өлсгөлөн зарлаад явна гэж байхгүй. Хуулийн дагуу шаардлагуудаа тавина. Хууль бус ямар ч үйлдэл гаргахгүй. Иргэдэд өөрийгөө энхийн цагаан тагтаа мэтээр ойлгуулж, харин биднийг өөрийнх нь шинэчлэлийн бодлогыг эсэргүүцэж байгаа мэт сэтгэгдэл үлдээгээд байна. Энэ бол тийм биш. Сайн уран бүтээл хийдэг газар болохоос мөнгө олдог газар биш гэдгийг дахин хэлмээр байна. Ажил мэргэжилдээ хайртай, дуртай, тодорхой хэмжээгээр бүх л залуу насаа телевиздээ зориулсан хүмүүс байгаа шүү дээ. Түүнээс албан тушаалын амбиц хөөгөөгүй. Хамт олон дунд уран бүтээлч уур амьсгал төрөөсэй, зөв шинэчлэл хийгээсэй гэсэн үүднээс ийм шаардлага хүргүүлсэн. Энэ хүнийг томилогдож ирснээс хойш баахан улстөрийн захиалгат нэвтрүүлэг явж байна. МҮОНТ гэдэг бол ард иргэддээ ойр, соён гэгээрүүлэх, сэтгэлийн цэнгэл эдлүүлэх, амраах бодлоготой телевиз. Гэтэл нэвтрүүлгийн 3-ны хоёр нь захиалгат нэвтрүүлэг явж байна.

Уран бүтээлийн нэгдүгээр нэгдлийн дарга Г.Гэрэл: Шинэчлэлийн бодлогыг Ч.Даваабаяр биш бид хийж байна

-Танай телевиз дээр үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-МҮОНТ-ийн уран бүтээлчид эрх ашгийн зөрчилтэй Ч.Даваабаяртай хамтарч ажиллаж чадахгүй, боломжгүй гэдгээ илэрхийлж шаардах бичиг хүргүүлсэн. Шаардлагадаа үндэслэлүүдээ гаргаж тавьсан байгаа. Үүнийгээ удирдах дээд байгууллага МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд хүргүүлсэн. Мөн Ч.Даваабаярыг томилсон Ерөнхий захирал М.Наранбаатарт асуудлыг тавьсан. Нийт 150 гаруй уран бүтээлч Ч.Даваабаярыг огцруулахаар гарын үсэг зурсан байгаа. Гэтэл удалгүй Ч.Даваабаяр хэвлэл мэдээллийн хэрэгслээр уран бүтээлчдийг гүтгэж эхэлсэн. Өөрийгөө хамгаалахаар ямарч үндэслэлгүй, баримтгүй, хууль бусаар уран бүтээлчдийг доромжилж эхэлсэн байгаа юм. Ч.Даваабаярын яриад байгаа асуудлыг хууль хяналтынхан аль хэдийн шалгачихсан асуудал. Хамгийн гол нь Ч.Даваабаяр эрх ашгийн зөрчилтэй гэдгээ үгүйсгэж чадахгүй байна. “ETY” телевизийн захирал Н.Мөнхжаргал гэгч эмэгтэй эхнэр нь юм билээ. Тиймээс одоо яг үүсээд байгаа нөхцөл байдалд тулгуурлан манай уран бүтээлчдийн эсрэг гарч байгаа бүх мэдээллийг эхнэр нь бэлтгэн, “ETY” телевизийн “Тод мэдээ” мэдээллийн хөтөлбөрөөр хэдэн ч минут хамаагүй гаргаж байна. Мөн “TY9” телевизээр гаргаж байна. “TY9” телевизээр яагаад гарч байгаа нь ойлгомжтой биз дээ. Mass.mn сайтаар ч гэсэн нийтлэгдэж байна. Зарим сайтаар төлбөртэй тавигдсан талаар ч мэдээлэл бидэнд ирсэн. Энэ хүн өнөөдөр ажлаа өгөөгүй байж өөрийнхөө ахалж байгаа байгууллагын уран бүтээлчдийг гүтгэж, доромжилж явна гэдэг нь удирдах албан тушаалтан хүнд байх шинж үү.

-Үндэсний зөвлөл хуралдаж, шийдвэрээ гаргасан гэсэн. Үндэсний зөвлөлийн гишүүдтэй уулзсан уу?

-Шаардах бичиг хүргүүлсний дараа буюу өнгөрсөн мягмар гаригт Үндэсний зөвлөлийн гишүүд уран бүтээлчидтэй уулзсан. Тэгэхдээ гарын үсэг зурсан бүх уран бүтээлч бичсэн шаардлагынхаа үндэслэл, нотолгоо, баримтыг Үндэсний зөвлөлд танилцуулсан. Харин өчигдөр Үндэсний зөвлөл энэ асуудлыг авч хэлэлцээд, уран бүтээлчидтэй уулзсан. Тэгээд тав хоногийн дотор Ерөнхий захирал М.Наранбаатарыг шийд, уран бүтээлчдийн тавьж буй асуудалтай биечлэн танилц гэсэн. Томилдог хүн нь М.Наранбаатар захирал өөрөө. Тэгэхээр М.Наранбаатар захирлын шийдвэрийг хүлээж байна. Мэдээж Ч.Даваабаяр гэдэг хүний хийж байгаа зохисгүй үйлдлүүдээс болж, уран бүтээлчдийн сэтгэл санаа, байгууллагын нэр хүнд, бахархал устгагдаж байна.

-Ч.Даваабаяр өөрийнх нь гаргасан шинэчлэлийн бодлогыг эсэргүүцэж ийм алхам хийж байна гэх мэдээллийг өгсөн?

-Ч.Даваабаяр “Шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх гэтэл хэсэг хурган дарга нар үүнийг эсэргүүцээд байна. Эд нар цаанаа бүгд эрх ашгийн зөрчилтэй, хувьдаа компанитай, мөнгө завшдаг” гэсэн ойлголтыг иргэдэд түгээгээд байна. Гэтэл Ч.Даваабаяр гэдэг хүн нэг жилийн хугацаанд шинэчлэлийн ямар ч бодлогогүй, төлөвлөгөөгүй, уран бүтээлийн нэг ч төсөл, хөтөлбөр гаргаж ирээгүй. Ч.Даваабаярын яриад байгаа шинэчлэлийн бодлогыг уран бүтээлийн нэгдлийн дарга нар, уран бүтээлчид, программын дарга нар хийгээд байна. Бид өнгөрсөн лхагва гаригийн орой 21.00 цаг хүртэл хуралдаж, ажлаа яриад тарсан. Бид шинэчлэлээ хийж байгаа болохоос эсэргүүцээд байгаа юм биш.

-Та түрүүн Ч.Даваабаярыг эрх ашгийн зөрчилтэй гэдгээ хүлээсэн гэлээ?

-Тийм. Ч.Даваабаяр эрх ашгийн зөрчилтэй гэдгээ хүлээсэн. Анх бид шаардах бичгээ бариад ороход “Намайг энэ албанд томилогдож ирэхэд эрх ашгийн зөрчилтэй гэх яриа гараагүй биш гарсан. Шалгаагүй биш шалгасан. Гэхдээ энэ бол улс төрийн томилгоо байсан юм” гэдэг өгүүлбэрийг хэлсэн. Үүнийг нь бид баримтжуулан хурааж авсан байгаа. Ч.Даваабаярыг гадаадад сургалттай байхад МҮОНТ-д ирж ажиллаач гэж урьж авчирсан гэж өөрөө хэлсэн.

Уран бүтээлийн дөрөвдүгээр нэгдлийн дарга Н.Эрдэнэбат:

-Үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаярыг эрх ашгийн зөрчилтэй гэсэн гол үндэслэлээр огцруулах шаардлагыг бид хүргүүлсэн. Мөн удирдах хүнд байх хамгийн гол шинж болох харилцааны хувьд ёсзүйн асуудалтай. Тиймээс МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд 150 гаруй уран бүтээлч шаардах бичиг хүргүүлсэн. Гэтэл Ч.Даваабаяр сайт, телевизээр бидэн рүү дайрч эхэлсэн. Мөн зарим нэг уран бүтээлчид рүү хэт дайрч, гүтгэж эхэлсэн. Гэхдээ энэ нь баримтгүй, үндэслэлгүй.

-Гүтгүүлсэн уран бүтээлчид шүүхэд хандсан уу?

-Ч.Даваабаярт гүтгүүлсэн уран бүтээлчид шүүхэд хандахаар болоод байгаа. Үндэсний зөвлөлөөс ч гэсэн биднийг шүүхэд ханд, нэр төрөө сэргээлгэ гэсэн. Мөн Ч.Даваабаярт ч гэсэн адилхан зөвлөгөө өгсөн байна лээ. Ч.Даваабаярын хэлээд байгаа шиг энэ байгууллага ялзарчихсан, хууль бус юм хийгээд байсан бол Ч.Даваабаяр тийм л шударга хүн юм бол жилийн дотор үүнийг засч, залруулж, хууль хяналтынханд хандахгүй яасан юм. Ч.Даваабаярт баримттай нотолгоотой ярьж байгаа зүйл алга.

Уран бүтээлийн зургадугаар нэгдлийн дарга Э.Ганболд: Биднийг шалгуулаад юу ч гарахгүйг мэдэж байгаа

-Ч.Даваабаярыг эрх ашгийн зөрчилтэй гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн гэх?

-Өчигдрийн Үндэсний зөвлөлийн хурлаар Үндэсний зөвлөлийн гишүүн Мягмар гуай Ч.Даваабаяраас асуулт тавьсан. Тэрээр “Даваабаяр аа, таньтай ямар ямар хүмүүс өрсөлдөж, та ямар шалгуураар тэнцсэн бэ? Гэтэл Ч.Даваабаяр “Би тэрийг мэдэх шаардлагагүй. Мэдэхгүй. Гадаадад явж байтал дуудаад томилогдсон” гэж хариулж байлаа.

-Та бүхнийг шинэчлэлийн бодлогыг нь эсэргүүцэж ийм алхам хийж байгаа гэсэн мэдээлэл өгсөн?

-Ч.Даваабаяр хүмүүст хурган дарга нар өөрийнх нь эсрэг уран бүтээлчдийг турхирч байна гэсэн мессежийг иргэдэд хүргээд байна. Мэдээж гарын үсэг зурсан бүх уран бүтээлчид шаардах бичигтээ танилцаж, дэмжсэний үндсэн дээр зурсан юм. Алба нэгдлийн дарга нарыг шалгуулна гэж ярьсан байна. Зөвхөн өөрийгөө хаацайлах л үг. Биднийг шалгуулаад юу ч гарахгүй гэдгийг тэр хүн сайн мэдэж байгаа.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ