Хархны жим нууц ажиллагаа-22
ОДЕССА
Андын нурууны бэлд орших Науэль-Уапи нуур болон түүний эрэг дагуу байрлах Сан-Карлос-де-Барилоче гэдэг жижиг хотын дүрслэлийг хийхээс өмнө тэр үеийн Аргентин улсын байр байдлыг эргээд нэг саная. Үүнийг мэдвэл та Барилочед нацистууд яагаад орогнох болсныг ойлгож магадгүй юм.
{!!!left!!!}Аргентины судлаач Уки Гоньи зургаан жилийн туршид 200 гаруй хүнээс ярилцлага авсан байдаг. Тэдгээр ярилцлагууд нацистуудын хэлхсэн гүрэн дамжсан аалзны торыг ил болгодог билээ.
Энэ сүлжээг хэрж байсан гол хүмүүс нь Германы нацистуудаас гадна Францын вишистүүд, Бельгийн рексистүүд, Хорватын усташи болон Латин Америкийн зарим нэг улс орнуудын католик шашны хамба ламууд билээ. Үүнийг Гоньи баталж чадсан юм. Энэхүү фашистын интернационал Хуан Доминго Пероны бодлогод хүчтэй нөлөөлөл үзүүлж байсан тул түүний өгсөн даалгавруудыг Эва Перон биечлэн гүйцэтгэхэд хүрч байжээ.
Нэгэн нийтлэлдээ Гоньи 1947 онд Аргентины Тэргүүн хатагтайн Европ тивд хийсэн айлчлалын тухай дурссан аж. Айлчлал өндөр хэмжээнд болж өнгөрөв. Гоо үзэсгэлэн, дур булаам байдал, чөлөөтэй харьцаагаараа Эвита багагүй шуугиан дэгдээсэн юм.
Дайны үнс нурам, зовлон шаналал, нулимс болон цуснаас ангижирч амжаагүй байсан хуучин ертөнц мөнхийн инээмсэглэл тодруулах Эвитаг хараад уулга алджээ. Энэ айлчлалын гол зорилгын тухай сүүлийн үед ил болоод буй Швейцарийн архивын баримт бичгүүдтэй ажилласан Германы сэтгүүлч Георг Ходель өгүүлсэн юм.
Айлчлалаа Эвита Испаниас эхлүүлжээ. Тэрээр дарангуйлагч генералиссимус Франсиско Франкод албан ёсоор бараалхсан аж. Мөн тэрээр Скорценигийн албатуудтай нууцаар уулзалдсан байна. Франкогийн харшид тэд улс төр, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааныхаа талаар ярилцжээ. Мадрид хотын нэгэн нууцлаг харшид түүнийг хүлээж авсан бөгөөд мөнгө, нууц холбоо болон “бараа”-г хэрхэн Европоос Аргентин руу хүргэх арга замуудын тухай ярьсан аж.
Ватиканд очоод Эвита Ромын хамба лам XII Пийн бэлзгийг үнсэх эрхээр шагнагдсан нь түүнийг шууд л ойр дотны хүрээлэлд багтахад хүргэсэн юм. Мэдээж хэрэг, тэр улаантнуудын элдэв гай зовлонгийн эсрэг байр суурьтай байдаг хамба ламтай “хархны жим”-ийн талаар ярьсангүй.
Тэр үед хамба ламаас гадна олон хүн Ватиканд нацистуудыг аврах ажиллагааны талаар яриа дэлгэхэд бэлэн байлаа. 1947 оны тавдугаар сараар тэмдэглэн үлдээсэн АНУ-ын Төрийн департаментын нууц илтгэлд тэр үеийн Ватиканыг ийн тодорхойлжээ. “Ватикан гол төлөв нацистуудыг оролцуулсан цагаач нарыг хууль бусаар тараан байршуулах бүтэц болжээ” гэж тэрхүү илтгэлд бичив.
Дараа нь тэргүүн хатагтай Италийн Ривьерад Рапалло хотод Альберто Додерогийн эдлэнд зочилсон юм. Үлэмж саятан Додеро Аргентины паспорттай нэгэн байснаас гадна зорчигч болон ачаа тээвэрлэх олон тооны хөлөг онгоцтой байжээ. Тэдгээр хөлөг онгоцнуудын агуулахад буй ачаа гаалийн мэдүүлэгт бичсэнээс тэс өөр байх нь энүүхэнд байсан аж.
Жишээ нь, 1947 оны зургаадугаар сарын 19-нд Эва Пероныг Европоор ид айлчилж байх үеэр түүний нэг хөлөг онгоц Буэнос-Айрес хотын алслагдсан усан боомтод Германы хэдэн зуун цагаачийг буулгаж байсан юм. Дараагийн хэдэн жилийн хугацаанд Додерогийн хөлөг онгоцууд Аргентин улсад дайны үеэр үйлдсэн гэмт хэргүүдийнхээ шийтгэлийг амсахаас зугтааж байсан олон мянган герман, итали, хорват хүнийг хүргэжээ.
1947 оны наймдугаар сард Эвита Женев хотод очин “хархны жим”-ээр хүн тээвэрлэх ажлыг зохион байгуулахад оролцдог хүмүүстэй хэд хэдэн уулзалт, зөвлөгөөн хийсэн аж. Тэнд юун түрүүнд мөнгөний талаар яриа өрнөж байв. Хуан Доминго Перон болон түүний эхнэр хэзээ ч буяны үйл ажиллагаа явуулаагүй юм.
Тэд үүнийгээ хөрөнгө мөнгөөр үнэлүүлсэн нь ойлгомжтой. Одесса байгууллага аврагдсан хүн болгоныхоо төлөө мөнгө төлж байлаа. Дайны он жилүүдийн үеэр Герман улс Аргентин рүү их хэмжээний валют болон олон зуун килограмм алт илгээж байсан билээ. Мэдээж хэрэг, энэ бүгд Швейцарийн банкуудаар дамжиж байсан нь тодорхой юм.
Тэд л бусдын нууцыг чандлан хадгалдгаараа зартай улс. Дэлхийн II дайны үед Швейцарийн Төв банк болон арилжааны нэлээн хэдэн банкууд Аргентин улсад данс нээлгэсэн байжээ. Энэ нь ихээхэн сэжиг төрүүлж байгаа аж.
Эдгээр данснуудад байрлаж байсан мөнгөний нэлээдгүй хэсэг нь Эва болон Хуан Доминго нарын халаасанд орж байв. Мөн түшмэдэд өгөх авлига, нэмж ирж буй европчуудын суурьшилтад уг мөнгө зарцуулагдаж байжээ. Зарим нэг судлаачид Перон Германы бохир мөнгөний туслалцаатайгаар 1946 болон 1951 онуудын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан гэж үздэг билээ.
Тэр ард түмний хайртай Ерөнхийлөгч байсан тул өөрийнхөө халаасыг зузаалаад зогсохгүй ард нийтийнхээ талаар ч анхаарал тавьсан юм. Дүрвэгсдийн дотроос эрдэмтэд, нарийн мэргэжлийн инженерүүд, өндөр зэрэглэл бүхий эмч нар гээд олон чухал хүмүүсийг шүүж аваад Аргентинд байнга оршин суух эрхийг төвөггүй олгодог байна.
Аргентины анхны сөнөөгч онгоц Pulqui-г л гэхэд онгоцны зохион бүтээгч Курт Танкийн товчоонд бүтээсэн юм. Тэгвэл энэ эрдэмтэн өмнө нь Германы “Фокке-Вульф” үйлдвэрт инженер-зохион бүтээгчээр ажиллаж байсан аж.
Швейцарь дахь Аргентины Элчин сайд Бенито Льямби тэргүүн хатагтай Эвитагийн удирдамжаар нэг ёсны нууц албыг байгуулсан нь “хархны жим”-ээр зүтгэж байсан хүмүүсээс ашиг тусаа өгөх чадвартай тийм хүнийг олж илрүүлэх зорилготой байсан юм. Ийм нэг нууц цагаачлалын алба Берн хотын цагдаагийн газрын мэдээллээр бол Швейцарийн нийслэлийн яг төвд буюу Марктгассе, 49 хаягт байрлаж байжээ.
Тэнд Аргентины иргэн болсон СС-ийн офицер Карлос Фюлднер, Герберт Хелфферик нар болон доктор Георг Вайс нар ажиллаж байсан аж. Женев болон Берн дэх ажлаа зохицуулаад Эвита дэлхийн хамгийн алдартай амралтын газруудын нэг болох Сент-Мориц руу явсан байна.
“Одесса” нэртэй аалзны тор ийнхүү үйл ажиллагаа нь баталгаажсан юм. Эвита гуравдагч хүмүүсийн туслалцаатайгаар Голландын агаарын тээврийн КLM компанийн нисэх онгоцуудыг зорилгодоо ашиглах болжээ. Энэ бүхнийг мөнгөөр шийдэж байв. Германы цэргийн гэмт хэрэгтнүүд тус улсын хилээр гарах зөвшөөрөл авахын тулд Швейцарийн түшмэдүүдэд 200 мянган франкийн хахууль өгч байсан нь ойролцоогоор 50 мянган доллартай тэнцэж байлаа. Энэ бол дэндүү их мөнгө юм. Энэ мөнгөөр нуурын эрэг дээрх томоохон байшинг худалдан авч болох байв.
ДӨРӨВДҮГЭЭР РЕЙХИЙН САЙД НАР
Энэхүү аалзны торны Аргентины хэсгийг Родольфо Фрейде гэдэг хүн хариуцан ажиллаж байлаа. Энэ хүн Хуан Доминго Пероны хувийн нарийн бичгийн дарга байснаас гадна Эвитагийн найз байсан юм. Родольфогийн аав Людвиг Фрейде Буэнос-Айрес хот дахь Германы Трансатлантын банкийг тэргүүлж байснаас гадна Аргентин дахь герман суурьшигчдыг толгойлж байсан аж. Людвиг Гитлер болон Мартин Борманы итгэлт санхүүгийн түнш байсан бөгөөд дайны сүүлээр Германаас гадагшилсан олон арван сая рейхсмаркийг банкиндаа байршуулжээ.
Фрейдегийн гэр бүл Сицилийн мафийн хувилбарыг санагдуулж байсан юм. Тэд “гэр бүл” гэсэн ойлголтыг нэвтрүүлсэн бөгөөд үүнийгээ чандлан баримталдаг байв. Аав, хүү хоёр дэндүү ухаантай байсан тул төр, засгийн удирдлагад орохыг хүсээгүй гэдэг. Хүн бүр өөрийнхөө оногдсон ажлыг хийж байсан бөгөөд хүү нь Германаас ирж байгаа нацистуудын асуудлыг зохицуулж, харин аав нь хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэж байлаа.
БАРИЛОЧЕГИЙН НУУЦ
Уулсын дунд орших томоохон нуурын эрэг дээр нарсан ойн дунд байрлах Сан-Карлос-де-Барилоче бол Аргентины германчуудын албан бус нийслэл байсан билээ. Энд бүх зүйл Герман, Австрийг санагдуулна. Зөвхөн хүмүүс нь ч бус цэвэрхэн гудамжууд, барилга байшингууд энд бий.
Эндхийн оршуулгын газар мөн л цэвэр цэмцгэрээрээ гайхагддаг. Нацистууд энд олноороо нойрсчээ. Шарилан дээрх хөшөөнүүд дээр герман шрифтээр эздийнх нь цол, гуншинг сийлсэн байх. Энэ хотыг XIX зууны сүүлээр Германы анхны суурьшигчид байгуулжээ. Тэд ХХ зууны эхээр эндхийн газрыг худалдан авч хотоо барьж эхэлснээс гадна нуурын эрэг дагуу газар тариалан эрхэлж, адуу малаа хариулах болсон гэдэг.
Ингээд өнгөрсөн зууны 30 он гэхэд энэ хавийн нутаг германчуудын мэдэлд орсон байв. Ингэж улс доторх улс бий болсон түүхтэй. Тэр үед “Лахузен ба Ко” нэртэй пүүс энд хамгийн их газрыг эзэмшиж байжээ. Бремен хотын уугуул ах, дүү Дитрих, Кристель Лахузенууд тэр үед Аргентины хамгийн чинээлэг арван хүний тоонд багтаж байсан юм.
Тэдний тэргүүлсэн Патагони дахь эзэнт гүрэн хонь үржүүлгийн олон тооны фермтэй байсан бөгөөд ноос, нэхийг нь Европ руу экспортлодог байв. Тэд мөн худалдааны сүлжээ байгуулсан нь олон тооны дэлгүүр, мухлаг, цайны газар, зоогийн газруудыг багтааж байлаа. Аргентины өмнөд хэсэг бүхэлдээ тэдний бизнесийн сүлжээгээр хэрэгдсэн юм. Патагонийн тал нутгийн 100 мянган га газрыг ах, дүү Лахузен эзэмшиж байв. Үржил шимтэй энэ газар ийнхүү германчуудын мэдэлд оржээ.
1951 онд Аргентины цөмийн хөтөлбөрийг удирдан зохион байгуулж байсан Австрийн эрдэмтэн Рональд Рихтерын хяналтан дор ах, дүү Лахузены эзэмшдэг Уэмуль арал дээр Латин Америк дахь анхны цөмийн удирдлагат урвал явагдсан билээ. Өөрөөр хэлбэл, ах, дүү хоёр өөрийн газар дээр шаардлагатай аюулгүй байдал болон нууцлалыг хангах чадвартай байв. Ах, дүү хоёрыг 1939 онд Германы тагнуулын албатай холбоотой ажилладаг хэмээн буруутгасан хэдий ч тэд шүүхээр орж ял сонсоогүй аж.
Ах, дүү хоёрын эзэмшил газар дээр нэгэн нууцлаг эдлэн газар байдаг байв. Тийшээгээ эндхийн цорын ганц төмөр зам очдог байсан бөгөөд нисэх онгоц хөөрч, буух зурвас байсан билээ. Энэ нууцлаг эдлэн газрын хамтран эзэмшигч нь Германы Шаумбург-Липпе гүнлиг байсан юм. Тэндэхийн гүн 1930-аад оны сүүл, 1940-өөд онуудад Аргентин дахь Германы Элчин сайдын яаманд зөвлөхөөр ажиллаж байжээ. Гүн Штефан Шаумбург-Липпе 1946 оны есдүгээр сард Аргентин дахь нацистуудын үйл ажиллагааг мөрдөн шалгах хороонд дуудагдан мэдүүлэг өгч байсан аж. Дээрх эдлэн газрын нэрийг Сан-Рамон гэх агаад тэндхийн хамаг ажил хэргийг Родольфо Фрейде зохицуулж байсан юм.
ГИТЛЕР АРГЕНТИНД ОЧСОН УУ?
Гитлер нацистын бусад гэмт хэрэгтнүүдтэй хамт Латин Америкт зугтаж очсон гэх таамаглал аль эртнээс бий болсон. Гэхдээ энэ нь уран зөгнөлт ч юм уу хий хоосон зохиолын шинжтэй байсан юм. 1998 оны зургаадугаар сард АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Гитлертэй хамаатай болон түүний хувь заяаны талаарх нууц баримт бичгүүдийг дэлгэсэн билээ.
Тэдгээр нь “Маш нууц” зэрэглэлд багтан 50 жилийн хугацаанд архивт хэвтсэн 745 хуудас бүхий баримт бичгүүд аж. Мэдээж, энэ бүх бичиг баримт онц сонирхолтой биш гэдэг нь тодорхой. Гэхдээ л алтны судал дотор хэдэн мянган тонн хөрс шороон дунд шижир алт тааралдах нь дамжиггүй юм.
Тэр дотор Холбооны мөрдөх товчооны захирал Жон Эдгар Гуверын нэр дээр хаягласан хэд хэдэн илтгэх хуудас байдаг билээ. 1945 оны наймдугаар сарын 14-нд гэсэн нэг илтгэх хуудаст Гитлер болон түүнийг дагалдаж яваа хүмүүс шумбагч хоёр онгоцноос буун Патагонийн зэлүүд эрэг дээр хөл тавьж, баруун зүгийг зориод Андын нурууг чиглэсэн хүнд аялал хийснийг дэлгэрэнгүй бичжээ.
Тэр өдрөөс хойш долоон өдрийн дараа өөр нэг тагнуулч Гитлерыг хамт яваа хүмүүсийн хамтаар уулын бэлд байх нэгэн эдлэн газарт очиж суурьшсаныг илтгэв. Буэнос-Айрес дахь АНУ-ын Стратегийн албаны газрын ажилтан генерал Ладдын бичсэн илтгэлд Гитлер ялагдвал гагцхүү Аргентин улсад орогнолоо хайх болно гэдгийг өгүүлсэн байна. Гитлер агаараар юм уу шумбагч онгоцоор тэнд очих хоёрхон хувилбар байгааг генерал онцолжээ.
Гитлерын оргон зайлах сэдэв урт удаан хугацааны туршид Америкийн тусгай албадын толгойг гашилгаж байсан юм. Ямар ч байсан дайн ялалтаар өндөрлөөд 10 жил өнгөрсөн ч энэ сэдэв хуучраагүй билээ. АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Аллен Даллес Холбооны мөрдөх товчоонд илгээсэн нэгэн шаардах захидалдаа 1950 онд Буэнос-Айрес хотод Гитлертэй тааралдсан гэх гэрчийн талаар мэдээлэл олж өгөхийг шаардсан байдаг. Энэ хуудас 1955 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр бичигджээ.
1998 онд ил болсон баримт бичгүүд хэд хэдэн нарийн судалгаа явуулах шаардлагатайг тодотгож өгсөн билээ. Судлаачид уг баримт бичгүүдийг нарийвчлан судласан юм. Тэд Гитлерыг Аргентины нутаг дэвсгэр дээр байхыг нь харсан гэх гэрчүүдийн ул мөрийг олсон байна. Түүний очиж байсан газрууд болон явж байсан замуудыг нь тогтоожээ.
Энэ сэдвийг гүнзгийрүүлэн судласан хүн бол Аргентины сэтгүүлч Абель Басти аж. Тэрбээр энэ талаар хоёр ч ном бичжээ. Нэгийг нь Барилоче дахь нацистуудын тухай, нөгөөг нь Аргентинд очсон Гитлерын тухай туурвисан байна. Сүүлийн номондоо Басти Холбооны мөрдөх товчооны архивт хадгалагдаж байсан баримт бичгүүд болон өөрийн олж тогтоосон үйл явдлууд, ярилцлагуудад тулгуурлан 1945 оны дөрөвдүгээр сарын сүүлээр Гитлерын Берлин хотоос зугтаасан үйл явцыг нөхөн сэргээсэн аж.
Ингээд 1964 онд түүнийг Аргентинд нас барах хүртэлх амьдралынх нь нарийн ширийнийг дүрслэв. Гитлер болон түүний ойрын хүрээний хүмүүсийг тулалдаан болж байсан Германы нийслэл хотоос гаргах “Сераль” ажиллагааны талаар тэр ингэж өгүүлжээ.
1945 оны дөрөвдүгээр сарын 30-ны 16 цаг 30 минутад буюу Гитлер амиа хорлосон гэх хугацаанаас нэг цагийн дараа түүнийг “Юнкерс-52” хувийн нисэх онгоцных нь дэргэд харсан аж.
Энэ өдрөөс таван хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 25-нд рейхийн барилгын дор байрлах фюрерын нуувчин дотор Гитлерыг нүүлгэн шилжүүлэх тухай нууц зөвлөгөөн хийгджээ. Тэр хуралдаанд Германы нэрт нисгэгч эмэгтэй Ханна Райч, Ханс Ульрих Рудель болон их удирдагчийн хувийн нисгэгч Ханс Баур нар оролцсон байна.
Хоёр хоногийн дараа Берлин хотод “Шторх” загварын таван нисэх онгоц нисч очсон бол дөрөвдүгээр сарын 28-ны өдөр “Юнкерс-52” нисэх онгоц газарджээ. Үүнийг холбоотнуудын тагнуулын албад албан ёсоор баталсан билээ. Нэг хоногийн дараа Берлин хотын тэнгэрт фашистын Германы Агаарын цэргийн хүчин Люфтваффегийн бүх үлдэгдэл болох 100 гаруй Ме-262 загварын сөнөөгч онгоцнуудыг хөөргөсөн байна.
Тэд нисгэгч Ханна Райчийн залж явсан нисэх онгоцыг халхалсан бөгөөд тэрхүү нисэх онгоц Зөвлөлтийн цэргийн зенитийн төхөөрөмжүүдийг амжилттай нэвтрэн Берлин хотоос гарсан юм. Тэгэхэд Райч бүсгүй туршилтын нислэг үйлдсэн билээ.
Маргааш өдөр нь яг энэ арга замаар Берлин хотыг Адольф Гитлер болон түүний хүрээлэл орхин гарчээ. Тэднийг эхлээд Испанид хүргэсэн аж. Тэндээсээ зуны сүүлээр Гитлер шумбагч онгоц хөлөглөн Ева Браун, Мюллер, Борман нарын хамтаар Аргентиныг зорьжээ.
Цааш нь Басти номондоо Аргентины Рио-Негро мужид байрлах Калета-де-лос-Лорос нэртэй жижигхэн боомт руу хас тэмдэг бүхий гурван шумбагч онгоц ирсэн тухай өгүүлэв. Зохиогчийн хэлснээр бол эдгээр шумбагч онгоцнуудыг нуун далдлах үүднээс живүүлсэн аж. Үнэхээр л шумбагч багийн ажилтнууд хожим нь Бастигийн заасан газарт судалгаа хийгээд элс болон шавран бүрхүүл бүхий үлэмж хэмжээтэй гурван төмөр эд зүйлийг живүүлснийг илрүүлсэн байна.
Аргентин улс 1945 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Германд албан ёсоор дайн зарласан ч гэлээ тус улсын жижиг боомтуудад Германы шумбагч онгоцнууд орж ирдэг байсан нь тийм ч гайхмаар зүйл биш юм. Тэдгээрийг ердөө л анзаараагүй дүр эсгэдэг байжээ. Аргентины батлан хамгалаах байгууллагын баримт бичгүүдэд дурдсанаар Германы шумбагч онгоцнууд дайн дууссаны дараагаар ч Аргентины эрэг орчимд үзэгддэг байсан гэнэ.
Жишээлбэл, U-977 дугаартай шумбагч онгоц 1945 оны наймдугаар сарын 17-ны өдөр Аргентины эрэг орчимд гарч иржээ. Уг шумбагч онгоцны дарга Хайнц Шеффер Гуравдугаар рейхийн алт болон бусад үнэт зүйлийг тээвэрлэж явсан хэмээгддэг юм.
Бастигийн таамаглалаар бол Гитлер, Ева Браун нар тэдэнд тусгайлан тохижуулж бэлдсэн Сан-Рамон эдлэн газарт нэлээд удаан хугацааны туршид амьдарчээ. Родольфо Фрейде өөрийн биеэр энэ эдлэн газрыг анхаарч, үйл ажиллагааг нь удирдаж байсан нь ийм учиртай юм. Гитлер мөн Ла Фальда сууринд очиж Эйкхгорны гэр бүлийн эдлэнд зочилж байсан гэдэг.
Германы колоничлогч энэ гэр бүл Гитлерын талыг баримтлагсад байснаас гадна рейхийн удирдлагатай байнгын харилцаа холбоотой байж иржээ.
Тийм учраас АНУ-ын Холбооны мөрдөх товчоо тэдний цэцэрлэгчээр өөрийн туршуулыг ажиллуулсан юм. Тэр туршуул нь төв рүүгээ тогтмол илтгэл бичиж илгээдэг байсан бөгөөд өндөр хэмжээний зочин хүлээж авахад бэлтгэж байгаа талаар түүндээ мэдээлжээ.
Басти номондоо мөн 1956 онд генерал Зейдлицийн бичсэн захидлыг дурдсан байна. Түүндээ тэрбээр Аргентинд амьдардаг Хорватын усташи нарын тэргүүн Анте Павеличийн Гитлертэй хийх уулзалт дээр байлцах бодолтой байгаагаа өгүүлсэн юм. Судлаач эр АНУ болон Их Британийн тусгай албад Гитлер болон нацистын бусад өндөр албан тушаалтнууд Аргентин болон Латин Америкийн бусад улс, орнуудад байсан талаар мэдэж байсныг бичжээ.
Тэд үүнийг мэдэж байсан ч чимээгүй байхыг илүүд үзсэн гэж Басти нэгэн ярилцлагадаа мэдэгдсэн аж. Бастигийн өгүүлснээр бол Латин Америкт 100 мянга гаруй нацистууд очиж орогносон бөгөөд тэдний үсрээд л тал нь баригдаж шүүхээр шийтгүүлсэн гэнэ. Нацистын Германы дайны сүүлээр гадагш гаргасан олзны түүх, соёлын үнэт зүйлсийн нийт үнэлгээ 100 тэрбум доллараар үнэлэгддэг билээ. Орчин үеийн мөнгөөр шүү дээ.
Гэвч гадагш гаргасан үнэт зүйлсийн бодит үнэ ханш үүнээс ч илүү юм. Германаас оргон зайлсан бүх цэргийн гэмт хэрэгтнүүдийг барьж авсан ч тэдний нуусан мөнгө, үнэт зүйлс ор мөргүй алга болно. Энэ нь ашиг тусгүйгээс гадна ихээхэн хор хохирол дагуулна. Тиймээс АНУ болон Их Британийн томоохон улс төрчид ийм бодолд автаад цэргийн гэмт хэрэгтнүүдийг толгой дараалан мөрдөж мөшгөөгүй бололтой.
Тэд мөн Латин Америк дахь Германы цагаачдыг ЗХУ-ын эсрэг хөдөлгөх том хүч хэмээн үзэж байсан юм. Үүнийг саяхан бичсэн номондоо Английн түүхч Саймон Данстен, Жерард Уильямс нар өгүүлжээ.
Гитлер, Ева Браун нар бүслэгдсэн Берлин хотоос дайжаад Аргентинд очиж уулын бэлд орших нэгэн нууцлаг эдлэн газарт амар тайван амьдарч байсан тухай тэд номондоо бичсэн байна. Гитлерыг Латин Америк руу хүргэх бүх ажиллагааг Америкийн тусгай албад мэдэж, зарим талаар дэмжлэг үзүүлж байсныг Английн эрдэмтэд онцолжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ