Э.Лхагва-Очир: Дуучид сая саяар дуулж байхад бид 60-70 мянгаар тоглодог байсан

Ирэх сарын нэгэнд “Галын домог” нэртэй өөрийн тайлан тоглолтоо тавих гэж байгаа МУСТА, уран нугараач Э.Лхагва-Очиртой ярилцлаа.

-Уран нугараач залуугаар сонин сайхан юу байна. Өөрийгөө сайхан танилцуулаач?

-Намайг Эрдэнэ-очирын Лхагва-Очир гэдэг. “”Аса” циркийн жүжигчин, СТА, уран нугаралт, тэнцвэрийн жүжигчин мэргэжилтэй. Цирк гэдэг их айлд хөл тавиад 17 жил өнгөрчээ. Анх хоёрдугаар ангид байхдаа акробатын чиглэлээр сонирхож орж байсан. Нэг жил хичээллэсэний дараа нугаралтын чиглэлээр хичээллэж эхэлсэн. Төрийн соёрхолт, ардын жүжигчин агсан Цэнд-Аюуш багшийн шавь болж нугарч эхэлсэн юм. Цэнд-Аюуш багшийн маань анхны шавь нь зууны манлай уран нугараач Норовсамбуухамгийн отгон нь би.

-Тэр болгон эрэгтэй хүн зориглож сонгодоггүй уран нугараачийн мэргэжлийг яагаад сонгох болов?

-Сонирхол намайг хөтөлсөн. Багадаа телевизээр циркийн тоглолт их үздэг хүүхэд байлаа. Үзүүлбэр үзүүлж байгаа циркчдийг хараад тэд нар шиг болохыг хүсдэг байсан. Миний хүсэл зорилгыг ойлгосон гэрийнхэн маань ч намайг сайн чиглүүлж өгсөн. Ээж минь гимнастикчин. Тийм болохоор би энэ мэргэжлээр суралцахад илүү дөхөм байсан байх. Анх 1997 онд хуучин циркт СТА Жаргалсайхан багшийн удирдлага дор акробатын дугуйланд явсан. Багштайгаа нэг жил хичээллэсний дараа “Чиний нуруу уян юм байна. Уран нугаралтаар хичээллээд үзвэл яасан юм бэ” гэсэн. Тэгээд Ардын жүжигчин Цэнд-Аюуш багшийн гарт намайг хүлээлгэж өгсөн дөө. Тэр цагаас хойш миний амьдрал уран нугаралттай салшгүй бат бэх гагнагдсан.

-Уран бүтээлийн олз омог арвин уу?

-Циркийн урлагаар 17 жил хичээлэсэнийхээ үр дүнг ард түмэндээ тайлагнахаар тун удахгүй 12 дугаар сарын 01-нд “Галын домог” нэртэй тоглолтоо ганцхан удаа хийх гэж байна. Тоглолтын маань хувьд маш удаан хугацаанд тавигдаагүй, театрчилсан тоглолт болох юм. Найруулагчаар СУИС-ын багш Ц.Батнайрамдал, ерөнхий зохиолын яруу найрагч Ц.Хулан эгч бичиж өгсөн. Бүжиг дэглээчээр Д.Энхбаяр, Мөнгөнцэцэг, Мөн СУИС-ын бүжигчид, цохивор хөгжмийн хамтлаг, “Алтан ураг” хамтлаг, “Бөртэ” хамтлагийн Мөнгөнцэцэг гээд нар оролцоно. Циркийн Пүрэвжаргал ахлагчтай жүжигчид, хамгийн шилдэг гэсэн уран бүтээлчид оролцоно. Ерөнхийдөө эхнээсээ дуустлаа ямар ч зогсолтгүй, этник өнгө аястай, маш их сюрпризтэй сайхан тоглолт болно.

-Зохиол нь юун тухай өгүүлэх вэ?

-Ерөнхийдөө Бөртэ чоно, Гуа маралын тухай, Буган овог, Чонон овог гээд хоёр овог байлддаг. Хамгийн сүүлд тэр хоёр овгийн хүүхэн залуу хоёр бие биедээ хайртай болсноор тэр хоёр овог аймаг нэгдэж, нэг гэр бүл болж, нэг тулганд галаа асаасан тухай өгүүлнэ.

{!!!right!!!}- Чамаас өөр эрэгтэй уран нугараач байгаа юу?

-Байлгүй яахав. Гэхдээ маш цөөхөн. Яг багшийнхаа гурав дахь эрэгтэй нугараач шавь. Миний өмнө Одгэрэл, Буд гэж хоёр ах байдаг. Одгэрэл ах Америкт амьдраад, тэнд тоглолтоо хийгээд явж байгаа. Буд ах багшийнхаа студийг залгамжлаад , уран нугаралтын дугуйлан хичээллүүлж байгаа.

-Багшийнхаа тухай гэгээн дурсамжаас хуваалцаач?

-Циркийн шинэ уран бүтээлийг манай багш хянаж, шалгаад өлгийддөг байлаа. Бусад багш шиг гар хүрдэггүй, шавь нараа сэтгэхүй, тархиар нь удирдана. Багшийн үг хэл, харцнаас хүмүүс эмээнэ. Намайг “Чи боль, боль. Чадахгүй юм байна. Дараагийн хүүхэд хийчихнэ” гэж шар малтаж, хурцлахад нь уйлаад л дасгалаа хийдэг байлаа. Нэг удаа дасгалын төмрөөс бариад гар дээрээ гурван минут зогсож байтал гар салгалаад хэцүүдсэн. Багш миний нэг гарыг толгой дээрээ тавьчихсан. Настай хүний тэргүүн дээр гараа тавьчихаад салгалаад байвал эвгүй учраас хөдөлгөхгүйг их хичээсэн. Тэгэхэд багш “Миний шавь сайн жүжигчин болно оо” гэж магтсан юм. Мундаг хүнээс урмын үг сонсоод баярласандаа гараа цуцаж байгааг ч мартаж билээ.

-Тэгвэл өөрт тохиолдсон хөгжилтэй явдлаасаа ярихгүй юу?

-14 настайдаа “Монте Карло” наадамд оролцохоор багштайгаа Франц руу онгоцоор нисэж байлаа. Намайг кофе уух гэхэд багш хориглодог юм. Багшийг зүүрмэглэж байх зуур кофе захиалаад ууж байтал багш сэрчихэв ээ. “Наад ууж байгаа чинь юу юм бэ?” гэхээр нь айсандаа цай гээд худлаа хэлчихсэн. Багш үнэртээд мэдэлгүй яах вэ. Суудлын хоорондох нарийхан зайд гар дээр зогсоож шийтгэсэн. Онгоц газардах үед тэнцвэрээ алдан пид хийтэл савж унахад, зорчигчид үзүүлбэр үзүүлж байна гэж бодоод алга ташиж билээ.

-Эмэгтэй уран нугараачтай адилхан үзүүлбэр үзүүлнэ гэсэн үг үү?

-Эмэгтэй хүн илүү уян налархай үзүүлбэр үзүүлдэг бол эрэгтэй хүн уян налархай ч гэсэн эрэгтэй гэдгээ харуулах өөрийн гэсэн өнгө төрхтэй, хүчний үзүүлбэр үзүүлэх жишээтэй.

-Олон орноор тоглолт хийгээд явж байхад гадны үзэгчид хэр хүлээж авах юм?

-Гадны үзэгчид өвөрмөцөөр хүлээж авдаг. Этник өнгө аястай тоглолт үзүүлдэг л дээ. Баатрын хувцастай. “Алтан ураг” хамтлагийн “Хөх толботон” гэдэг аян дээр нугардаг. Тэгэхээр “Ая, хувцас чинь ямар гоё юм бэ, Монголчууд ийм гайхалтай хүмүүс байдаг юм уу” гэж их гайхдаг. Эрэгтэй уран нугараач дэлхийд ч ховор. Монгол улсаа төлөөлөөд олон улсын чанартай тэмцээнд гурван удаа оролцоод алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. Манай үзэгчид ч гэсэн сүүлийн үед циркийн үзүүлбэр их үзэж, сонирхдог болсон байна. Зарим нь “Бахархдаг шүү, илүү ихийг хийж бүтээгээрэй” гээд урам өгч байдаг.

-Анх циркийн тайзан дээр үзүүлбэр үзүүлэх хүртлээ хэр удаан хугацаанд бэлтгэл хийж байв?

-Миний хувьд долоон жил цэвэр хичээллэж байж тайзан дээр гарч байлаа. Анх тайзан дээр гарахад сандраад, шээс хүрээд, дотор нэг л сонин болоод, зүрх хүчтэй цохилж байсан.

-Их эрсдэлтэй урлаг шүү дээ?

-Үнэхээр их эрсдэлтэй, цаг минутаар хэмжигддэг урлаг. Жаахан баланс, цаг хугацаа алдвал унах, амь насаа алдах ч эрсдэлтэй. Тийм болохоор цаг хугацааг маш нарийн тооцдог. Маш их бэлтгэл шаардана. Анхаарал сэрэмж алдана гэж байх ёсгүй. Багш нар маань биднийг багад бэлтгэл хийхэд эхлээд зөв унаж сур гэдэг байлаа. Яаж зөв унах вэ гэвэл гарын том булчингаараа уна гэдэг байсан юм. Зөв унаад сурчихвал бэртдэггүй. Нэг удаа бэртээд дахиад тайзан дээр гарах боломжгүй болох тохиолдол ч байдаг юм. Нэг удаа би найзтайгаа бэлтгэл хийж байгаад хоёр орчим метрээс унаад гараа хугалж, зургаан сар ажилгүй гэртээ хэвтэж байлаа. Эхлээд гараа эдгэртэл хүлээнэ, дараа нь формондоо орох гэж хичээнэ. Ер нь бэртэл гэдэг бол тухайн уран бүтээлчээ зэврүүлдэг “дайсан” гэсэн үг. Дээрээс нь цаг хугацаа их алддаг.

- Ер нь цаашдын зорилго юу байна?

-Энэ тоглолтоо үзэгчдэдээ хүргээд, дараа жил дахиад тоглолт хийх санаа байна. Дараа жил олон улсын циркийн тэмцээнд оролцох гээд гэрээ хийгдэж байгаа.

-Шавьтай болох уу?

-Шавь чинь болъё гээд санал тавьж байгаа хүүхэд зөндөө байна. Гэхдээ одоогоор би залуу байна, өөрөө өөрийгөө дасгалжуулаад явж байгаа болохоор болоогүй байна. Мэдээж ирээдүйд шавь бэлдэж л таарна даа. Багшаасаа сурсан мэдсэн, нарийн нандин энэ мэргэжлээ өвлүүлэхгүй бол болохгүй шүү дээ.

-Чөлөөт цаг хэр гардаг вэ?

-Бараг гарахгүй дээ. Би “Сити” дээд сургуулийн дөрөвдүгээр курсын оюутан. Жүжигчний мэргэжлээр суралцдаг. Хичээл, бэлтгэлдээ яваад л орой гэртээ харьж байгаа юм даа.

-Манай циркийн урлагийн хөгжил ямар түвшинд явж байна.Залуу циркчний хувьд юу гэж бодож байна?

-Улсаас нь дэмжиж, туслаад хөгжүүлээд байгаа юм одоохондоо харагдахгүй л байна. Жүжигчид, уран бүтээлчдээ урамшуулах байдал ерөнхийдөө орхигдсон. Миний бодлоор Монгол Улсынхаа нэрийг гадаадад сурталчилж чадаж байгаа хүмүүс циркийн жүжигчид. Гадаад руу гэрээ хийгээд хэдэн жилээр ч хамаагүй явдаг. Тэнд эх орноо сурталчилаад л тоглож байгаа. Бүүр байг гэхэд тэмцээн уралдаанд байнга амжилттай оролцдог. Манай цирк дэлхийн топ таван циркт ордог. Тэгж данслуулж чаддаг.

-Циркчдийн цалин мөнгө ямар байдаг юм бэ?

-Монголдоо жаахан хэцүү. Ер нь бол тогтмол цалин байхгүй. Тоглосоныхоо хэмжээгээр мөнгө олно. Тэр бүр тоглолт хийгээд, шинэ уран бүтээл гаргаад байхгүй. Яагаад гэхээр циркийн уран бүтээл маш их хугацаа шаарддаг. Бэлэн биш хүмүүс бэлдвэл над шиг зургаа долоон жил ч бэлдэх шаардлагатай. Маш их хөдөлмөр шаардаж, золиос гардаг. Гадаадад гэрээ хийгээд өндөр цалин амлаад тоглолтоор явах боломж байдаг. Цирк бол биеийн хүчний маш хүнд урлаг. Гэтэл манайд үнэлэх үнэлэмж нь маш муу болохоор сайн сайн циркчид нь гадны орнуудаар тоглож, гадны улсуудад харьяалагдаж явж байна. Хүний амьдрал шүү дээ. Манай циркийн жүжигчид энд тэндэхийн арга хэмжээн дээр 60-70 мянган төгрөгийн ханшаар л тоглодог байсан. Гэтэл дуучид нэг дууг сая саяар нь үнэлж байх жишээтэй. Иймэрхүү зүйлээс шалтгаална.

-Гадаадын циркчид аливаа тоглолтод эмчтэйгээ явдаг юм билээ. Манайхны хангамж хэр сайн байдаг бол?

-Өөр орны циркчдийг эмч, сэтгэлзүйч, массажист, техникч, орчуулагч, менежер дагалдан явж, сайн үзүүлбэр үзүүлэхэд дэмжиж, аль болох тав тухыг нь хангадаг. Харин бид бор зүрхээрээ л болгодог доо. Тоглолтод оролцохын өмнө сандрах үед тайвшруулах хүн байхгүй, бие эвгүйтвэл тэвчээд л өнгөрүүлнэ. Монголд мундаг циркчин олон бий. Бүгд гадагшаа гараад дууслаа. Тэд амьдралаа бодоод гаднын иргэншилтэй болдог.

-Циркийн хүүхдүүдийг хаана бэлддэг вэ?

-Ж.Раднаабазарын нэрэмжит циркийн сургууль гэж байгаа. Тэнд хичээллүүлдэг. Манай циркийн сургуулийн онцлог нь таван жил тутамд элсэлт авдаг. Саяхан нэг элсэлт нь төгсөөд шинэ элсэлт авсан байгаа.

-Цирк, уран нугаралтаар хамгийн хүчтэй өрсөлдөгчид аль улсынх байдаг вэ?

-Хамгийн хүчтэй өрсөлдөгч хойд, урд хөрш маань байдаг. Хоёр том гүрэн. Циркийн урлаг маш өндөр түвшинд хөгжсөн байдаг. Ер нь л Орос, Хятад, Украйн, Америк, Франц, Герман, Вьетнамын цирк өндөр түвшинд гарч ирж байгаа. Мөн манай цирк өндөр түвшинд хөгжиж байна. Уран нугаралт талдаа Монгол, Орос, Хятад гурав л өрсөлдөнө дөө.

-Уран нугаралт гэдэг залуу насны мэргэжил. Цаашид мэргэжлээрээ хэдэн жил ажиллая гэж бодож байна?

-Уран нугараачийн хэдэн жил ажиллах нь хувь хүнээс шалтгаална. Түүнээс биш чи 30, 40 нас хүртлээ нугар гэсэн дүрэм байхгүй л дээ. Хамгийн гол нь хүн өөрийн биеэ байнга арчилж, бэлтгэл сургуулилт, хоол хүнсэндээ анхаарах ёстой. Жишээ нь, хүнд зүйл өргөхгүй, даарч хөрөхгүй байх гээд олон зүйлд анхааралтай ханддаг. Ер нь хүн өөрөө өөртөө арчаатай байхад хэдэн ч нас хүртлээ нугарч чадна гэж боддог шүү.

-Өөрийгөө олон талаар нь сорьж үздэг юм шиг байна. “To be or not To be”, “Ододтой бүжиглэе” гээд шоу нэвтрүүлэгт оролцож байсан. Өөр ямар авьяас нуугдаж байгаа бол. Магадгүй “Дуэт & дуэльд” орох бодол бий юу?

-Ер нь бол муугүй дуулчихдаг гэж боддог шүү. Гэртээ бол ганц нэг дуу аялаад суух сайхан л байдаг юм. Харин дуулна гэж бодож байгаагүй юм байна. Би багаасаа бүжгийн урлагт дуртай хүүхэд байсан. Тийм болохоор “Ододтой бүжиглэе” шоунд дуртайяа оролцсон.

-Залуу жүжигчний хувьд амьдралын баталгаа хэр байна вэ?

- Би эрэгтэй хүн учраас маркетингийн хувьд хүнд хүрэх нь илүү юм болов уу гэж боддог. Гэхдээ ид үедээ л сайн тоглож, өөрийгөө зарж борлуулах хэрэгтэй. Нас ахиж, хүч харьж явах үед хүн хэчнээн хүслээ ч хурд, авхаалж самбаа, уян хатан байдал шаардсан урлаг учраас санаснаараа юм хийж чадахгүй шүү дээ.

-Монголын залуучуудыг бусад орны үе тэнгийхэнтэй нь харьцуулбал хаана яваа бол?

- Залуучууд гадагшаа явж юм үзсэн нь их болжээ. Хэл, боловсролтой залуус олширч, илүү задарсан нь харагдаж байна. Гэхдээ Монголд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх нөхцөл, боломж байдаггүй. Спортоор хичээллэе гэхэд олигтой заалгүй. Циркээр хичээллэе гэхэд ямар байгаа билээ дээ. Яг залуучууд руугаа чиглэсэн бодлого байхгүй. Өнөөдөр янз бүрийн салбарт мэргэжил, боловсрол эзэмшиж байгаа чадварлаг залуучууд бий. Гэтэл төгсч гараад ажлын байр байдаггүй.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ