УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тойрогтоо ажиллалаа
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тойрогтоо ажиллаад ирлээ. Тэрээр Өлзийт, Мөрөн, Жаргалтхаан, Цэнхэрмандал сумын иргэд, сонгогчидтой уулзаж, УИХ-ын намрын чуулганаар батлагдсан хууль тогтоомж, ирэх оны төсвийн талаар мэдээлэл өгчээ. Аймгуудад хөрөнгө оруулалт харилцан адилгүй хуваарилагдсанд сэтгэл дундуур буйгаа эрхэм гишүүн УИХ-ын чуулганы танхимд удаа дараа илэрхийлж байсан юм. Хэнтий аймагт ирэх жил бүтээн байгуулалтын 23 ажил хийхээр төсөвт тусгагдсан ч 15 нь тэг дүнтэй батлагдсан аж. Гурван яамны хамтарсан баг тус аймагт ажиллах үеэр сумдын төсвийн байгууллагуудын барилгад их засвар шаардлагатайг аймаг, сумын удирдлагууд хэлж, төсөвт суулгуулах саналаа уламжилсан ч ихэнх нь хасагдсанд иргэд шүүмжлэлтэй ханджээ.
Цалин, тэтгэвэр нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй байхад орон нутагт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байгаад анхаарч, шийдвэртэй арга хэмжээ авахыг иргэд уулзалтын үеэр захисан байна. Мөн Хэрлэн гол орчмын газрыг ухаж сэндийчиж байгаа хууль бус үйлдэлтэй хамтран тэмцэхээ илэрхийлжээ. Б.Бат-Эрдэнэ гишүүн ирэх долоо хоногт зүүн аймгуудад ажиллахаас гадна тойргийнхоо урд талын сумдын иргэдтэй уулзахаар төлөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ