Н.Алтанхуяг: "70 мянга өг" гэсэн мессеж ирээд алах шахав
Ерөнхий сайд Н.Алтанхуяг уламжлалт уулзалтаа өнөөдөр хийлээ. Энэ үеэр түүний өгсөн хошин хариултыг сонирхуулъя.
-Сүүлийн үед эрчим хүч, дулааны үнэ нэмэгдлээ. Мөн усны суурь үнэ авах тухай ярьж байгаа нь иргэдийн халаас руу хэт их орж байгаа юм биш үү. Цалин, тэтгэвэр нэмээгүй үед энэ нь хэр зохистой вэ?
-Дулаан, цахилгаан, усан дээр суурь хураамж авах талаар өнгөрсөн жилээс бий болсон. Та нар бод доо. Халуун усыг хэрэглэсэн, эс хэрэглэсэн ч танай карантны цаана ирээд зосгож байгаа. Харин хэрэглэхгүй болохоор хөрнө шүү дээ. Тэгээд нөгөө нөхдүүд чинь халаагаад таныг усанд орох нуу гээд хүлээгээд байгаа юм байна. Тэгэхээр нэмэх шалтгаан бол ийм байгаа юм. Бид зөв ойлголцох ёстой юм билээ. Тиймээс хэрэглэсэн хэмжээгээрээ нэмээд төлдөг схем рүү орж байгаа. Энэ нь дарамт, шахалт болохгүй. Цахилгаанаа илүү хэрэглэвэл илүү төлнө гэдэг нь зах зээл шударга зарчим. 20 жилийн өмнө Японд очиход тухайн айл халаалттай мөртлөө залгадаггүй. "Танай зочин хөдлөө" гэхээр хаалт залгахаар мөнгө их гардаг гээд зочин хөлдөх хамаагүй л байдаг байсан. Халуун усанд орох гэсэн чинь "Одоо яана аа манайд халуун ус байхгүй" гэж байсан юм. Тэгэхээр хэдүүлээ хэрэглэж байгаа хэрэглээг зөв болгож, хэмнэмээр байна. Би цагаан будаа байхгүй бол гурил иднэ. Яагаад ингээд хэтэрхий тансаг, үрэлгэн байдлыг өөгшүүлээд байдгийг ойлгохгүй юм. Юм идэхгүйгээр өлсөж үх гэж хэлээгүй л байна. Гэхдээ байгаа юмандаа зохицуулалт хийгээд идчих л дээ. Манай арвайн гурил гэж галзуу гоё юм байна шүү дээ. Та нар намайг гурилаа болиод арвайн гурил ид гэлээ гэж битгий тэгж хэтрүүлээрэй. Хамгийн гол нь олон сонголт байна. Хэдүүлээ хамтраад нийгмийн сэтгэл зүйг өөрчилмөөр байгаа юм. Ер нь яг ёс ярихын бол цахилгаан, усанд төлдөг мөнгийг гар утасныхаа төлбөртэй жишээд үзээрэй.
Дээр оюутнууд алах гэж байлаа. Яахаараа надад 60 гаруй мессеж ирдэг билээ гэсэн чинь "70 мянга өг" гээд оюутнууд явуулчихсан байсан. Тэр бол хайран мөнгө. Тэгчихээд ус гэхээр "Чи усныхаа үнийг нэмээд үзээрэй" гээд байх хэрэг байна уу.
-Эрүүл мэндийн салбарт хариуцлагагүй үйлдэл нэлээд гарах боллоо. Тэгэхээр Н.Удвал сайдыг Элчин сайдаар явуулаад Засгийн газрын бүтцийг өөрчлөх гэж байна гэсэн яриа бий. Та үүн дээр тайлбар өгөхгүй юү?
-Н.Удвал сайдыг маань бараг Элчин сайдаар явуулчихсан байлаа. Сүүлдээ эргэлзэж эхэлсэн. Ер нь эрүүл мэндийн салбарт асуудал байдагбайх. Гэхдээ түүнийг нь өсгөж бичээд, тэгээд Элчин сайдаар явуулаад байгаад цаана нь өөр юм явж байна даа.
-Р.Амаржаргалыг гишүүнээс чөлөөлөхийг татгалзаж байгаа гэдгийг АН-ын бүлгээр мэдэгдсэн. Та Р.Амаржаргал гишүүнтэй энэ талаар уулзсан уу. Амлалт өгсөн гэсэн зүйл яригдаж байна?
-Р.Амаржаргалд амлалт өгөөгүй. Тийм юм байхгүй. Манай намын дарга, Ерөнхий сайд хийж байсан хүн энэ байтугай зовлонг ойлгоно.
-УИХ-ын гишүүн М.Зоригт 2015 оноос буруу талдаа хүрдтэй машиныг импортоор оруулахгүй байх хуулийнтөсөл санаачилсан. Энэ боломжтой юу?
-Одоохондоо энэ асуудлыг Засгийн газар дэмжихгүй. Өнгөрсөн жил нийслэлээс бас ийм санал гараад дэмжигдээгүй.
-Хэнтий аймгийн төв Өндөрхаан сумыг Чингис хот болгочихсон.Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Би ч бас сайн ойлгохгүй байна. Хуулиа харах ёстой болов уу.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ