М.Ганболд: Баян хүмүүс элэгдсэн гутлаа шууд хаяна
Бидний хэлж заншсанаар Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн ойролцоо цэнхэр өнгийн саравчин доор гутал гутал засч суудаг эхнэр нөхөр хоёрыг тэр хавиар явдаг гэлтгүй нийслэлийнхэн андахгүй биз. Зарим нь мэдэхгүй ч байж магад. Энэ хоёр эрхэм одоо 50 хүрч яваа. Аль 1990 оноос хойш яг энд гутал засч эхэлжээ. Тэр үед хорин хэдхэн настай байсан юм билээ. Жилийн дөрвөн улиралд даарахдаа даарч, халууцахдаа халууцаж амьдралын төлөө тэмцэж яваа жирийн нэгэн гэр бүл. Ингээд нөхөр нь болох М.Ганболдтой ярилцсанаа хүргэе.
-Анх хэзээнээс гутал засварын ажлыг хийж эхлэв?
-1990 оноос хойш энэ ажлыг хийлээ. Одоо 23 дахь жилдээ гутал засч сууна даа. Анх Чингэлтэй дүүрэгт ирж, яг л энэ газарт ажлаа эхэлж байсан. Өмнө нь гутлын үйлдвэрт ажиллаж байсан болохоор энэ ажлыг хийж эхэлсэн.
-Овоо хэдэн жил суусан байна. Энэ хугацаанд мөнгө, төгрөг хуримтлуулж чадав уу. Одоо болтол ажлын байртай болж чадаагүй юм уу?
-Хэдэн төгрөг хуримтлуулж чадсан. Гэвч ажлын байртай болно гэдэг хэцүү юм байна. Дүүргээрээ байнга явж, ажлын байртай болохоор хөөцөлдөөд л байгаа.
-Ер нь татвар татаас, янз бүрийн хөлс өгдөг үү?
-Сар бүр татвар гэж 50-60 мянгыг төлдөг. Бас тогны, хогны мөнгө өгнө. Тогны мөнгө л гэхэд өдрийн 3000 төгрөг өгч байгаа.
-Танай гэр хаана вэ?
-“Дэнжийн 1000”-ийн цагаан байранд байдаг. Хүү, охиныхоо хамт амьдардаг. Одоо том охин маань оюутан. Харин хүү маань элэг муу учир эмнэлгээр байнга явдаг. Зардал мөнгө төгрөг гээд хэцүү лдээ. Манай охин машинтай. Оройд машинаараа ирж саравчийг маань буулгаж хүргэж өгөөд өглөөд авчирдаг.
-Ер нь та хоёрыг харахад үйлчлүүлэгч сайтай харагддаг. Өдөрт дунджаар хэчнээн төгрөг олж байна?
-Үйлчлүүлэгч сайн. Байнгын үйлчлүүлэгч ч гэж бий. Хөдөө, гадаанаас ч хүмүүс их ирнэ. Хамгийн гол сайн, чанартай янзалж өгөхөөр хүмүүс их ирнэ. Муу, сэтгэлд нь хүрэхгүй засаж өгвөл ирэхгүй шүү дээ. Өдөрт дунджаар 50-иад мянган төгрөг олдог.
-Ер нь үйлчлүүлэгчдээс чинь мөнгө төгрөгөө өгөхгүй зугтах тохиолдол гарч байв уу?
-Нэлээн олон удаа зугтах тохиолдол гарч байсан. Гутлаа засуулчихаад мөнгөө өгөхгүй зугтчихдаг.
-Өөр хүндрэл бэрхшээл юу гарч байна?
-Ажлын байргүй болохоор даарч, хөрнө. Бөөр, уушиг муудсан.Хань маань ч эмэгтэй хүн болохоор доороосоо даарах ямар олиг байхав.
-Энд суулгахгүй гэж хөөх, “хавчих”тохиолдол гарах уу?
-Тийм зүйл өмнө нь их байсан. Одоо бол тийм зүйл байхгүй.
-Өглөө хэдэд ирээд орой хэдийд бууж байна?
-Өглөө 10.00 цагт ирээд орой 18.00 цагт буудаг. Өвлийн цагт эрт харанхуй болдог болохоор бас их хүндрэлтэй.
-Гутлынхаа материалыг хаанаас татдаг вэ?
-Ихэвчлэн “Нарантуул” захаас авдаг. Харин гутал хийх тоног төхөөрөмжөө 100-250 мянган төгрөгөө авсан. Материалны үнэ, хийх ажлаас шалтгаалаад засварын хөлсөө янз бүрээр авна.
Тэдний хэлж буйгаар гутал засварын ажил хавар, намрын үед сайн ашиг олдог, харин өвөл муу гэнэ. Эхнэр, нөхрөөр хоёроор үйлчлүүлдэг хүмүүсийн ихэнхийг оюутнууд эзэлдэг гэнэ.
Мөн тэрээр “Бүх зүйлийн үнэ өссөн. Тухайлбал, шар цавуу л гэхэд 350 төгрөг байсан бол 750 болсон. Тэгэхээр бид материалын үнэ нэмэгдсэн гээд засварынхаа мөнгийг нэмэхээс өөр аргагүй байдалд байдаг ч иргэдээ бодоод нэмж чаддаггүй. Учир нь биднээр баян хүмүүс тэр бүр үйлчлүүлэхгүй нь ойлгомжтой шүү дээ. Баян хүмүүс элэгдсэн гутлаа шууд хаяна. Яг л бидний адил жирийн л иргэд үйлчлүүлж байдаг” гэсэн юм.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ