Г.Шийлэгдамба: Н.Энхбаяр, У.Хүрэлсүх нар уулзаагүй

МАХН-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар болон МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаас зарим зүйлийг тодрууллаа.

-МАХН Бага чуулганаар МАН-тай нэгдэх талаар яригдана гэсэн үнэн үү?


-МАХН-ын аравдугаар Бага чуулган энэ сарын 24-нд хуралдана. Бага чуулганаар 2013 оны намын үйл ажиллагааны тайлан, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон үр дүнгийн талаар хэлэлцэнэ. МАН-тай нэгдэх талаархи асуудлыг Бага чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөгүй.

-Бага чуулганд намын дарга Н.Энхбаяр оролцохгүй гэсэн. Их хуралдаа оролцох болов уу?

-МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал анхны байдлаа бодвол харьцангуй сайн байгаа. Эмчилгээгээ үргэлжлүүлж, цаашид нарийн шинжилгээ өгөх шаардлагатай. Эмчилгээ нь үр дүнтэй сайн хийгдэж байгаа. Тиймээс энэ удаагийн чуулганд Н.Энхбаяр дарга оролцох боломжгүй. Харин эрүүл мэндийн байдлаас нь шалтгаалан ирэх оны эхээр болох Их хуралд оролцох эсэхээ шийдэх байх.

-Бага хурлаар намын даргын асуудлыг ярилцах уу?

-Намын даргын асуудлыг намын Их чуулганаар хэлэлцдэг. МАХН-ын даргыг өөрчлөх талаар яригдаагүй. Гишүүдээс ч хүсэлт, өргөдөл, ил захидал ирээгүй.Дүүргүүдийн намууд хуралдаж, дүүргийн намын дарга нарыг өөрчлөх асуудал хууль дүрмийн дагуу хийгдсэн.

-МАХН-ын дарга Н.Энхбаяр БНСУ-д МАН-ын гишүүн У.Хүрэлсүхтэй уулзсан гэсэн үнэн үү?

-Уулзаагүй. Тийм асуудал ерөөсөө байхгүй.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ