Дэлхийн террористууд улам хүчирхэгжинэ

Бид АНУ-ын Нью-Йорк дахь худалдааны ихэр цамхаг руу лалынхан дайрч 2000 гаруй хүн нас барахаас өмнө террорист халдлага гэж чухам юуг хэлээд байдгийг бодитоор харж байсан нь ховор. Тэгвэл тэр цагаас хойш хүмүүс бид энэ үгийг хаа сайгүй сонсох болж, үймээн мөргөлдөөн ихтэй улсуудад өдөр тутамд л тохиолдох болжээ. Террористууд зэр зэвсгийн хүчээр өөрсдийн үзэл бодлыг түрэмгийлэх байдлаар илэрхийлж, тухайн халдсан улс орныхоо жирийн номхон ард иргэдийг золиослодог.

Хамгийн сүүлд манай өмнөд хөршид Тян Ань Мин-ий талбайд томоохон осол гарч тэр хэргийг баруун хойд нутгийн Шинжаан уйгарууд үйлдсэн хэмээн хэсэг хүмүүсийг байцааж байгаа. Чухамдаа энэ үнэхээр террорист халдлага байсан эсэх нь эргэлзээтэй байсан бол энэ хэргийн дараа тус улсын хойд нутгийн жижиг мужид ХКН-ын байрны өмнө цуврал дэлбэрэлт болсон. Энэ явдал харин жинхэнэ халдлага гэдгийг батлах шиг болсон. Гэхдээ Хятадад болсон энэ халдлагууд үнэндээ жинхэнэ дайны улаан гал маналзаж байгаа Ойрхи Дорнод, Африкийн орнуудын хажууд багахан асуудал юм.

Өнгөрсөн сард Кенийн нийслэл Найроби хотын худалдааны төвд болсон террорист үйл ажиллагаа энэ жилийн хамгийн дуулиант халдлагуудын нэг болсон юм. Үүнээс гадна Сирийн сөрөг хүчнийхэн Засгийн газрынхаа эсрэг төгсөшгүй сөргөлдөж, цэрэг дайны халдлага байнга хийж байгаа. Ойрхи Дорнодын бүс нутаг бүхэлдээ хэн нэгэн рүүгээ дайрсан халдсан байдалтай байна. Шашны хэт үзэлтнүүд эдгээр халдлага дайралтуудын гол баатрууд.

Шашны үзлээр нэгдэж байгаа эдгээр бүлэглэлүүд одоо улам нягтарч хоорондох холбоо сүлбээ нь бэхжиж байх шиг. Пакистан, Афганистанаас эхлэн Ирак, Сири, Ливан, Египет, Ливи улсаар дамжин улмаар Африкийн нилээд хэдэн улсууд террорист бүлэглэлүүдээрээ холбоо тогтоосон. Ойрхи Дорнодынхон ихэвчлэн Барууны болон Өрнөдийнхний үзэлтэй сөргөөцөлдөж элдэв халдлага хийж байгаа.

Газар нутгийн маргаанаас үүдэж дэгдсэн дайн тулаан ямар нэгэн байдлаар шийдэгдэж намждаг бол шашны үзлээс үүссэн дайн тийм ч амар дуусдаггүй. Учир ньхүмүүсийн оюун санаан дахь өөрчлөлт маш удаан оршигн тогтнодог. Тиймээс шашны үзэл бүхий террористууд хүчээ аван нягтарч байгаа нь ихээхэн аюултайг тооцоолж байхад илүүдэхгүй.

Террористуудын гол золиос энгийн иргэд болж байдаг нь харамсалтай. Халдлагад өртсөн улсууд халаглаж, жирийн иргэдээ алдсандаа харамсан суугаа ч төдийлөн үр дүнтэй алхам хийж, жинхэнэ утгаараа тэдэнтэй тэмцэж чадахгүй л байна.

Террористуудтай ороолцолдохгүй байх боломжийг Барууны орнууд өөрсдөө хаадаг. Учир нь Барууны томоохон гүрэн улсууд Ойрхи Дорнод, Африкийн газрын баялаг, стратегийн ач холбогдолтой газруудыг ашиглах нь гол эрмэлзэл нь байгаа. Харин үүний эсрэг үндэсний болон, шашны үзэлтнүүд зэвсэг барин тэмцэж элдэв халдлага үлдэж тухайн улс орныг ард түмэнтэй нь хохироох замыг сонгож байгаа юм. Дэлхийн террорист бүлэглэлүүд холбоо тогтоож улам хүчирхэгжиж байгаа нь санаа зовиноож байна.

Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ