Үндэсний тандалт судалгааны алба байгуулагдлаа
Эрүүл мэндийн яам, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын хүн амын сан хамтран Монгол Улсын хэмжээнд Эх, хүүхдийн эрүүл мэндийн тандалт судалгааны алба байгууллаа. Тус алба нь Эх, хүүхдийн эндэгдлийг нэн даруй бүртгэж шалтгааныг тогтоох, хариу арга хэмжээ авах бөгөөд, Ингэснээр эх, хүүхдийн эндэгдлийн асуудалд урьдчилан хяналт тавьж эрэсдлээс хамгаалах, Эх хүүхдийн эрүүл мэндийн тогтолцоог бүрэн стандатраар хянах юм.
Мөн тус албаны цаашдын үйл ажиллагаа болоод “Эх, хүүхдийн эрүүл мэндийн мэдээ, мэдээллийн тогтолцоо, пренатал илрүүлэг оношилгооны чиг хандлага”-ын талаар зөвлөлдөх уулзалт өнөөдөр НҮБ-ын хурлын танхимд эхлэж байна.
Тус уулзалтын үеэр эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа “ Манай улсын хувьд эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр шат дараатай авч хэргэжүүлсэн арга хэмжээнүүдийн үр дүнд эх, хүүхдийн эндэгдэл тогтмол буурсаар байна. Гэсэн хэдий ч энэ нь бүс, орон нутгийн хэмжээнд үзүүлж байгаа эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмж тэгш биш, үүнийг дагаад эрүүл мэндийн үзүүлэлтүүд харилцан адилгүй байгаа.
Эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр гаргасан бодлогын баримт бичгүүд тухайлбал: “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр, “Эх нярайн эрүүл мэнд”, “Хүүхдийн эсэн мэнд амьдрахуй” стратегийн хэрэгжилтийг хангах, эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах цогц арга хэмжээг авч хэргэжүүлэх асуудал чухлаар тавигдаж байна.
Энэхүү цогц арга хэмжээний нэг хэсэг нь эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн мэдээ, мэдээллийг зорилготойгоор нэгтгэн дүгнэж, нотолгоонд суурилсан эрүүл мэндийн хариу арга хэмжээг хугацаа алдалгүй авах явдал юм. Үүнийг тандалт судалгааны тогтолцоо /surveillance system/ хэмээн нэрлэдэг бөгөөд уг тогтолцоог олон улс орон амжилттай хэрэгжүүлснээр эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулж чадсан туршлага байна.
ЭХЭМҮТ-д шинээр байгуулагдаж байгаа тандалт судалгааны алба нь эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн мэдээллийг цогцоор нь цуглуулж, нэгтгэх, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, эргэн мэдээллэх, тулгамдаж буй асуудлуудыг олон талт хамтын ажиллагааны дүнд шуурхай шийдвэрлэн хариу арга хэмжээ авах зэрэг байнгын үйл ажиллагаа явуулах зорилготой юм хэмээлээ. Дэд сайд үргэлжлүүлэн, Эхний ээлжинд үндсэн 4 үзүүлэлт болох эхийн эндэгдэл, ноцтой хүндрэл, перинатал эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажгийн тандалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулах талаар хэлэлцэх нь чухал юм.
Мөн сүүлийн үед жирэмсэн үеийн оношилгоо, эмчилгээний чанарыг сайжруулахад “Эх, ургийн анагаах ухаан” судлалын салбар үүнд голлох үүргийг гүйцэтгэдэг. Иймээс ЭХЭМҮТ-ийн дэргэд ЭМЯ-ны санхүүжилтээр Умайзүйн лабораторийг өргөжүүлэн, перинатал /төрөхийн өмнөх үеийн/ оношилгооны төв байгуулахаар зорин ажиллаж байна хэмээсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ